Давидтай хийсэн ЭЗЭНий гэрээ
(2См 7:1–17)

17 1 Давид өргөөндөө тухлан амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд
—Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад ЭЗЭНий гэрээний авдар майхны хөшгөн доор байна гэв. 2 Натан, Давидад
—Зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь Бурхан тантай хамт байна гэв.
3 Гэтэл тэр шөнө Бурханы үг Натанд ирж
4 Яв, Миний зарц Давидад хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Миний оршин суух өргөөг чи барихгүй. 5 Учир нь Би Израилын хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхан ба асарт аялж байв. 6 Би Израилын хамт хэрэн нүүж байх бүх хугацаандаа ард түмнээ хариулуулахаар тушаан зааварласан Израилын шүүгч нарын хэнд нь “Чи яагаад Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн юм бэ?»” 7 Тиймээс одоо чи Миний зарц Давидад ингэж хэл. “Түг түмдийн ЭЗЭН «Өөрийн ард түмэн Израилын удирдагч болгохын тулд Би Өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан. 8 Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил нэрийг өгнө. 9 Би Өөрийн ард түмэн Израилд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилынхаа дээр шүүгчдийг томилсон урьдын цаг үеийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин зовоохоо болино. 10 Би хамаг дайсныг чинь номхруулна. Түүнчлэн Би чамд мэдүүлье. ЭЗЭН чамд нэгэн гэр барьж өгнө. 11 Чиний өдрүүд гүйцэж чи эцэг өвгөд рүүгээ одох үед Би чиний үрийг, хөвгүүдийн чинь нэгийг чиний дараа босгож түүний хаанчлалыг бэхжүүлнэ. 12 Надад тэрээр өргөө барина. Би түүний сэнтийг мөнхөд тогтооно. 13 Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Би чиний өмнө байсан нэгнээс хайр энэрлээ татаж авсан шигээ байхгүй. Өөрийн хайр энэрлийг түүнээс салгахгүй.* 14 Тэгээд Би түүнийг Өөрийн өргөө, Өөрийн хаанчлалд мөнхөд суулган, түүний хаан ширээ мөнхөд тогтоно» гэв.” 15 Натан эдгээр бүх үг ба үзэгдлийн дагуу Давидад айлтгалаа.

Давидын залбирал
(2См 7:18–29)

16 Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад
—ЭЗЭН Бурхан минь, би хэн болоод, миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ? 17 Гэлээ ч энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан, Бурхан минь. Та зарцынхаа гэрийн алс ирээдүйн тухай агуу зүйлийг айлдлаа. Эрхэм дээд хүний хэмжүүрээр Та надад хандлаа, ЭЗЭН Бурхан минь. 18 Таны зарцдаа өгсөн хүндлэлийн талаар Давид үүнээс өөр Танд юу хэлэх вэ? Та Өөрийн зарцыг мэддэг билээ. 19 Өө, ЭЗЭН минь Та зарцынхаа төлөө энэ бүх агуу зүйлийг ухааруулан Та зүрх сэтгэлийнхээ дагуу энэ бүх агуу үйлийг хийжээ. 20 Өө, ЭЗЭН минь, бидний чихээрээ сонссон бүхний дагуу Тантай адил хэн ч үгүй бөгөөд Танаас өөр Бурхан байхгүй билээ. 21 Таны ард түмэн Израилтай хэн адил вэ? Ард түмнээ болгон чөлөөлж авахаар Бурхан нь Өөрөө явж, ард түмнийхээ өмнөөс үндэстнүүдийг зайлуулан Египетээс золин авч, агуу бөгөөд сүрдмээр зүйлсийг үйлдэн Өөртөө нэр алдрыг авсан тийм Бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхийд байна вэ? 22 Учир нь Та Өөрийн ард түмэн Израилыг мөнхөд Өөрийнхөө ард түмэн болгосон бөгөөд ЭЗЭН Та тэдний Бурхан нь болжээ. 23 Тиймээс одоо, ЭЗЭН минь, Өөрийнхөө зарц ба түүний гэрийн талаар хэлсэн үг тань ёсоор болж, үүрд тогтох болтугай, Та айлдсанаараа үйлдээрэй. 24 Тийнхүү Таны нэр бэхжиж, мөнхөд аугаа болж “Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН нь Израилын Бурхан билээ” гэж хэлэгдэх болно. Таны зарц Давидын гэр ч Таны өмнө бэхжиг. 25 Бурхан минь ээ, Та зарцдаа гэрийг барьж өгнө гэдгээ илчилсэн тул зарц тань Таны өмнө залбирах зоригийг олсон билээ. 26 ЭЗЭН, Та Бурхан бөгөөд Та энэхүү сайныг Өөрийнхөө зарцад амласан билээ. 27 Тэгэхээр зарцынхаа гэрийг Өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд одоо түүнийг ерөөх нь Таны таалалд нийцэг. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн бол тэр нь мөнхийн ерөөл болдог билээ гэв.


  • 17:13: 2Ко 6:18; Евр 1:5