ЭЗЭНий авдрыг Йерусалимд авчрав
15 1 Давид өөртөө зориулан Давидын хотодa өргөөнүүд бариулав. Бас тэрээр Бурханы авдарт зориулан газар бэлтгэж, түүнд асар босгов. 2 Тэгээд Давид
—Бурханы авдрыг левичүүдээс өөр хэн ч өргөн зөөж болохгүй. Учир нь ЭЗЭНий авдрыг зөөлгөж, Өөртөө үүрд мөнхөд үйлчлүүлэхээр ЭЗЭН тэднийг сонгосон билээ гэв.* 3 Давид өөрийн бэлтгэсэн газарт ЭЗЭНий авдрыг авчруулахаар бүх Израилыг Йерусалимд цуглуулав. 4 Аароны хөвгүүд болон левичүүдийг Давид хамтад нь цуглуулжээ. 5 Кохатын хөвгүүдээс захирагч Уриел болон түүний ах дүүс болох зуун хорин хүн, 6 Мерарийн хөвгүүдээс захирагч Асаиа болон түүний ах дүүс болох хоёр зуун хорин хүн, 7 Гершомын хөвгүүдээс захирагч Иоел болон түүний ах дүүс болох зуун гучин хүн, 8 Елизафаны хөвгүүдээс захирагч Шемаиа болон түүний ах дүүс болох хоёр зуун хүн, 9 Хеброны хөвгүүдээс захирагч Елиел болон түүний ах дүүс болох наян хүн, 10 Уззиелийн хөвгүүдээс захирагч Амминадаб болон түүний ах дүүс болох зуун арван хоёр хүн байв. 11 Давид, тахилч Задок, Абиатар нар болон левичүүд Уриел, Асаиа, Иоел, Шемаиа, Елиел, Амминадаб нарыг дуудан 12 тэдэнд
—Та нар левичүүдийн эцгийн бүлийн тэргүүн нар билээ. Израилын Бурхан ЭЗЭНий авдрыг миний түүнд зориулан бэлтгэсэн газарт авч ирэхийн тулд өөрсдийгөө болон ах дүүсээ ариусга. 13 Эхний удаа та нар үүнийг үүрээгүй учраас бидний эсрэг ЭЗЭН Бурхан маань дүрсхийн уурласан юм. Учир нь бид Түүнийг журмынх нь дагуу эрж хайгаагүй байсан билээ гэж хэлэв. 14 Ингээд Израилын Бурхан ЭЗЭНий авдрыг авчрахын тулд тахилч болон левичүүд өөрсдийгөө ариусгав. 15 ЭЗЭНий айлдвар ёсоор Мосегийн тушаасны дагуу левичүүдийн хөвгүүд Бурханы авдрыг дамнуургууд дээр тавин өргөж, мөрөн дээрээ үүрч явав.*
16 Тэгээд хөгжмийн зэмсгүүд, босоо ятга, ятга, цангаар чанга хөгжимдөн баяр баяслын дууг өргөхөөр дуучид болох ах дүүсээ томилохыг Давид левичүүдийн захирагчдад тушаав. 17 Иймээс левичүүд Иоелын хүү Хеман болон түүний ах дүүсийг, Берехиагийн хүү Асафыг мөн тэдний ах дүүс болох Мерарийн хөвгүүдээс Кушаиагийн хүү Етаныг 18 мөн тэдний хамт удаах ах дүүс буюу хаалгачид болох Зехариа, Бен, Иазиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Бенаиа, Маасеиа, Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-Едом, Иеиел нарыг томилов. 19 Ингээд дуучид болох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохиж, 20 Зехариа, Азиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Маасеиа, Бенаиа нар аламотод нийцүүлэн босоо ятга тоглож, 21 Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-Едом, Иеиел, Азазиа нар шеминитэд нийцүүлэн ятга дарав. 22 Левичүүдийн дуу хөгжмийн удирдагч Кенаниа хөгжим удирдах болов. Учир нь тэрээр үүнд авьяастай байв. 23 Берехиа, Елкана нар авдрын хаалгачид байв. 24 Тахилч Шебаниа, Иошафат, Нетанел, Амасаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээх болж, Обед-Едом, Иехиа нар авдрын хаалгачид болжээ.
25 Давид ба Израилын ахмадууд, мянгатын дарга нар Обед-Едомын гэрээс ЭЗЭНий гэрээний авдрыг авч ирэхээр баяр хөөртэйгөөр явлаа. 26 ЭЗЭНий гэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсан тул тэд долоон бух, долоон хуцаар тахил өргөв. 27 Давид болон авдрыг үүрсэн бүх левичүүд, дуучид болон хөгжим ба дууны удирдаач Кенаниа нар ч мөн адил нарийн маалингаар хийсэн дээл өмсжээ. Давид бас маалинган ефод өмссөн байлаа. 28 Ингээд бүх Израил уухайлан, эвэр бүрээ болон бүрээ үлээж, цан хөгжим цохин мөн босоо ятга ба ятгууд эгшиглүүлсээр ЭЗЭНий гэрээний авдрыг авч иржээ. 29 Тэгтэл ЭЗЭНий гэрээний авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.
- a15:1 Давидын хот: Суурьшиж байсан иебусчуудаас Давид хааны булааж авсан Йерусалим хотын нэг хэсэг. (2См 5:6–10 үз.)
- 15:2 Дх 10:8
- 15:15 Гэт 25:14