Өргөөний төлөөх өргөл
29 1 Давид хаан бүх чуулганд
—Бурханы сонгосон хүү Соломон минь нас балчир, туршлагагүй байна. Харин энэ сүм хүнд бус, ЭЗЭН Бурханд зориулагдсан тул ажил ч асар их байна.* 2 Би Өөрийн бүхий л чадлаар Бурханыхаа өргөөнд зориулан алтан эдлэлүүдэд алт, мөнгөн эдлэлүүдэд мөнгө, хүрэл эдлэлүүдэд хүрэл, төмөр эдлэлүүдэд төмөр, модон эдлэлүүдэд мод, судалт гартаам чулуу, шигтгэх чулуу, гоёмсог чулуу, олон өнгийн чулуу, бүх төрлийн эрдэнэсийн чулуу болон шохойн чулууг маш ихээр бэлдсэн. 3 Ариун өргөөний төлөө бэлтгэсэн бүхий л зүйлээс гадна, Бурханыхаа өргөөг гэсэн сэтгэлээр би өөрийн эзэмшдэг алт, мөнгө хөрөнгийг Бурханыхаа өргөөнд өгч байгаа юм. 4 Үүнд: Офирын алтнаас гурван мянган талант алт, өрөөнүүдийн ханыг бүрэхэд долоон мянган талант цэвэршүүлсэн мөнгө, 5 урчуудын гараар бүтэх бүх ажлын алтан эдлэлд алт, мөнгөн эдлэлд мөнгө байна. Тиймээс хэн энэ өдөр өөрийн гараар ЭЗЭНд зориулалт гаргах вэ? гэв.
6 Тэгэхэд эцгүүдийн бүлийн тэргүүн нар сайн дурын өргөл өргөж, Израилын овгийн удирдагчид, мянгатын болон зуутын дарга нар мөн хааны үйлчлэлийн ахлагчид мөн үүнчлэн зориулжээ. 7 Бурханы өргөөний ажилд зориулан таван мянган талант ба арван мянган дарик алт, арван мянган талант мөнгө, арван найман мянган талант хүрэл, зуун мянган талант төмрийг өгөв. 8 Үнэт чулуутай байсан нь түүнийгээ ЭЗЭНий өргөөний эрдэнэст зориулан гершон хүн Иехиелийн гарт өгөв. 9 Ард олон бүхий л зүрхээрээ сайн дураар ЭЗЭНд хандив авчирсандаа баяртай байлаа. Давид хаан ч бас маш ихээр баярлав.
Давидын талархал
10 Ингээд Давид бүх чуулганы нүдэн дээр ЭЗЭНийг талархан магтахдаа
—Бидний эцэг өвөг Израилын Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай. 11 Өө, ЭЗЭН минь, тэнгэрт болоод газар дээрх бүх юмс Таных учир агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан Таных билээ. Өө, ЭЗЭН минь, Та бүхний дээр эрхэм дээд тэргүүн тул хаанчлал Таных билээ.* 12 Эд баялаг, алдар хүндлэл аль аль нь Танаас ирдэг ба Та бүхнийг захирдаг. Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг бөгөөд агуу болгох хийгээд хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг. 13 Тиймээс, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны яруу алдарт нэрийг магтъя. 14 Гэхдээ би хэн болоод, миний ард түмэн юу болоод ийнхүү сайн дураар өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас бөгөөд Таны мутраас бид Танд өргөсөн юм. 15 Бид бүх эцэг өвгөдийнхөө адил Таны өмнө цагаач бөгөөд түр суугчид билээ. Дэлхий дээрх өдрүүд маань сүүдэр адил бөгөөд ямар ч найдвар алга. 16 Өө, ЭЗЭН Бурхан минь, Таны ариун нэрд зориулан Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас ирсэн бөгөөд бүгд Таных билээ. 17 Бурхан минь, Та хүний зүрхийг тэнсэн үзэж, чигч шударгыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэдэв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртайяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа Таны ард түмэн Танд дуртайяа өргөж байгааг би баяртайгаар харлаа. 18 Өө, ЭЗЭН, бидний эцэг өвгөд Абрахам, Исаак, Израилын Бурхан, үүнийг Өөрийн ард түмний зүрхнийх нь хамаг бодол санаа болгоод үүрд иймээр нь хадгалж, тэдний зүрхийг Өөртөө хандуулаач! 19 Таны тушаал, гэрчлэл болон зарлигуудыг сахиж тэр бүхнийг үйлдэх хоёргүй сэтгэлийг миний хүү Соломонд өгөөч. Тэгвэл миний бэлтгэсэн зүйлсээр тэрээр өргөөг барих болно гэв. 20 Тэгээд Давид бүх чуулганд
—ЭЗЭН Бурханаа одоо талархан магтагтун гэсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг талархан магтаж, доор бөхийн, ЭЗЭНд болон хаанд мөргөв.
21 Дараа өдөр нь тэд ЭЗЭНд тахил өргөж, мянган бух, мянган хуц, мянган хургыг шатаалт тахил болгон ундаан өргөлтэй нь хамт бүх Израилын төлөө хангалттайгаар өргөж, 22 тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав.
Соломоныг хаанаар өргөмжлөв
Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөв. Түүнийг ЭЗЭНий өмнө удирдагч болгон тосолж, Задокийг тахилчаар томилжээ. 23 Тэгээд Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий сэнтийд залран, хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израил түүнийг дуулгавартай дагав.* 24 Бүх удирдагчид, хүчит эрс болон Давид хааны бүх хөвгүүд ч Соломон хаанд хүчээ өргөцгөөв. 25 ЭЗЭН, Соломоныг бүх Израилын нүдэн дээр өндөрт өргөмжилж, түүнээс өмнө Израилд ямар ч хаанд байгаагүй хаант засаглалын цог жавхланг түүн дээр цутгав.
Давидын хаанчлалын товчоон
26 Ийнхүү Иессигийн хүү Давид бүх Израилыг захирсан билээ. 27 Давид Хебронд долоон жил, Йерусалимд гучин гурван жил, нийт дөчин жил Израилыг захирчээ.* 28 Түүний өдөр хоногууд эд баялаг, нэр хүндээр дүүрэн байж сайхан өндөр наслаад нөгчив. Түүний хүү Соломон түүний оронд хаан боллоо. 29 Давид хааны үйлс, эхнээсээ төгсгөл хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн бөгөөд 30 түүний бүрэн засаглал, хүч чадал мөн түүнд болон Израилд, мөн дэлхийн бүх улс орны хаант гүрэнд тохиолдсон үйл явдлууд тэнд бий.
- 29:1–2 1Шс 22:5
- 29:11 Мт 6:13
- 29:23 1Ха 2:12
- 29:27 2См 5:4–5; 1Шс 3:4