Самуел өөд болов
25 1 Самуел өөд болов. Бүх Израил цугларч, түүний төлөө гашуудан түүнийг Рама дахь нутагт нь хөдөөлүүлэв. Давид босож, Параны цөл рүү явлаа.
Давид Набалын эхнэр хоёр
2 Кармелд эдлэн газартай нэгэн хүн Маонд байжээ. Тэрээр маш баян хүн бөгөөд гурван мянган хонь, нэг мянган ямаатай байв. Тэр хүн Кармелд хониныхоо ноосыг хяргаж байлаа. 3 Тэр хүний нэрийг Набал, түүний эхнэрийн нэрийг Абигаил гэдэг байв. Тэр эмэгтэй ухаан саруул, гоо үзэсгэлэнтэй боловч нөхөр нь хэдэр бас догшин зантай байжээ. Тэр калеб хүн аж. 4 Набалыг хонио хяргаж байгааг Давид цөлд сонсов. 5 Ийнхүү Давид арван залууг илгээж, тэдэнд хэлэхдээ
—Кармел өөд явж, Набалтай уулзан миний нэрийн өмнөөс түүний мэнд амрыг асуу. 6 Та нар ингэж мэндчилэгтүн. “Та амар амгалан байх болтугай. Таны гэр бүлийн хүмүүс амар амгалан байх болтугай. Таны гэсэн бүх юмс амар амгалан байх болтугай. 7 Хонины ноос хяргагчид танайд байна гэж би сонслоо. Урьд танай хоньчид бидэнтэй хамт байх үед бид тэдэнд хор хүргээгүй бөгөөд тэднийг Кармелд байх хооронд юу нь ч алга болоогүй. 8 Та өөрийн залуусаас асуувал тэд тэгж хэлэх болно. Тиймээс миний залуус таны нүдэнд тааллыг олог. Учир нь бид баярын өдөр ирсэн билээ. Таны зарц нар болон хүү Давиддаа таны гарт байгаа юуг ч хамаагүй өгнө үү?” гэж хэл гэв.
9 Давидын залуус ирж, энэ бүгдийг Давидын нэрийн өмнөөс Набалд хэлээд хариу хүлээв. 10 Харин Набал, Давидын зарц нарт хариулахдаа
—Давид гэж хэн юм? Иессийн хөвгүүн гэж хэн юм? Одоо эзнээсээ оргон зугтаах зарц нар олон болж. 11 Би ноос хяргагчдадаа зориулж нядалсан энэ мах, ус болон талхаа хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хүмүүст өгөх ёстой болж байна уу? гэж хэлэв. 12 Тэгэхэд Давидын залуус ирсэн замаараа буцаж, эдгээр бүх үгийг Давидад мэдүүлэв. 13 Давид хүмүүстээ
—Хүн бүр илдээ биедээ агсагтун гэж тушаасанд хүн бүр илдээ зүүв. Давид ч бас илдээ зүүн, дөрвөн зуугаад хүн Давидыг дагаад, харин хоёр зуун хүн ачаа бараагаа харж үлдэв.
14 Гэтэл залуусынх нь нэг нь Набалын эхнэр Абигаилд мэдүүлэн
—Харагтун, бидний эзэнд мэнд хүргэхийн тулд Давид цөлөөс элч нарыг илгээсэнд манай эзэн тэднийг омогдож дайрав. 15 Тэр хүмүүс бидэнд их сайн хандаж, бидэнд хор хөнөөл хүргээгүй бөгөөд бид тэдэнтэй хамт хээр талд байхад бидний юу ч алга болоогүй билээ. 16 Биднийг тэдэнтэй хамт хонь хариулж байх үед өдөр ч, шөнө ч тэр хүмүүс бидэнд хана хэрэм мэт болж байв. 17 Тиймээс одоо та яавал зохихыг бодож шийдэгтүн. Учир нь бидний эзэн, бас түүний бүх гэрийнхнийг гай дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн үнэхээр хэдэр хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй гэж хэлэв.
18 Абигаил хоёр зуун талх, хоёр тулам дарс, аль хэдийн төхөөрч бэлтгэсэн таван хонь, таван хэмжүүр хуурсан тариа, зуун боодол үзэм, хоёр зуун боодол инжир тус тусыг яаран авч, тэдгээрийг илжигнүүдэд ачив. 19 Тэр өөрийн залууст
—Миний өмнө яв. Би та нарын араас очно гэв. Гэвч тэр эмэгтэй эр нөхөр Набалдаа юу ч хэлсэнгүй. 20 Тэр илжгээ унаж, уулын нугачаагаар бууж ирэх үед, харагтун, Давид болон түүний хүмүүс түүн рүү бууж ирж байсан бөгөөд тэд уулзлаа. 21 Давид
—Намайг цөлд тэр хүний хамаг хөрөнгийг хамгаалж байхад тэр хүнд харьяалагдах бүхнээс ганц нь ч алга болоогүй. Үнэхээр энэ бүгд огт дэмий байжээ. Тэр надад ачийг бачаар хариулав. 22 Хэрэв маргааш өглөө хүртэл түүнд харьяалагдах хүмүүсийн дотроос би эр хүйстэн ганцыг л үлдээвэл Давидыгa Бурхан ийн шийтгэг, бүр үүнээс ч илүүг үйлдэг гэж бодож байсан ажээ.
23 Давидыг харангуутаа Абигаил яаран илжигнээсээ бууж, Давидын өмнө нүүрээрээ газар унаж, мөргөв. 24 Тэр эмэгтэй Давидын хөлд унан
—Эзэн минь, зөвхөн миний буруу. Өөрийн шивэгчнийг яриулж, өчгийг нь сонсоно уу. 25 Эзэн минь, тэр хэдэр хүн Набалыг бүү хайхрагтун. Учир нь тэр өөрийнхөө нэртэй адил хүн. Тэр Набалb бол нэрдээ таарсан мунхаг нэгэн билээ. Таны шивэгчин би харин эзний илгээсэн залуусыг хараагүй юм. 26 Тийм учраас одоо эзэнтэн минь, ЭЗЭН амьд мөн та ч амьд! ЭЗЭН таныг цус урсгахаар явахыг зогсоож, таны гараар өшөө авахыг нэгэнт болиулсан тул эзэнтэнд минь хор хөнөөл болохыг хүсэгчид болон дайснууд тань Набалтай адил болох болтугай. 27 Эзнийг минь дагалдаж яваа хүмүүст өгөхөөр шивэгчнээс тань эзэнтэндээ авчирсан ерөөлийн бэлэг одоо энд байна. 28 Та шивэгчнийхээ гэмт үйлдлийг өршөөн соёрх. ЭЗЭН заавал эзэнтэн танд бат бэх гэрийг барьж өгнө. Учир нь эзэнтэн минь та ЭЗЭНий тулалдааныг хийж байгаа билээ. Насан турш бузар муу танаас бүү гараг!c 29 Хэн нэгэн хүн босон таныг мөшгөн хөөж, таны аминд халдахыг эрмэлзвэл эзэнтэн таны амь таны Бурхан ЭЗЭНий амийн баглаанд уягдах болтугай! Харин таны дайснуудын амийг ЭЗЭН дүүгүүрт хийж дүүгүүрдэн хаях болно. 30 Танд амласан сайн сайхан бүхнээ ЭЗЭН Өөрөө эзэнтэн танд минь биелүүлэн өгч, таныг Израилын ноёноор томилох цагт 31 шалтгаангүйгээр цус урсгасан эсвэл өөрийн гараар өшөө авснаас болсон харуусал, зүрх сэтгэлийн саад тотгор эзэнтэн танд бүү байг. ЭЗЭН харин эзэнтэн таныг сайн сайхан болгох үед шивэгчнээ санатугай гэж хэлэв. 32 Давид, Абигаилд
—Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилын Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. 33 Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгах болон өөрийнхөө гараар өшөө авахыг болиулсан чи магтагдах болтугай. 34 Намайг чамд хор хөнөөл хийхийг болиулсан Израилын Бурхан ЭЗЭН амьд! Хэрэв чи надтай уулзахаар яаран ирээгүй бол үүр цайх хүртэл Набалд ганц ч эр хүйстэн үлдэхгүй байх байсан гэж хэлэв. 35 Ийнхүү Давид Абигаилын гараас түүний авчирсан юмыг авч, тэр эмэгтэйд
—Гэртээ амар тайван буцагтун. Харагтун, би чиний хэлснийг сонсож, чиний гуйлтыг хүлээн авлаа гэж хэлэв.
36 Тэгээд Абигаил, Набал руу буцаж ирэв. Харагтун, Набал гэртээ хааны найр шиг найр хийж байлаа. Набал ихэд согтуу байсан болохоор сэтгэл нь хангалуун байв. Тиймээс Абигаил үүр цайх хүртэл түүнд юу ч ярьсангүй. 37 Харин өглөө болж, Набалын согтуу гарахад эхнэр нь түүнд бүгдийг мэдэгдсэнд зүрх нь зогсох шахаж, чулуу шиг хөшиж орхижээ. 38 ЭЗЭН арваад хоногийн дараа Набалыг цохисонд, тэр үхэв.
39 Набал үхсэнийг Давид сонсоод
—Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН, Набалын нүглийг түүний толгойд хариулав гэж хэлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухайгаа хэлүүлэв. 40 Давидын зарц нар Кармел дахь Абигаил руу ирж, түүнд
—Давид чамайг эхнэрээ болгон авахын тулд биднийг илгээв гэж хэллээ. 41 Тэр эмэгтэй босож, нүүрээрээ газарт доор мэхийн
—Харагтун, шивэгчин тань эзэнтнийхээ зарц нарт үйлчилж, тэдний хөлийг нь угааж өгөхөд бэлэн гэв. 42 Абигаил яаран босож, илжгэндээ мордон таван шивэгчин нь түүнийг дагажээ. Тэр, Давидын элч нарын араас явж, Давидын эхнэр болов.
43 Давид мөн Иезреелийн Ахиноамыг авсан байсан тул тэд хоёулаа Давидын эхнэр болов. 44 Саул, Давидын эхнэр байсан өөрийн охин Михалыг Галлимаас гаралтай Лаишийн хөвгүүн Палтид өгчээ.*
- a25:22 ЭЗО: миний дайснуудыг
- b25:25 Набал: евр. “мунхаг” гэсэн утгатай.
- c25:28 эсвэл та ямар ч ёр мууг бүү хийг эсвэл ямар ч ёр муу танд бүү тохиолдог.
- 25:44 2См 3:14–16