Левичүүдийн бүл ба тэдний үүрэг

23 1 Давид өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөрийн хүү Соломоныг Израилын хаан болгов.* 2 Бас тэрээр Израилын бүх удирдагч, тахилчид ба левичүүдийг цуглуулав. 3 Гуч болон түүнээс дээших насны левичүүдийг толгой дараалан тоолсон бөгөөд тэдний тоо нь гучин найман мянган эр байлаа. 4 Тэднээс хорин дөрвөн мянга нь ЭЗЭНий өргөөний ажилд томилогдож, зургаан мянга нь харгалзагч ба шүүгчид, 5 дөрвөн мянга нь хаалгачид, дөрвөн мянга нь Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтан дуулдаг дуучид байлаа. 6 Давид тэднийг Левийн хөвгүүд болох Гершон, Кохат, Мерари нарын хэсгүүд болгож хуваажээ.
7 Гершончуудаас Ладан, Шимеи нар байв. 8 Ладаны хөвгүүдийн ууган нь Иехиел, удаах нь Зетам, гурав дахь нь Иоел юм. 9 Шимеигийнa хөвгүүд Шеломит, Хазиел, Харан гурав байв. Эд Ладаны эцгийн бүлийн тэргүүн нар болой. 10 Шимеигийн хөвгүүд Иахат, Зина, Иеуш, Бериа нар байв. Энэ дөрөв Шимеигийн хөвгүүд болой. 11 Ууган нь Иахат, удаах нь Зиза юм. Харин Иеуш, Бериа нар цөөн хөвгүүдтэй байсан тул нэг бүл буюу үйлчлэлийн нэг хэсэг болжээ.
12 Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел дөрөв байв. 13 Амрамын хөвгүүд нь Аарон, Мосе нар юм. ЭЗЭНий өмнө утлага уугиулан, Түүнд үйлчилж мөн Түүний нэрээр ерөөлийг үүрд тунхаглах болон ариунаас ариун зүйлсийг ариусгахын тулд Аарон хөвгүүдийнхээ хамтаар тусгаарлагдсан байлаа.* 14 Харин Бурханы хүн Мосегийн хөвгүүд Леви овгийн тоонд орсон билээ. 15 Мосегийн хөвгүүд Гершом, Елиезер нар байв. 16 Гершомын хөвгүүдээс Шебуел тэргүүн нь байв. 17 Елиезерийн хүү Рехабиа тэргүүн нь байв. Елиезер өөр хөвгүүдгүй боловч Рехабиагийн хөвгүүд үй олон байв. 18 Изхарын хөвгүүдээс Шеломит тэргүүн нь байв. 19 Хеброны хөвгүүдийн тэргүүн нь Иериа, удаах нь Амариа, гурав дахь нь Иахазиел, дөрөв дэх нь Иекамеам болой. 20 Уззиелийн хөвгүүдийн тэргүүн нь Мика, удаах нь Ишшиа болой.
21 Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Махлийн хөвгүүд нь Елеазар, Киш нар болой. 22 Елеазар үхэхдээ хөвгүүдгүй, зөвхөн охидтой байв. Тиймээс тэдний ах дүүс, Кишийн хөвгүүд тэднийг эхнэр болгон авав. 23 Мушигийн хөвгүүд нь Махли, Едер, Иеремот гурав байв.
24 Эдгээр нь эцгийн бүлийнхээ дагуу левийн хөвгүүд, бүлийнхээ тэргүүн нар бөгөөд ЭЗЭНий өргөөний үйлчлэлд орж ажилладаг хорь болон түүнээс дээших насны, нэрийнхээ бүртгэлээр, толгой дараалан тоологдсон хүмүүс болой. 25 Давид “Израилын Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэнд энх тунхыг өгч, тэрээр Йерусалимд мөнхөд оршино. 26 Мөн левичүүд асрыг болон үүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөж явах шаардлагагүй болсон” гэж хэлэв.* 27 Давидын сүүлчийн айлдвар ёсоор хорь ба түүнээс дээших насны Левийн хөвгүүдийг тоолов. 28 Тэдний үүрэг нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд, хашаа, өрөөнүүд болон бүх ариун зүйлийг цэвэрлэхэд буюу Бурханы өргөөний үйлчлэлийн аливаа ажилд Аароны хөвгүүдэд туслах болон* 29 тавиг талх, идээн өргөлийн сайн гурил, исгээгүй талх, хайруулын таваг мөн жинлэн хэмжих бүх ажлыг хариуцах байв. 30 Бас өглөө бүр ЭЗЭНд талархан, магтахаар зогсож, орой бүр үүний адил үйлдэн 31 Амралтын өдөр, шинэ сар, тогтоосон баяраар тогтоогдсон зааврын дагуу ЭЗЭНд бүх шатаалт тахилыг тоо ёсоор өргөж, ийнхүү ЭЗЭНий өмнө тогтмол үйлчлэх байв. 32 Мөн уулзалтын майхан, ариун газар болон ЭЗЭНий өргөөний үйлчлэлд буй Аароны хөвгүүд, тэдний ах дүүсийн үйлчлэлийг сахин хамгаалах ажил байв.


  • 23:1 1Ха 1:1–40
  • a23:9 9–10-р эшлэлд гарч байгаа Шимеигийн хөвгүүдийн нэрсийн холбоо хамаарал тодорхойгүй.
  • 23:13 Гэт 28:1
  • 23:26 Дх 10:8
  • 23:28–32 Тоо 3:5–9