Израилын хаан Иехоахаз

13 1 Ахазиагийн хүү Иудагийн хаан Иоашийн хорин гуравдугаар онд Иехүгийн хүү Иехоахаз, Самарид Израилын хаан болж, арван долоон жил захирчээ. 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг дагав. Тэрээр тэдгээрээс эргэсэнгүй. 3 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилын эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч мөн Хазаелын хүү Бен-Хададын гарт тушаасаар байв. 4 Тэгэхэд Иехоахаз, ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарангуйлж байгааг болон Израилын дарлагдлыг Тэр харжээ. 5 ЭЗЭН, Израилд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамчуудын гараас мултран гарав. Ингээд Израилын хөвгүүд хуучин янзаараа өөр өөрсдийн майхнууддаа амьдарчээ. 6 Хэдий тийм боловч тэд Израилаар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын гэрийн нүглүүдээс эргэсэнгүй, харин тэдгээрийн дотор явсан юм. Ашера ч Самарид хэвээрээ үлдэв. 7 Арамын хаан Иехоахазын цэргийг устган, гишгүүрийн тоос мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг үлджээ.
8 Иехоахазын бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн мөн түүний хүч чадал нь Израилын Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 9 Иехоахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Самарид нутаглуулав. Түүний хүү Иехоашa түүний оронд хаан болов.

Израилыг Иехоаш хаанчлав

10 Иудагийн хаан Иоашийн гучин долдугаар онд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилын хаан болж, арван зургаан жил захирчээ. 11 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Израилаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ.
12 Иехоашийн бусад үйл хэрэг, түүний хийсэн бүхэн болон Иудагийн хаан Амазиагийн эсрэг тулалдсан түүний хүч чадал зэрэг нь Израилын Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 13 Ингээд Иехоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Иеробоам түүний сэнтийд заларчээ. Иехоаш Израилын хаадтай хамт Самарид тавигджээ.

Елиша өөд болов

14 Елиша үхэлд хүргэх өвчин тусах үед Израилын хаан Иоаш түүн дээр ирээд, түүний өмнө уйлан
—Эцэг минь, Израилын тэрэгт цэрэг хийгээд морьт цэрэг болсон эцэг минь! гэв.* 15 Елиша түүнд
—Нум сумаа ав гэхэд тэрээр нум сумаа авав. 16 Тэгээд Елиша, Израилын хаанд
—Гараа нуман дээр тавигтун гэхэд тэрээр гараа тавьсан бөгөөд дараа нь Елиша түүний гар дээр өөрийн гарыг тавив. 17 Елиша
—Зүүн зүг харсан цонхыг нээ гэхэд тэрээр онгойлгов. Дараа нь Елиша
—Харвагтун! гэсэнд тэр харвав. Елиша
—ЭЗЭНий ялалтын сум буюу Арамыг ялах ялалтын сум. Учир нь та нар Афект арамчуудыг цохин, хүйс тэмтрэх болно гэв. 18 Дараа нь тэр
—Сумнуудаа ав гэхэд хаан сумнуудаа авав. Тэрээр Израилын хаанд
—Газрыг цохигтун гэхэд хаан гурван удаа цохиод болив. 19 Иймээс Бурханы хүн түүнд уурлан
—Та тав юм уу, зургаан удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг гурван удаа цохих болно гэж хэлэв.
20 Елиша өөд болсонд тэд түүнийг нутаглуулав. Моабын дээрмийн бүлгүүд тэр жилийн хавар газар нутагт нь халдсаар байв. 21 Нэгэн удаа нэг хүнийг хөдөөлүүлж байтал дээрэмчдийн бүлэг үзэгдэж, өнөөх хүнийг Елишагийн булшинд хаяжээ.b Өнөөх хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов.

Израил хотуудаа эргүүлэн авав

22 Иехоахазын бүхий л өдрүүдэд Арамын хаан Хазаел Израилыг дарангуйлав. 23 Гэвч ЭЗЭН израилчуудад нигүүлсэнгүй хандаж тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн рүү эргэсэн бөгөөд тэднийг устгахыг хүсээгүй бас, Өөрийнхөө оршихуйгаас ч өдийг хүртэл зайлуулаагүй билээ. 24 Арамын хаан Хазаел үхэхэд түүний хүү Бен-Хадад түүний оронд хаан болов. 25 Тэгэхэд Иехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-Хададын гараас хотыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-Хададыг дийлж, Израилын хотуудыг буцаан авав.


  • a13:9 эсвэл Иоаш Энэхүү хаан нь Иудагийн хаан Иоаштай адил нэртэй бөгөөд цаашид уг нэрийн урт богино хэлбэрийг хольж дурдана.
  • 13:14 2Ха 2:12
  • b13:21 ЭЗО: хаяад зугтжээ.