7 1 Кириат-Иеаримын хүмүүс ирээд, ЭЗЭНий авдрыг өргөн авч, толгод дээр байдаг Абинадабын гэрт авчран ЭЗЭНий авдрыг хамгаалуулахаар түүний хүү Елеазарыг ариусгасан билээ.*
2 Авдар Кириат-Иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилын бүх гэр ЭЗЭНий араас санагалзан уйлалдлаа.

Шүүгч Самуел

3 Тэр үед Самуел Израилын бүх гэртэй ярин
—Хэрэв та нар бүх зүрхээрээ ЭЗЭНд эргэн хандаж байгаа бол та нар харийн бурхад болон Ашторэтыг дундаасаа зайлуул! Зүрхээ ЭЗЭНд зориулж, зөвхөн Түүнд л үйлчил! ЭЗЭН та нарыг филистчүүдийн гараас аврах болно гэв. 4 Тийнхүү Израилын хөвгүүд Баалууд болон Ашторэтыг зайлуулан зөвхөн ЭЗЭНд үйлчлэв.
5 Тэгэхэд Самуел
—Бүх Израилыг Мизпад цуглуулагтун! Би та нарын төлөө ЭЗЭНд залбирна гэв. 6 Тэд Мизпад цугларч, ус татаж, ЭЗЭНий өмнө асган тэр өдөр мацаг барьж
—Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн билээ гэв. Самуел Мизпад Израилын хөвгүүдийг шүүв. 7 Израилын хөвгүүдийн Мизпад цугласан тухай филистчүүд сонсоод, филистчүүдийн ноёд Израилын эсрэг хөдлөв. Израилын хөвгүүд үүнийг сонсоод, филистчүүдээс айв. 8 Израилын хөвгүүд Самуелд
—Бидний төлөө ЭЗЭН Бурханд хашхирахаа бүү зогсоогооч, биднийг филистчүүдийн гараас Тэр аврахын төлөө залбираач гэв.
9 Тэгээд Самуел нэг хөхүүл хурга авч, бүхлээр нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөв. Самуел Израилын төлөө ЭЗЭНд хашхирахад ЭЗЭН түүнд хариулав. 10 Самуелыг шатаалт тахил өргөж байх үед филистчүүд Израилтай тулалдахаар ойртон ирэв. Харин ЭЗЭН тэр өдөр филистчүүдийн дээрээс ниргэх мэт хүчит аянга буулгаж тэднийг айлган цочоосонд тэд Израилын өмнө бут цохигдов. 11 Израилын эрчүүд Мизпагаас гарч филистчүүдийг мөшгөн хөөсөөр Бет-Карын бэл хүртэл тэднийг цохив.
12 Тэгээд Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын хооронд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн дуудаж
—ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ. 13 Ийнхүү филистчүүд номхорч, Израилын нутаг дэвсгэрт дахин халдаж ирсэнгүй. Самуелын бүх өдрүүдэд ЭЗЭНий мутар филистчүүдийн эсрэг байв. 14 Филистчүүдийн Израилаас булааж авсан Екроноос Гат хүртэлх хотуудыг Израил эргүүлэн авав. Израил филистчүүдийн гараас тэр нутаг дэвсгэрээ чөлөөллөө. Тийнхүү Израил болон аморичуудын хооронд энх тайван оршив.
15 Самуел насан туршдаа Израилыг захирчээ. 16 Тэрээр жилийн жилд Бетел, Гилгал, Мизпагаар тойрон явж, эдгээр бүх газруудад Израилыг шүүдэг байв. 17 Рамад гэр нь байсан тул тэрээр Рама руу буцдаг байсан ба тэрээр тэнд Израилыг шүүдэг байв. Тэр мөн тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгожээ.


  • 7:1 2См 6:2–4; 1Шс 13:5–7