29 1 Тэр үед филистчүүд Израилын эсрэг тулалдахаар цэргүүдээ цуглуулав. Ахиш, Давидад
—Чи болон чиний хүмүүс надтай хамт тулалдаанд явна гэдгээ сайтар мэдэгтүн! гэж хэлэв. 2 Давид, Ахишт
—Их сайн байна. Таны боол юу хийж чадахыг та мэдэх болно гэлээ. Тэгэхэд Ахиш, Давидад
—Сайн байна. Би чамайг бүх насаар чинь өөрийн бие хамгаалагчаар томиллоо гэв.
Сүнс дуудагч дээр Саул очив
3 Самуел өөд болсонд бүх Израил даяар түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад хөдөөлүүлэв. Саул сүнс дуудагчид ба мэргэч төлгөч нарыг өөрийн нутгаас хөөжээ.* 4 Филистчүүд цуглан ирж, Шунемд хуарагнасанд Саул бүх Израилыг цуглуулан Гилбоад хуарагнан буулаа. 5 Филистчүүдийн хуаранг Саул үзээд ихэд айж зүрх нь үлэмж цочирдов. 6 Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй.* 7 Тэгэхэд Саул зарц нартаа
—Надад сүнс дуудагч эмийг эрж ологтун. Би очиж тэр эмээс юм асууя гэв. Зарц нар нь Саулд
—Ен-Дорт нэгэн тийм эм бий гэлээ.
8 Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан тэр эм дээр шөнөөр очив. Тэр
—Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв. 9 Гэтэл тэр эм түүнд
—Саул энэ нутгаас сүнс дуудагчид ба мэргэч төлгөч нарыг устгажa юу хийснийг чи мэднэ. Тийн атал чи юунд миний аминд урхи тавьж, намайг үхүүлэх гэв? гэж хэлэв. 10 Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан
—ЭЗЭН амьд! Үүнээс болж чамд ямар ч шийтгэл ногдохгүй гэлээ. 11 Тэгэхэд тэр эм
—Би хэнийг дуудаж өгөх вэ? гэсэнд Саул
—Надад Самуелыг дуудаж өгөөч гэв. 12 Тэр эм Самуелыг үзэнгүүтээ чанга дуугаар хашхирав. Тэгээд тэр эм, Саулд
—Та юунд намайг мэхлэв? Та Саул байна! гэв. 13 Хаан, тэр эмд
—Бүү айгтун. Харин чи юу харж байна вэ? гэхэд тэрээр Саулд
—Бурханлаг нэгэн нь газраас гарч ирэхийг би харж байна гэв. 14 Саул тэр эмээс
—Түүний дүр төрх нь ямар вэ? гэсэнд тэр эм
—Настай хүн гарч ирж байна. Тэр дээлтэй юм гэв. Тэр нь Самуел байсныг Саул мэдээд нүүрээ газарт доор бөхийлгөн мөргөв.
15 Самуел, Саулд
—Юунд та намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан
—Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдэхийн тулд би таныг дуудлаа гэв. 16 Самуел
—ЭЗЭН танаас салж, таны дайсан болсон атал та юунд надаас асууж байна вэ? 17 ЭЗЭН надаар дамжуулан айлдсаныхаа дагуу гүйцэтгэсэн билээ. ЭЗЭН таны гараас хаанчлалыг салган авч, таны хөрш Давидад өгсөн.* 18 Та ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй, догшин уур хилэнгээр нь Амалекийг шийтгээгүй учраас ЭЗЭН өнөөдөр танд үүнийг үйлдэж байна.* 19 Түүгээр ч барахгүй ЭЗЭН бас Израилыг тантай хамт филистчүүдийн гарт өгнө. Тийм учраас маргааш та болон таны хөвгүүд надтай хамт байх болно. Үнэхээр ЭЗЭН Израилын цэргүүдийг филистчүүдийн гарт өгнө гэж хэлэв.
20 Тэгж хэлмэгц Саул газар гулдайн сунаж унаад, Самуелын үгээс болж ихэд айлаа. Мөн тэр өдөржин, шөнөжин юу ч идээгүй байсан тул түүнд хүч тэнхээ ч байсангүй. 21 Өнөөх эм Саул руу ирж, Саулыг ихэд айсан байхыг хараад, түүнд
—Харагтун, таны хэлсэн үгийг сонсоод шивэгчин тань өөрийн амиар дэнчин тавьж таны хэлсэн бүхэнд дуулгавартай хандсан. 22 Тиймээс одоо та шивэгчнийхээ үгийг ч гэсэн сонсогтун. Таны өмнө зүсэм талх тавихыг зөвшөөрөөч. Үүнийг идэж хүч ороод буцах замдаа гарна уу? гэв. 23 Харин Саул үүнээс татгалзан
—Би идэхгүй гэв. Гэвч түүний зарц нар өнөөх эмэгтэйн хамт түүнийг ятгасанд Саул тэдний үгийг сонсов. Тэрээр газраас босож дэвсгэр дээр суулаа. 24 Тэр эмэгтэйн гэрт тарган тугал байсанд түүнийг яаран нядлав. Тэр эмэгтэй гурил зууран исгээгүй талх барилаа. 25 Тэр үүнийг Саул болон түүний зарц нарын өмнө тавьсанд тэд идэв. Тэгээд тэр орой тэд босож явлаа.
- 28:3 Лев 20:27; Дх 18:10–11; 1См 25:1
- 28:6 Тоо 27:21
- a28:9 эсвэл тэр мэргэч төлгөчдийг устгахаар Израилыг хүчилснийг
- 28:17 1См 15:28
- 28:18 1См 15:3–9