ЭЗЭНий авдрыг буцааж авчирсан нь
(2См 6:1–11)
13 1 Тэгээд Давид мянгат, зуутын дарга нар буюу бүх удирдагчтай зөвлөлджээ. 2 Давид Израилын бүх чуулганд хандан
—Хэрэв энэ зүйл та нарт сайн бөгөөд энэ нь бидний Бурхан ЭЗЭНээс бол, Израилын бүх нутагт үлдсэн өөрсдийн ах дүүс рүүгээ, мөн бэлчээр бүхий тэдний хотуудад тэдэнтэй хамт байгаа тахилчид ба левичүүд рүү хэл явуулж, энд цуглуулъя. 3 Бид өөрсдийн Бурханы авдрыг өөрсдөдөө авчирцгаая. Учир нь Саулын өдрүүдэд бид түүнийг хайгаагүй шүү дээ гэв. 4 Бүх ард түмний нүдэнд энэ нь зөв байсан тул бүх чуулган тийнхүү үйлдэнэ гэж хариулав.
5 Ингээд Бурханы авдрыг Кириат-Иеаримаас авчрахын тулд Давид, Египетийн Шихороос Хаматын хоолой хүртэлх бүх Израилыг цуглуулав.* 6 Херүбүүдийн дээр залрагч ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг тэндээс авчрах гэж Давид болон бүх Израил хамтдаа Иудад харьяалагдах Баала буюу Кириат-Иеарим руу явжээ.* 7 Тэд Бурханы авдрыг Абинадабын гэрээс шинэ тэргэнд ачин явсан бөгөөд Узза, Ахио нар тэргийг хөтлөв. 8 Давид болон бүх израилчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэй хамаг чадлаараа Бурханы өмнө бүжицгээв.
9 Тэд Кидоны үтрэмд ирэх үед үхэр нь бүдэрсэн тул Узза авдрыг түшихээр гар сунган хүрчээ. 10 Тэрээр авдарт гар хүрсэн тул ЭЗЭНий хилэн Уззагийн эсрэг шатаж, Тэр түүнийг цохисонд тэрээр тэнд Бурханы өмнө үхэв. 11 ЭЗЭН, Уззагийн эсрэг ийнхүү дайрсан тул Давид огшжээ. Тиймээс тэр газрыг Перез-Узза гэж өнөөг хүртэл нэрлэдэг. 12 Тэр өдөр Давид, Бурханаас эмээж
—Би яаж Бурханы авдрыг өөртөө авчирч болох билээ дээ! гэв. 13 Тиймээс Давид авдрыг Давидын хот руу өөртөө авч явсангүй. Харин түүнийг гит хүн Обед-Едомын гэрт аваачив. 14 Ийнхүү Бурханы авдар гит хүн Обед-Едомын гэрт гурван сар байжээ. ЭЗЭН, Обед-Едомыг болон түүний юм бүхнийг ерөөв.*
- 13:5 1См 7:1–2
- 13:6 Гэт 25:22
- 13:14 1Шс 26:4–5