Давидын хаант улс өргөжсөн нь
(2См 8:1–18)
18 1 Дараа нь Давид филистчүүдийг цохиж, номхотгов. Тэрээр филистчүүдийн гараас Гат болон үүний гацаануудыг авлаа.
2 Тэрээр бас Моабыг ялсанд моабчууд Давидын харьяат болж алба гувчуур төлөх болов.
3 Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний хөндийд ноёрхлоо сэргээхээр Хаматад ирэхэд нь цохив. 4 Давид түүний мянган тэрэг, долоон мянган морьтон, хорин мянган явган цэргийг олзлон авчээ. Давид зуун тэрэгний морьдыг үлдээгээд, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ. 5 Дамаскийн арамчууд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид арамчуудаас хорин хоёр мянган хүнийг цохив. 6 Тэгээд Дамаскийн Арамд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг, Давидын зарц нар боллоо. Ийнхүү Давидын явсан газар бүрд нь ЭЗЭН түүнд туслав. 7 Хададезерын зарц нарт байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Йерусалимд авчирлаа. 8 Түүнчлэн Хададезерын хотууд болох Тибхат ба Кунаас Давид маш их хэмжээний хүрэл олзлон авчрав. Түүгээр Соломон хүрэл тэнгис, баганууд болон хүрэл сав суулгыг хийсэн билээ.* 9 Зобагийн хаан Хададезерын хамаг дайчдыг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тоу сонсоод, 10 Хададезертай тулалдаж ялсанд нь баяр хүргэн, мэндийг нь асуулгахаар өөрийн хүү Хадорамыг илгээв. Учир нь Хададезер Тоутай үргэлж дайтаж байсан билээ. Тэрээр бүх төрлийн алт, мөнгө, хүрэл эдлэлүүдийг явуулжээ. 11 Давид хаан тэдгээрийг бусад үндэстнээс буюу Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон амалекчуудаас авчирсан мөнгө, алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ. 12 Түүнчлэн Зеруиагийн хүү Абишаи арван найман мянган едомыг Давст хөндийд хядав.* 13 Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулсанд едомчууд бүгд Давидын зарц боллоо. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.
Давидын түшмэлүүд
14 Ийнхүү Давид бүх Израилын хаан болж, тэрээр ард түмнээ зөв шударгаар засагласан юм. 15 Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч, 16 Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Шавшаa нь гүүш болж, 17 Иехоиадагийн хүү Бенаиа нь керетчүүд ба пелетчүүдийн захирагч, Давидын хөвгүүд хааны дэргэдэх түшмэлүүд байлаа.
- 18:8 1Ха 7:40–47; 2Шс 4:11–18
- 18:12 Дуу 60 (гарчиг)
- a18:16 эсвэл Сераиа (2См 8:17 үз.)