Тооллого ба тахал
(2См 24:1–25)

21 1 Дараа нь Сатан, Израилын эсрэг зогсоод, Израилын хүн амыг тоолуулахаар Давидыг турхирав. 2 Тиймээс Давид, цэргийн жанждад болон Иоабт
—Явж, Беершебагаас Дан хүртэлх израилчуудыг тоолж, мэдээг надад авчирвал би тэдний тоог мэдэх болно гэв. 3 Иоаб
—ЭЗЭН ард олноо зуу дахин өсгөх болтугай! Харин хаан эзэн минь, тэд чинь бүгдээрээ эзний минь зарц нар бус уу? Яагаад миний эзэн ийм зүйл шаардана вэ? Юунд та Израилд ял авчрах ёстой билээ? гэв. 4 Гэсэн ч хааны үг Иоабыг дийлэв. Тиймээс Иоаб хөдлөн, Израил даяар яваад Йерусалимд эргэж ирэв. 5 Иоаб бүх ард түмний тооллогын дүнг Давидад өгчээ. Бүх Израилд илд агсагч эрчүүд нэг сая нэг зуун мянга байсан ба Иудагийн илд агсагч эрчүүд дөрвөн зуун далан мянга байв. 6 Гэвч хааны тушаал Иоабын жигшлийг төрүүлсэн тул тэдний дунд Леви, Бениаминыг оруулж тоолсонгүй. 7 Энэ зүйл Бурханы мэлмийд зохисгүй муу байсан тул Тэрээр Израилыг цохив. 8 Давид, Бурханд
—Би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо зарцынхаа хилэнцийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэв. 9 Давидын үзмэрч Гадад ЭЗЭН айлдахдаа
10 Явж, Давидад “Би чамд гурван зүйл тавих болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго. Тэгээд тэрийг чинь Би чамд үйлдэх болно хэмээн ЭЗЭН айлдав” гэж хэл гэв. 11 Гад, Давид руу ирж, түүнд
—ЭЗЭН ийн айлдав. “Өөрөө сонгогтун. 12 Гурван жил өлсгөлөн болох эсвэл өстний чинь илд чиний дээр байх зуур гурван сарын турш дайснаасаа зугтаан явах эсвэл ЭЗЭНий илд болох тахлыг энэ газарт гурван өдрийн турш буулган ЭЗЭНий тэнгэрэлч Израилын бүх нутаг даяар хүмүүсийг устгаж үхүүлэхийн аль нэгийг сонго” гэв. Тиймээс одоо намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг шийдэгтүн гэв. 13 Давид, Гадад
—Би ихэд шаналж байна. Гэвч ЭЗЭНий өршөөл агуу их учраас өөрийгөө Түүний мутарт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв.
14 Ингээд ЭЗЭН Израил дээр өвчин тахал тарааж, Израилын далан мянган хүн үхэв. 15 Мөн Йерусалимыг сүйтгэхээр Бурхан тийшээ тэнгэрэлчээ илгээв. Гэвч сүйтгэхэд бэлэн байх үед нь ЭЗЭН хараад, гамшгийн тухайд зөөлөрч, сүйрүүлэгч тэнгэрэлчид
—Хангалттай. Одоо гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Орнаны үтрэмийн дэргэд зогсож байлаа. 16 Давид нүд өргөн, тэнгэр ба газрын хооронд зогсоод, гартаа илдээ барин Йерусалимын дээгүүр сунгаж буй ЭЗЭНий тэнгэрэлчийг үзэв. Тэгээд таар нөмөрсөн Давид болон ахмадууд нүүрээрээ газар унацгаав. 17 Давид, Бурханд
—Ард түмнийг тоолох тушаалыг гаргасан нь би биш гэж үү? Үнэхээр нүгэл үйлдэж, маш их ёрын мууг хийсэн нь би болохоос энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Өө, миний Бурхан ЭЗЭН, Таны мутар тахалд нэрвэгдсэн ард түмэн дээр бус, харин миний эсрэг болон миний эцгийн гэрийн эсрэг байгаач гэж залбирч байна гэв.

Давидын тахилга

18 Тэгтэл дээшээ явж, иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭНд тахилын ширээ босгохыг Давидад дамжуулан хэлэхийг ЭЗЭНий тэнгэрэлч, Гадад тушаав. 19 ЭЗЭНий нэрээр ярьсан Гадын үгийг дагаж Давид явлаа. 20 Орнан буудай цайруулж байгаад хойш эргэж, тэнгэрэлчийг харсан бөгөөд түүнтэй хамт байсан дөрвөн хүү нь нуугджээ. 21 Давид Орнан руу дөхөн ирэхэд Орнан, Давидыг хараад үтрэмээсээ гарч ирэн Давидын өмнө нүүрээ газарт хүргэн мөргөв. 22 Тэгээд Давид, Орнанд
—Энэ үтрэмийн газраа надад өгөөч! Би энд ЭЗЭНд тахилын ширээ босгох гэсэн юм. Ард олноос тахлыг холдуулахын тулд чи үүнийг надад бүтэн үнээр нь өгөөч гэв. 23 Орнан, Давидад
—Үүнийг та өөртөө ав. Миний эзэн хаан нүдэнд тань тааламжтай гэснээ болгоогтун. Хар даа, би шатаалт тахилд зориулан үхэр, түлээнд зориулан тариа цайруулагч тэрэг, идээн өргөлд зориулан буудайг өгье. Би энэ бүгдийг өгье гэв. 24 Гэвч Давид хаан, Орнанд
—Үгүй, би энэ бүгдийг чамаас бүтэн үнээр худалдаж авна. ЭЗЭНд зориулан чиний юмыг авахгүй, төлөөс төлбөргүй зүйлээр ч шатаалт тахил өргөхгүй гэв. 25 Тэгээд Давид газрын үнэнд зургаан зуун шекел жинтэй алтыг Орнанд өгөв. 26 Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөлөө. ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав. 27 ЭЗЭН, тэнгэрэлчид тушаасанд тэр илдээ хуйнд нь буцааж хийлээ.
ЭЗЭНий өргөөнд зориулан сонгосон газар
28 Тэр үед иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭН өөрт нь хариулахыг Давид хараад тэнд тахил өргөв. 29 Учир нь цөлд Мосегийн хийсэн ЭЗЭНий асар болон шатаалт тахилын ширээ тэр үед Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээр байсан билээ. 30 Харин Давид, ЭЗЭНий тэнгэрэлчийн илднээс айж байсан тул Бурханы хүслийг мэдэхээр түүний өмнө очиж чадсангүй.