Реубений үр удам

5 1 Израилын ууган хүү Реубений хөвгүүдийг тоочвол, (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилын хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр удмын бичигт ууган гэж бичигдсэнгүй.* 2 Хэдийгээр Иуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм.)* 3 Израилын ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар байв. 4 Иоелын хөвгүүд нь Шемаиа, түүний хүү нь Гог, түүний хүү нь Шимеи, 5 түүний хүү нь Мика, түүний хүү нь Реаиа, түүний хүү нь Баал, 6 түүний хүү нь Беера бөгөөд тэр реубенчүүдийн удирдагч байсан боловч Ассирийн хаан Тилгат-Пилнесер түүнийг олзлон авч явсан билээ.* 7 Тэдний удмын бичигт орсон уг угсаа ургуудынх нь дагуух түүний хамаатнууд нь захирагч Иеиел, тэгээд Зехариа, 8 Иоелын гуч, Шемагийн ач, Азазын хүү Бела билээ. Тэр Ароерт Небо, Баал-Меон хүртэлх газарт амьдарсан юм.
9 Гилеад газарт тэдний мал сүрэг ихэд өссөн учир тэд зүүн зүгт Евфрат мөрнөөс зэлүүд цөлийн хоолой хүртэл суурьшин амьдарчээ. 10 Саулын өдрүүдэд тэр хагри хүмүүстэй дайн хийж, гартаа оруулан Гилеадын зүүн зүгийн бүх нутагт өөрсдийн майхнуудыг дэлгэцгээв.

Гадын үр удам

11 Тэдний зэргэлдээ Гадын хөвгүүд Салекагаас цааш Башаны газарт суурьшин амьдарчээ. 12 Башанд Иоел тэргүүн, Шафам удаах нь бөгөөд дараа нь Ианаи, Шафат нар байв. 13 Тэдний эцгүүдийн гэрийн ах дүүс нь Михаел, Мешуллам, Шеба, Иораи, Иакан, Зиа, Ебер энэ долоо билээ. 14 Эд Абихаилын хөвгүүд бөгөөд Абихаил нь Хурийн хүү, Иароагийн ач, Гилеадын гуч, Михаелын дөч, Иешишаин тач, Иахдогийн жич, Бузын долдугаар үеийн хүү байв. 15 Гунийн ач Абдиелын хүү Ахи нь тэдний эцгүүдийн бүлийн тэргүүн байв. 16 Тэд Гилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм. 17 Энэ бүгд нь Иудагийн хаан Иотам болон Израилын хаан Иеробоамын өдрүүдэд удмын бичигт тэмдэглэгдсэн юм.
18 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд мөн Манассегийн хагас овгийнхонд сэлэм бамбай агсан, нум хөвчлөн дайнд морддог, тулаанд туршлагатай зоригт эрчүүд дөчин дөрвөн мянга долоон зуун жар байсан юм. 19 Тэд хагри хүн, Иетур, Нафиш, Нодаб нарын эсрэг дайтав. 20 Тэд Бурханд итгэдэг байсан тул тулааны үеэр Бурханд хандан хашхирсан бөгөөд Тэр тэдэнд өршөөл үзүүлж, тэд дайснаа дарах хүчийг олжээ. Бурхан тэдний гарт хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг тушаалаа. 21 Тэд дайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжиг, зуун мянган хүнийг олзлон иржээ. 22 Бурханы дайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртлээ тэдний нутагт амьдарсан юм.a

Манассегийн хагас овгийнхон

23 Манассегийн хагас овгийн хөвгүүд Башанаас Баал-Хермон, Сенир, Хермон уул хүртэлх нутагт амьдарсан юм. Тэд олуулаа байв. 24 Тэдний эцгийн бүлийн тэргүүн нар нь Ефер, Иши, Елиел, Азриел, Иеремиа, Ходавиа, Иахдиел бөгөөд тэд эрэлхэг зоригтой, алдар цуутай, өөрсдийн эцгийн бүлийн тэргүүн нар байв. 25 Гэвч тэд өөрсдийн эцэг өвгөдийн Бурханы эсрэг харш юм хийж, тэдний өмнөөс Бурханы устгасан тэр газрын ард түмний бурхдын араас завхайрав. 26 Иймээс Ассирийн хаан Пулын сүнс, Ассирийн хаан Тилгат-Пилнесерийн сүнсийг Израилын Бурхан хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон Хала, Хабор, Хара, Гозан гол руу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байгаа.*


  • 5:1 Эх 35:22, 49:3–4
  • 5:2 Эх 49:8–10
  • 5:6 2Ха 15:29
  • a5:22 МЭӨ 733 оны үед ассиричууд хойд Израил ба Йордан голын зүүн эргийн Израилын нутгийг эзлэн авч хүмүүсийг нь хөөн гаргажээ. (2Ха 15:29 үз.)
  • 5:26 2Ха 15:19,29, 17:6