Ионатан учирлан гуйв

19 1 Саул өөрийн хөвгүүн Ионатан хийгээд бүх зарцынхаа өмнө Давидыг алах тухайгааa ярив. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ. 2 Тиймд Ионатан, Давидад
—Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Маргааш өглөө болгоомжтой байж, далд газар нуугдахыг гуйж байна. 3 Би гадагш гарч, чиний нуугдаж байгаа талбайд эцгийнхээ дэргэд зогсон чиний тухай эцэгтэйгээ ярина. Хэрвээ би ямар нэг юм мэдэх бол чамд дуулгая гэжээ. 4 Дараа нь Ионатан, эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж
—Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй шүү дээ. Мөн түүний үйлдсэн зүйлс нь танд маш их ашиг авчирсан тул хаантан та боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэг. 5 Учир нь тэрээр амиа үл хайрлан филист хүнийг цохиж устгасан. Ийнхүү ЭЗЭН бүх Израилд агуу их авралыг хайрлаж, бас та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусыг урсган түүний эсрэг нүгэл үйлдэх гээд байгаа юм бэ? гэв. 6 Ионатаны хэлэхийг Саул сонсоод, тангараглан
—ЭЗЭН амьд! Тэр бүү алагдаг гэж хэлэв. 7 Тэгээд Ионатан Давидыг дуудан эдгээр бүх үгийг түүнд дуулгав. Ионатан Давидыг Саул руу дагуулан очсонд, Давид урьдын адил Саулд үйлчлэв.

Михал Давидыг зугтахад нь туслав

8 Дайн дахин эхлэхэд Давид явж филистчүүдтэй тулалдан тэднийг цохиж үй олноор нь хядсанд тэд Давидаас зугтав. 9 Нэгэн удаа Саул өөрийн гэрт гартаа жад барин сууж, Давид Саулын дэргэд босоо ятга тоглож байтал ЭЗЭНээс ирсэн муу сүнс Саулыг дайрлаа. 10 Саул жадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас бултсанд Саулын жад хананд зоогдов. Тэгээд Давид тэр шөнөдөө оргон зайллаа.
11 Дараа нь Саул Давидын гэр лүү элч нарыг илгээн түүнийг мануулж, өглөө болохоор түүнийг алах гэв. Гэтэл Давидын эхнэр Михал Давидад
—Өнөө шөнө чи амиа аврахгүй бол маргааш алуулна гэжээ.* 12 Ийнхүү Михал түүнийг цонхоор буулгасанд тэрээр гадагш гараад оргон зугтав. 13 Михал гэрийн шүтээнийг авч түүнийг орон дээр тавиад толгой дээр нь хэдэн ямааны үс тавин түүнийг хувцсаараа бүтээжээ. 14 Давидыг барьж авчруулахаар Саул элч нарыг илгээсэнд Михал
—Тэр өвчтэй гэж хэлэв. 15 Тэгэхэд Саул, Давидтай уулзах элч нарыг дахин илгээхдээ тэдэнд
—Түүнийг ор дэвсгэртэй нь надад авчрагтун. Би түүнийг ална гэжээ. 16 Элч нарыг ортол, үзэгтүн, толгой хэсэгтээ ямааны үстэй гэрийн шүтээн орон дээр нь байв. 17 Саул Михалд
—Юунд чи намайг ингэж хуурч, миний өстөн дайсныг оргуулан, надаас түүнийг зугтаалгав? гэхэд Михал Саулд
—Тэр “Намайг явуул, үгүй бол би чамайг ална” гэж надад хэлсэн гэжээ.

Давид Самуелтай Рамад нэгдэв

18 Давид оргон зугтааж, Рама руу Самуел дээр ирээд өөрт нь Саулын үйлдсэн бүгдийг Самуелд хэлэв. Тэрээр Самуелтай хамт Наиотод очиж суулаа. 19 Саулд
—Давид Рамагийн Наиотод байна гэж мэдэгдэв. 20 Тэгээд Саул Давидыг барьж авчруулахаар элч нарыг илгээжээ. Гэвч хэсэг эш үзүүлэгч эш үзүүлэн Самуел тэднийг удирдаж байхыг элч нар харах үед Бурханы Сүнс Саулын элч нар дээр бас ирж тэд мөн эш үзүүлэв. 21 Саулд энэ тухай мэдэгдсэнд тэр өөр элч нарыг илгээсэн бөгөөд тэд ч мөн эш үзүүлэв. Ийнхүү Саул гурав дахь удаагаа элч нарыг илгээсэнд тэд ч мөн эш үзүүлэв. 22 Тэгээд Саул өөрөө Рама руу явж, Сехуд байдаг нэгэн том усан сан болох худаг дээр иржээ.
—Самуел, Давид нар хаана байна? гэж Саулыг асуусанд нэг хүн
—Харагтун, тэд Рамагийн Наиотод байна гэж хэлэв. 23 Саул тэндээс Рамагийн Наиот руу явсан ба түүнд Бурханы Сүнс ирж, тэрээр Рамагийн Наиотод очих хүртлээ эш үзүүлсээр явав. 24 Мөн тэрээр дээлээ тайлж, өдөржин шөнөжин Самуелын өмнө нүцгэнээрээ сунан хэвтэж эш үзүүлэв. Тиймээс хүмүүс
—Саул ч бас эш үзүүлэгч юм уу? гэцгээжээ.*


  • a19:1 эсвэл алах төлөвлөгөөгөө
  • 19:11 Дуу 59 (гарчиг)
  • 19:24 1См 10:11–12