Соломонд өргөөг зааварчлав

28 1 Давид Израилын бүх түшмэд, овгийн захирагчид, хаанд бүлгүүдээр үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, тайганууд, хүчит эрс гээд бүх нэр хүндтэй хүнийг Йерусалимд цуглуулжээ. 2 Тэгээд Давид хаан хөл дээрээ босон зогсоод
—Ахан дүүс, ард түмэн минь, намайг сонсогтун. ЭЗЭНий гэрээний авдарт зориулан мөн бидний Бурханы хөлийн тавиур болгон амралтын өргөө барих санаа зүрхэнд минь байсан тул би түүнийг барихад бэлтгэсэн билээ.* 3 Гэвч Бурхан надад “Чи дайнч хүн ба цус урсгасан тул Миний нэрд зориулан өргөө барьж болохгүй” гэж айлдсан. 4 Гэсэн ч Израилын Бурхан ЭЗЭН намайг мөнхөд Израилын хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар мөн Иудагийн гэр дотроос миний эцгийн гэрийг сонгосон бөгөөд миний эцгийн хөвгүүдийн дундаас намайг бүх Израилын хаан болгохоор таалан соёрхсон билээ. 5 ЭЗЭН надад олон хүү өгсөн учир миний бүх хөвгүүнээс Тэрээр миний хүү Соломоныг Израил дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонголоо. 6 Тэр надад “Миний өргөө болон Миний ордныг хүү Соломон чинь барих юм. Би түүнийг Өөрийн хөвгүүнээр сонгосон бөгөөд Би түүнд Эцэг нь байх болно. 7 Тэрээр өнөөдрийн адил Миний тушаал, Миний шийдвэрүүдийг чармайн сахивал, Би түүний хаанчлалыг үүрд мөнхөд тогтооно” гэж айлдсан юм. 8 Иймээс энэ сайхан газрыг эзэмшиж, түүнийгээ өөрсдийн үр удамд мөнхөд өвлүүлэн үлдээхийн тулд ЭЗЭНий чуулган болох бүх Израилын нүдэн дээр мөн Бурханыхаа сонор дор ЭЗЭН Бурханыхаа бүх тушаалыг та нар сахин мөрдөгтүн.
9 Миний хүү Соломон оо, эцгийнхээ Бурханыг таньж мэдэн, хоёргүй сэтгэл, хүслэнт зүрхээр Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН зүрх бүрийг шалгаж, бодол санаа бүхнийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Тэр чамд олдоно. Харин чи Түүнийг орхих аваас, Тэр чамайг мөнхөд үл хэрэгсэнэ. 10 Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосныг одоо харагтун! Тууштай байж, үйлдэгтүн гэв. 11 Тэгээд өргөөний үүдний танхим, өргөөнүүд, эрдэнэсийн сан, түүний дээд лаврин болон дотоод өрөөнүүд мөн эвлэрүүллийн тагны загвар зургийг Давид өөрийн хүү Соломонд өглөө. 12 Бас ЭЗЭНий өргөөний орднууд, эргэн тойрны бүх өрөө, Бурханы өргөөний агуулахууд болон ариун өргөлийн эрдэнэсийн сангийн бүх загвар зураг, түүнд сүнсээр байсан бүхнээ өгөв. 13 Түүнчлэн тахилч болон левичүүдийн бүлгүүд, ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн бүх ажил, ЭЗЭНий өргөөн дэх үйлчлэлийн бүх эд хэрэглэл 14 мөн бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх алтан сав суулгануудын алтны жин, бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх мөнгөн сав суулгануудын мөнгөний жин 15 бас алтан дэнлүүний суурь болон тэдгээрийн алтан дэнлүүнүүдэд зориулан дэнлүүний суурь болон дэнлүү бүрийн алтны жин, мөнгөн дэнлүүний сууринд буюу дэнлүүний суурь болон дэнлүү бүрд орох мөнгөний жинг дэнлүүний сууриудын зориулалтын дагуу 16 мөн тавиг талхны ширээнүүдэд зориулан ширээ бүрийн алтны жин болон мөнгөн ширээнүүдэд зориулан мөнгөн, 17 бас шижир алтан сэрээ, тогоо, гүц мөн алтан аягануудад, аяга бүрийн жин болон мөнгөн аяга бүрд зориулан тус бүрийн жин 18 мөн утлагат тахилын ширээнд тунгаамал алтны жин, далавчаа дэлгэн ЭЗЭНий гэрээний авдрыг бүрхдэг херүбүүдтэй тэрэгний загварын алт зэргийн загварыг өгчээ. 19 Давид
—Энэ бүх загварыг ЭЗЭН мутраараа надад ойлгуулан бичүүлсэн бөгөөд бүх ажлыг үүний дагуу гүйцэтгэх ёстой гэв.
20 Тэгээд Давид өөрийн хүү Соломонд
—Тууштай бөгөөд зоригтой байж, үйлдэгтүн. Миний Бурхан, ЭЗЭН Бурхан чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. 21 Бурханы өргөөний бүх үйлчлэлийн төлөө тахилчид ба левичүүдийн хэсгүүд энд байна. Мөн аливаа ажилд чадварлаг сайн дурын урчууд бүх төрлийн үйлчлэлд чамтай хамт байна. Бас захирагчид болон бүх ард түмэн чиний тушаалыг дагахад бэлэн байна гэв.


  • 28:2–7 2См 7:1–16; 1Шс 17:1–14