Ромын чуулганд очихоор төлөвлөсөн элч Паул айлчлалынхаа бэлтгэл болгон энэ захидлыг бичжээ. Тэрээр тэндхийн итгэгчдийн дунд хэсэг үйлчилж байгаад тэднээр дэмжүүлэн цааш Испани явах төлөвлөгөөтэй байв. Христитгэлийн талаарх өөрийн ухагдахууныг болон итгэгчдийн амьдрал дахь үүний бодит хэрэгжүүлэлтийг тайлбарлах зорилгоор бичсэн энэ захидалд Паулын сургаал бүрэн цогцоор тусгагдсан байдаг.
Тэрээр Ром дахь чуулганыханд хандсан мэндчилгээ болон тэдний төлөөх залбирлаа дурсаад араас нь “Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээнд илчлэгдсэн байдаг бөгөөд итгэлээс итгэлд хүргэнэ” (1:17) хэмээн захидлынхаа сэдвийг гаргажээ.
Сэдвээ цааш өргөжүүлж бүх хүн, иудей, харийнхан аль аль нь Бурхантай зөвт харилцаатай болох шаардлагатай агаад бүгд адилхан нүглийн хүчин дор байгаа тул зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр л Бурханы өмнө зөвтгөгдөнө гэжээ. Улмаар Бурхантай харилцах шинэ харилцааны үрээр Есүс Христтэй нэгдэх шинэ амьдралыг дүрслэн, итгэгч хүн Бурхантай хамт амар амгалан байж, нүглийн ба үхлийн хүчнээс Ариун Сүнсээр чөлөөлөгддөг гэжээ. Паул 5–8-р бүлэгт Бурханы хуулийн зорилго болон итгэгчдийн амьдрал дахь Ариун Сүнсний хүчний тухай асуудлыг мөн авч үзсэн байна. Улмаар иудей болон харь үндэстнүүд нь бүх хүмүүст зориулсан Бурханы төлөвлөгөөнд хэрхэн багтаж болохыг гүнзгий өгүүлжээ. Мөн Есүсийг үгүйсгэж байгаа еврейчүүдийн үгүйсгэл нь Есүс Христээр Бурханы нигүүлсэл бүх хүмүүст хүрэх төлөвлөгөөний нэг хэсэг гэж дүгнэсэн бөгөөд еврейчүүд Есүсийг дандаа үгүйсгээд байхгүй юм гэдэгт бас итгэж байв. Эцэст нь Паул, христэч амьдрал ямар байх талаар, ялангуяа бусадтай хайраар харилцах тухай бичээд, үргэлжлүүлэн Бурханд үйлчлэх, төр хийгээд бие биеийнхээ өмнө итгэгчдийн хүлээх үүрэг, мөс чанарын тухай сэдвүүдийг хөнджээ. Паул эл захидлаа хувийн чанартай мэндийн үгс, залбирлаар төгсгөсөн байна.
Мэндчилгээ
1 1 Христ Есүсийн боол Паул би элч болохоор дуудагдаж, Бурханы сайнмэдээний төлөө тусгаарлагджээ. 2 Эртнээс эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Бичвэрүүд дотор Бурханы амласан энэхүү сайнмэдээ нь 3 Түүний Хүүгийн тухай бөгөөд Тэрээр махбодын хувьд Давидын удмаас төрсөн, 4 Ариун Сүнсний хувьд үхэгсдээс амилснаараа хүч чадалт Бурханы Хүү гэж тунхаглагдсан бидний Эзэн Есүс Христ юм. 5 Түүний нэрийн төлөө бүх үндэстний дунд итгэлийн дуулгаврыг бий болгохын тулд нигүүлсэл хийгээд элчийн үүргийг Түүгээр дамжуулан бид хүлээн авсан бөгөөд 6 тэдний дунд та нар ч мөн Есүс Христийнх болохоор дуудагдсан. 7 Бурханд хайрлагдсан, ариун хүмүүс байхаар дуудагдсан, Ромд буй бүгдэд: Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл хийгээд амар тайван байх болтугай.
Талархлын залбирал
8 Юуны өмнө та бүгдийн улмаас би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл дэлхий даяар тунхаглагдаж байна. 9 Хүүгийнх нь сайнмэдээнд сүнсээрээ миний үйлчилдэг Бурхан Өөрөө, та нарыг хэр их тасралтгүй дурсдагийн маань гэрч юм. 10 Бурханы тааллаар одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосой гэж би залбиралдаа ямагт гуйдаг. 11 Та нартай уулзахыг ихэд хүсэж байгаа минь сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцан, та нарыг батжуулахын төлөө бөгөөд 12 ингэснээр та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь буюу би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжих юм. 13 Ах дүү нар аа, бусад үндэстний дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар дээр очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдээсэй гэж би хүсэж байна.* 14 Грек хэлтнүүд ба бусад хэлтнүүд,a цэцэд ба мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртэй. 15 Тиймээс миний хувьд Ромд байгаа та нарт ч сайнмэдээ хүргэхийг маш их хүсэж байна.
Сайнмэдээний хүч
16 Би сайнмэдээнээс ичихгүй. Энэ бол итгэгч болгоныг, юуны түрүүнд иудей түүнчлэн грек хүнийг аврах Бурханы хүч мөн.* 17 “Зөвт хүн итгэлээр амьдарна” гэж бичигдсэнтэй адилаар, Бурханы хүртээх зөвт байдал нь сайнмэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг.*
Хүн төрөлхтний гэмт чанар
18 Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн итгэл сүсэггүй байдал ба аливаа зүй бус явдлын эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс илчлэгддэг. 19 Яагаад гэвэл Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан үүнийг тэдэнд ил болгосон юм. 20 Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжин ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй. 21 Гэвч тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин ч бодол санаа нь хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ.* 22 Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд 23 үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ.*
24 Иймд Бурхан тэднийг зүрхнийх нь хүсэл тачаалын бузар юмстай нь зөнд нь орхисноос тэд бие махбодоо өөр хоорондоо гутаажээ. 25 Тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүүгээр бүтээлд нь мөргөж үйлчилсэн юм. Гэвч Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен. 26 Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхисон. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоосон байна. 27 Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, өөрсдийнхөө алдааны зохих цээрлэлийг өөрсдөө хүртэж байна. 28 Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ. 29 Тэд элдэв зүй бус явдал, хилэнц, шунал, бузар булайгаар дүүрэн агаад атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрсэн, хов жив яригч, 30 гүтгэгч, Бурханыг үзэн ядагч, дээрэлхүү,b их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг эхдээ дуулгаваргүй, 31 ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ. 32 Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, бусдыг үйлдэхэд нь ч сайшаадаг байна.
- 1:13 Үйл 19:21
- a1:14 эсвэл грекчүүд ба бусад үндэстнүүд
- 1:16 Мк 8:38
- 1:17 Хаб 2:4
- 1:21 Еф 4:17–18
- 1:23 Дх 4:16–18
- b1:30 эсвэл Бурханыг үзэн яддаг бөгөөд дээрэлхүү