Иудаг Ахаз хаанчлав
(2Шс 28:1–27)
16 1 Ремалиагийн хүү Пекагийн арван долдугаар онд Иудагийн хаан Иотамын хүү Ахаз хаан болов. 2 Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Йерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Тэрээр ЭЗЭН Бурханы мэлмийд зөв зүйтэйг үйлдсэнгүй, өвөг эцэг Давид шигээ байсангүй. 3 Харин тэрээр Израилын хаадын замаар замнасан төдийгүй, Израилын хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсанa ажээ.* 4 Тэрээр мөргөлийн өндөрлөг, толгод болон ногоон мод бүрийн доор утлага уугиулан тахил өргөв.
5 Тэгтэл Арамын хаан Резин, Ремалиагийн хүү Израилын хаан Пека нар дайтахаар Йерусалим руу иржээ. Тэд Ахазыг бүслэн авсан боловч дийлсэнгүй.* 6 Тэр үед Арамын хаанb Резин, Елатыг Арамд буцаасан бөгөөд иудейчүүдийг бүгдийг нь Елатаас гаргасан билээ. Арамчууд Елатад ирж, энэ өдрийг хүртэл тэнд амьдарсан юм.
7 Ингээд Ахаз, Ассирийн хаан Тиглат-Пилесерт элч нар илгээн
—Би таны зарц бөгөөд таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилын хааны гараас намайг аварч өгөөч гэж уламжлуулав. 8 ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө ба алтыг Ахаз авч, Ассирийн хаанд бэлэг илгээв. 9 Ассирийн хаан түүнийг сонссон бөгөөд Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлээд, Резинийг алж мөн хүмүүсийг нь Кир лүү цөлжээ.
10 Ахаз хаан Ассирийн хаан Тиглат-Пилесерт бараалхахаар Дамаск руу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний дүрслэл зураг болон хэв загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв. 11 Ингээд Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүхний дагуу тахилч Уриа уг тахилын ширээг бүтээв. Тахилч Уриа үүнийг Ахаз хааныг Дамаскаас буцаж ирэхээс өмнө хийв. 12 Хаан, Дамаскаас буцаж ирээд, тахилын ширээг харжээ. Тэгээд хаан тахилын ширээнд ойртон очоод, дээр нь тахил өргөв. 13 Тэрээр тэр тахилын ширээн дээр шатаалт тахил ба идээн өргөлөө өргөж, ундаан өргөлөө цутган, эвийн тахилуудын цусыг уг ширээ рүү цацав. 14 ЭЗЭНий өмнө байдаг хүрэл тахилын ширээг харин өргөөний урд талаас, тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирч, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ.* 15 Тэгээд Ахаз хаан тахилч Уриад тушаан
—Өглөөний шатаалт тахил, үдшийн идээн өргөл, хааны шатаалт тахил болон түүний идээн өргөл, энэ газрын бүх ард түмний шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлүүд бүгдийг нь том тахилын ширээн дээр өргөж, шатаалт тахил болон бусад тахилын бүх цусыг түүн рүү цац. Харин тахилын хүрэл ширээг би үзэх шинжихдээ зориулъяc гэв. 16 Ингээд тахилч Уриа, Ахаз хааны тушаасан бүгдийн дагуу биелүүлэв. 17 Дараа нь Ахаз хаан тавиуруудын самбарыг салгаж, угаалгын савыг авав. Тэр бас хүрэл үхрүүдийн дээрээс тэнгисийг салган аваад, чулуун тавцан дээр тавив.* 18 Өргөөн дотор тэдний барьсан Амралтын өдөрт зориулсан жим болон хааны гадна хаалгыг тэрээр Ассирийн хаанд зориулан ЭЗЭНий өргөөнөөс зайлуулав.d
19 Ахазын үйлдсэн бусад үйл хэрэг нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 20 Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсон, Давидын хотод эцэг өвгөдийнхөө хамт тавигдаж, түүний хүү Хезекиа оронд нь хаанчлав. *
- a16:3 Хүүгээ Молехт өргөн шатаасан гэсэн утгатай.
- 16:3 Дх 12:31
- 16:5 Иса 7:1
- b16:6 ЭЗО: Едомын хаан
- 16:14 Гэт 27:1–2; 2Шс 4:1
- c16:15 эсвэл залбиралд
- 16:17 1Ха 7:23–39; 2Шс 4:2–6
- d16:18 Эх бичвэрийн 18-р эшлэл тодорхой бус.
- 16:20 Иса 14:28