22 1 Тэгээд Давид
—Энэ бол ЭЗЭН Бурханы өргөө, Израилын төлөө өргөх шатаалт тахилын ширээ байх газар юм гэв.

ЭЗЭНий өргөөг барих бэлтгэл

2 Израилын нутагт байсан цагаачдыг цуглуулахыг Давид тушааж, Бурханы өргөөний барилгын чулуунуудыг цавчих чулуучдыг томилов. 3 Давид хаалганы самбаруудын хадаасыг хийх үлэмж их хэмжээний төмөр мөн жинлэж барахааргүй их хэмжээний хүрэл бэлтгэв. 4 Бас сидончууд ба тирчүүд Давидад их хэмжээний хушин дүнз авчирч өгсөн тул хушин дүнз тоймгүй их байв. 5 Давид
—Миний хүү Соломон балчир, чадал мөхөс байна. Гэтэл ЭЗЭНд баригдах өргөө бүх дэлхий дахинд алдаршин магтагдахаар маш сүрлэг байх ёстой юм. Тиймээс одоо би үүний бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө их хэмжээний бэлтгэлийг базаав.

Соломонд мөн удирдагчдад өгсөн үүрэг

6 Тэгээд Давид өөрийн хүү Соломоныг дуудаж, Израилын Бурхан ЭЗЭНд зориулан өргөө барихыг түүнд захин тушаав. 7 Давид, Соломонд
—Хүү минь ээ, би ЭЗЭН Бурханыхаа нэр алдарт зориулан өргөө барих бодолтой байсан билээ.* 8 Гэвч ЭЗЭНий үг надад ирж, “Чи их цус урсган олон дайныг өдөөсөн. Чи Миний мэлмийн өмнө газар дээр их цус урсгасан тул Миний нэр алдарт зориулан өргөө барьж болохгүй. 9 Харагтун, чамд хүү төрөх бөгөөд тэрээр амар тайвны хүн байх болно. Би түүнийг эргэн тойрны бүх дайснуудаас нь энх тунх байлгах болно. Түүний нэрийг Соломонa гэх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израилыг амар тайван, энх тунх байлгана. 10 Тэр Миний нэр алдарт зориулан өргөө барина. Тэр Миний хүү, Би эцэг нь болж, түүний хаанчлалын сэнтийг Израилын дээр үүрд мөнхөд тогтооно” гэсэн юм. 11 Миний хүү, энэ нь чамд биелж, Түүний айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барих цагт ЭЗЭН чамтай хамт байх болтугай. 12 ЭЗЭН чамд хэрсүү ухаан ба оюун билгийг өгч, чамаар Израилыг захируулах болтугай. Гагцхүү чи ЭЗЭН Бурханыхаа хуулийг сахиарай. 13 Израилын талаар Мосед ЭЗЭНий тушаасан зарлиг, шүүлтүүдийг дагахыг анхаарах аваас, энэ нь чамд биелэх болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.* 14 Харагтун, би өөрийн чармайлтаар ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жинлэж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр мөн мод болон чулуу бэлтгэн тавьсан билээ. Чи улам ихийг нэмээрэй. 15 Мөн чамтай хамт маш олон ажилчид буюу чулуу цавчигч, чулуу өнгөлөгч, мужаанууд болон бүх төрлийн ажилд чадварлаг янз бүрийн хүн байна. 16 Алт, мөнгө, хүрэл, төмрийн хувьд хэмжээлшгүй их байна. Босоод, ажиллагтун! ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэв. 17 Мөн хүү Соломонд нь туслахыг Израилын бүх удирдагчдад Давид тушааж
18 ЭЗЭН Бурхан тань та нартай хамт байгаа бус уу? Тэр та нарт эргэн тойронд чинь амар тайвныг өгөөгүй гэж үү? Тэрээр энэ газрын оршин суугчдыг миний гарт тушааж, ЭЗЭН хийгээд Түүний ард түмний өмнө энэ газар сөхөрсөн юм. 19 Тиймээс ЭЗЭН Бурханаа эрэлхийлэхээр өөрсдийн зүрх, санаа сэтгэлээ хандуулагтун. Босож, ЭЗЭНий нэр алдарт зориулан баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун сав хэрэгслүүдийг оруулан тавихын тулд ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун гэв.


  • 22:7–10 2См 7:1–16; 1Шс 17:1–14
  • a22:9 Соломон: энэ нэр еврей хэлний “амар тайван” гэсэн утгатай “шалом” гэдэг үгээс гаралтай.
  • 22:13 Иош 1:6–9