9 1 Ингээд бүх Израил удмын бичигт оров. Үзэгтүн, тэд Израилын Хаадын номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон руу олзлогдон явав. 2 Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, сүмийн үйлчлэгчид болох израилчууд болой.
Цөллөгийн дараа Йерусалимд амьдрагсад
3 Иуда, Бениамин, Ефраим, Манассегийн хөвгүүдийн зарим нь Йерусалимд амьдарсан бөгөөд 4 Иудагийн хүү Перезийн хөвгүүдээс Утаи амьдарчээ. Тэрээр Аммихудын хүү, Омригийн ач, Имрийн гуч, Банийн дөч болой. 5 Шилончуудаас ууган хүү Асаиа болон түүний хөвгүүд тэнд амьдарчээ. 6 Зерагийн хөвгүүдээс Иеуел болон түүний төрөл садны зургаан зуун ерэн хүн амьдарсан ажээ. 7 Бениамины хөвгүүдээс Хассенуагийн гуч Ходавиагийн ач, Мешулламын хүү Саллу амьдарсан болой. 8 Мөн Иерохамын хүү болох Ибнеиа, Микрийн ач Уззийн хүү Ела, Ибнеиагийн гуч Реуелийн ач Шефатиагийн хүү Мешуллам амьдарсан юм. 9 Тэдний садан төрөл нь уг угсааныхаа дагуу бүгд есөн зуун тавин зургаан хүн бөгөөд тэд бүгдээрээ тус тусын эцгийн бүлийн тэргүүн нар болой.
Тахилчдын бүл
10 Тахилч нараас Иедаиа, Иехоиариб, Иахин, 11 Азариа нар байсан бөгөөд Азариа бол Хилкиагийн хүү, Мешулламын ач Задокийн гуч, Мераиотын дөч, Бурханы сүмийн ахлах даамал Ахитубын тач хүү болой. 12 Бас Адаиа байсан бөгөөд тэр бол Иерохамын хүү, Пашхурын ач, Малхиагийн гуч юм. Мөн Маасаи байсан бөгөөд тэр бол Адиелын хүү, Иазерагийн ач, Мешулламын гуч, Мешиллемитийн дөч, Иммерийн тач юм. 13 Тэдний төрөл садан болох эцгийн бүлийн тэргүүн нар буюу Бурханы сүмийн үйлчлэлийн ажилд авьяаслаг мянга долоон зуун жаран хүн байв.
Левичүүдийн бүл
14 Леви хүмүүсээс Мерарийн хөвгүүдийн нэг болох Шемаиа байсан бөгөөд тэрээр Хасшубын хүү, Азрикамын ач, Хашабиагийн гуч болой. 15 Бас Бакбаккар, Хереш, Галал, Маттаниа нар байсан бөгөөд Маттаниа бол Микагийн хүү, Зихрийн ач, Асафын гуч болой. 16 Бас Обадиа байсан бөгөөд тэр бол Шемаиагийн хүү, Галалын ач, Иедутуны гуч юм. Мөн Берехиа байсан бөгөөд тэр бол Асагийн хүү, Нетофат хүмүүсийн тосгонд амьдарч байсан Елканагийн ач болой. 17 Хаалгач нар нь Шаллум, Аккуб, Талмон, Ахиман нар болон тэдний төрөл садангууд болой. Шаллум нь тэргүүн бөгөөд 18 одоог хүртэл зүүн тал дахь Хааны хаалган дээр хаалгач хийж байна. Левийн хөвгүүдийн хүрээний хаалгач нар эдгээр нь юм. 19 Корагийн гуч, Ебиасафын ач, Корегийн хүү Шаллум болон түүний эцгийн бүлийнхэн түүний төрөл садан, корачууд майхны үүдийг сахин үйлчлэлийн ажилд тавигджээ. Тэдний өвөг дээдэс ч ЭЗЭНий хуарангийн үүд хаалгыг хамгаалдаг хүмүүс байв. 20 Урьд Елеазарын хүү Финехас нь тэдний удирдагч байсан бөгөөд ЭЗЭН түүнтэй хамт байв. 21 Мешелемиагийн хүү Зехариа хурлын майхны үүдний сахиул болой. 22 Үүдний сахиулаар сонгогдсон хүмүүс нь бүгд хоёр зуун арван хоёулаа байсан бөгөөд тосгоноороо удмын бичигт тэмдэглэгджээ. Давид болон үзмэрч Самуел ч тэднийг итгэмжит ажилд томилсон байна. 23 Иймээс тэд болон тэдний хөвгүүд нь майхан асар буюу ЭЗЭНий сүмийн хаалганы хамгаалалтыг дааж авчээ. 24 Сахиулууд зүүн, баруун, өмнө, хойд дөрвөн зүгт байв. 25 Тэдний тосгон дахь төрөл садангууд нь долоо хоног бүр ирж, ээлжээр тэдэнтэй хамт байдаг байв. 26 Бурханы өргөөний эрдэнэсийн сан ба өрөөнүүдийг хариуцсан итгэмжит үйлчлэлд дөрвөн ахлах хаалгач байсан бөгөөд тэд левичүүд байв. 27 Харуул хамгаалалт ба өглөө бүр хаалгыг нээх үүргийг даан авсан тул тэд Бурханы сүмийн эргэн тойронд шөнийг өнгөрөөдөг байв. 28 Тэдний зарим нь үйлчлэлийн хэрэгслүүдийг даан авсан тул тэдгээрийг гаргаж, оруулах бүрийдээ тоолдог байжээ. 29 Тэдний зарим нь ариун газрын бүх хэрэгсэл, тавилгууд, сайн гурил, усан үзмийн дарс, тос, гүгэл, үнэртнийг хариуцаж байлаа. 30 Тахилч нарын хөвгүүдийн зарим нь үнэртнүүдийг холин бэлтгэдэг байв. 31 Левичүүдийн нэг Маттитиа нь кора хүн Шаллумын ууган хүү бөгөөд тэрээр саванд шарах зүйлсийг хариуцаж авчээ. 32 Кохатчуудын төрөл садны зарим хүн нь Амралтын өдөр бүр тавиг талх хийх ажлыг хариуцаж авсан байв. 33 Дуучид нь Левийн өрхүүдийн захирагчид бөгөөд сүмийн өрөөнүүдэд амьдран, өдөр ч шөнө ч өөрсдийн ажлыг хийх тул өөр бусад үйлчлэлээс чөлөөлөгдөв. 34 Эдгээр нь уг угсааныхаа дагуу левичүүдийн эцгийн бүлийн тэргүүн нар бөгөөд тэдгээр удирдагчид Йерусалимд амьдарчээ.
Саул хааны бүл
35 Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан бөгөөд түүний эхнэрийн нэр нь Маака болой. 36 Түүний ууган хүү нь Абдон, удаах нь Зур, Киш, Баал, Нер, Надаб, 37 Гедор, Ахио, Зехариа, Миклот нар болой. 38 Миклот нь Шимеамыг төрүүлжээ. Тэд өөрсдийн ах дүүсийн хамт бусад хамаатнуудынхаа зэргэлдээ Йерусалимд амьдрав. 39 Нер Кишийг төрүүлж, Киш нь Саулыг төрүүлж, Саул нь Ионатан, Малхи-Шуа, Абинадаб, Ешбаал нарыг төрүүлсэн юм. 40 Ионатаны хүү нь Мериб-Баал бөгөөд Мериб-Баал нь Микаг төрүүлжээ. 41 Микагийн хөвгүүд нь Питон, Мелек, Тареа, Ахаз нар болой. 42 Ахаз нь Иараг, Иара нь Алемет, Азмавет, Зимри нарыг, Зимри нь Мозаг төрүүлжээ. 43 Моза нь Бинеаг төрүүлэв. Бинеагийн хүү нь Рефаиа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел болой. 44 Азел зургаан хүүтэй болсон бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бохеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан юм. Тэд бүгд Азелын хөвгүүд болой.