Иехүг тослон томилсон нь
9 1 Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгч хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд
—Ууцаа бүсэлж, гартаа энэ тостой савыг бариад Рамот-Гилеад руу яв. 2 Чи тэнд очиж Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод дотогш орж, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон дотоод өрөөнд дагуулж орогтун. 3 Тэгээд тостой саваа авч, толгой дээр нь тос цутган “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилын хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэл. Дараа нь хаалгаа онгойлгоод, шууд л зугт гэв. 4 Ингээд эш үзүүлэгчийн зарц болох тэр залуу Рамот-Гилеад руу явжээ. 5 Түүнийг ирэхэд, харагтун, цэргийн жанжид сууж байв. Тэрээр
—Жанжинд хэлэх үг надад байна гэв. Иехү
—Бидний хэнд нь юм бэ? гэж асуухад тэрээр
—Жанжин танд гэв. 6 Иехү босоод гэрт ороход тэрээр түүний толгой дээр тос цутган түүнд
—Израилын Бурхан, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би чамайг ЭЗЭНий ард түмэн дээр болон Израилын дээр хаан болгон тосоллоо.* 7 Иезебелийн гарт үрэгдсэн Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдийн цус болон ЭЗЭНий бүх зарц нарын цусны өшөөг Би авна. Иймд чи өөрийн эзэн Ахабын гэрийг цохигтун. 8 Учир нь Ахабын бүх гэр мөхөх ёстой. Израил дахь боол ч бай, чөлөөт ч бай бүх эрэгтэй хүнийг Би Ахабаас таслах болно. 9 Би Ахабын гэрийг Небатын хүү Иеробоамын гэртэй адил мөн Ахиагийн хүү Баашагийн гэртэй адил болгоно. 10 Ноход Иезреелийн нутагт Иезебелийг идэх бөгөөд хэн ч түүнийг хөдөөлүүлэхгүй” гэж байна гэв. Тэгээд тэрээр хаалга онгойлгон зугтав.* 11 Иехү эзнийхээ зарц нар дээр ороход нэг нь түүнээс
—Бүх юм зүгээр үү? Тэр галзуу яагаад чам руу ирсэн юм бэ? гэж асуув. Тэрээр тэдэнд
—Та нар иймэрхүү хүнийг, бас юу ярьдгийг нь мэднэ шүү дээ гэв. 12 Тэд
—Худлаа даа, алив бидэнд хэл л дээ гэсэнд Иехү
—Тэрээр надад ингэж ингэж яриад “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилын хаан болгон тосоллоо» гэж байна” гэж мөн хэлсэн билээ гэв. 13 Тэгэхэд тэд яаравчлан хүн бүр хувцсаа авч Иехүгийн хөлийн доор, гишгэх газарт нь дэвсэн тавиад, бүрээ үлээн
—Иехү бол хаан гэцгээв.
Израилын Иорам хааныг хөнөөв
14 Ингээд Нимшийн ач, Иехошафатын хүү Иехү, Иорамын эсрэг хуйвалдав. Тэр үед Иорам бүх израилчуудын хамт Арамын хаан Хазаелын эсрэг Рамот-Гилеадыг хамгаалж байлаа. 15 Харин Иорам хаан Арамын хаан Хазаелтай тулалдаж байхдаа арамчуудаас олсон шархаа эдгээхээр Иезреел рүү буцаж ирсэн байлаа. Иймээс Иехү
—Хэрэв та нарын санаа ийм байгаа бол, Иезреелд дуулгахаар хэн ч оргох юм уу, хотыг орхин явж болохгүй гэв. 16 Тэгээд Иехү тэргэнд суугаад Иезреел рүү явав. Учир нь Иорам тэнд хэвтэж байсан билээ. Иудагийн хаан Ахазиа Иорамтай уулзахаар тэнд ирчихсэн байв.
17 Иезреелийн цамхаг дээр харуул зогсож байсан бөгөөд Иехүгийн цэргүүдийг ирж байгааг хараад
—Би цэргүүдийг харлаа гэжээ. Иорам
—Нэг морьтон авч, тэднийг угтуулан илгээгээд “Амар тайван уу” гэж түүгээр асуулга гэв. 18 Ингээд морьтон эр түүнтэй уулзахаар явж
—Хаантан “Амар тайван уу?” гэсэн билээ гэв. Иехү
—Амар тайвнаар ирсэн эсэх нь чамд хамаагүй. Миний хойноос яв гэв. Харуул мэдээлэхдээ
—Элч тэдэн рүү очсон боловч буцаж ирсэнгүй гэв. 19 Тэгэхэд хаан хоёр дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн рүү ирээд
—Хаан “Амар тайван уу?” гэж асууж байна гэв. Иехү
—Амар тайвнаар ирсэн эсэх нь чамд хамаагүй. Миний хойноос яв гэж хариулав. 20 Харуул
—Элч тэдэн рүү хүрч очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Иехүгийн давхихтай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхидаг гэж мэдэгдэв. 21 Тэгэхэд Иорам
—Бэлэн байгтун гэв. Тэд түүний тэргийг бэлтгэв. Израилын хаан Иорам болон Иудагийн хаан Ахазиа тус тусын тэргэндээ суун Иехүг угтахаар гарч, иезреел хүн Наботын эзэмшил дээр түүнтэй тулгарав. 22 Иорам, Иехүг хараад
—Иехү, амар тайван уу? гэж асуусанд Иехү
—Чиний эх Иезебелийн завхайрал болон ид шид олширсоор байхад юун амар тайван байх билээ? гэв. 23 Иорам эргэж зугтан, Ахазиад
—Хөөе, Ахазиа, урвалт гэв. 24 Иехү бүх хүчээрээ нумаа татаж, Иорамыг гарынх нь хоорондуур харвав. Сум түүний зүрхийг нэвтлэн гарч, тэрээр тэргэн дотроо суун тусав. 25 Тэгээд түүний түшмэл Бидкарт
—Түүнийг өргөж, иезреел хүн Наботын эзэмшлийн талбайд аваачиж хаягтун. Учир нь түүний эцэг Ахабын араас чи бид хоёр даган явж байхад ЭЗЭН түүний эсрэг ийнхүү зөгнөснийг би санаж байна. 26 “Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр Би үнэхээр харлаа” гэж ЭЗЭН айлдаж “Би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно” гэсэн билээ. Тэгэхээр одоо ЭЗЭНий үгийн дагуу түүнийг авч, тэр эзэмшил дээр хаягтун гэв.*
Иудагийн Ахазиа хааныг хөнөөв
27 Иудагийн хаан Ахазиа үүнийг хараад цэцэрлэгт гэрийг чиглэсэн замаар зугтаав. Иехү түүний хойноос хөөн
—Түүнийг ч мөн харва гэсэнд цэргүүд нь Иблеам дахь Гурын өгсүүр зам дээр явж байхад нь тэргэн дээр нь түүнийг харвав. Гэвчa тэрээр Мегиддо руу зугтан тэндээ үхжээ. 28 Дараа нь албат нар нь түүнийг тэргээр Йерусалим руу аваачиж, өөрийнх нь булшинд эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод нутаглуулсан юм. 29 Ахабын хүү Иорамын арван нэгдүгээр онд Ахазиа Иудагийн хаан болсон байлаа.
Иезебелийн аймшигт үхэл
30 Иехү Иезреелд ирэх үед Иезебел сонсоод, нүдээ будан толгойгоо чимэглээд, цонхоороо харав. 31 Иехү гулдан хаалгаар орж ирж байхад Иезебел
—Эзнийгээ хороосон Зимри, чамд амар тайван байна уу? гэсэнд 32 Иехү цонх руу толгойгоо өргөн
—Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүнийг харлаа. 33 Тэрээр
—Түүнийг доош хаягтун гэв. Ингээд тэд түүнийг доош чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр, морьдод хүртэл цацагдав. Тэд түүнийг хөл дороо дэвсэлсэн юм. 34 Иехү дотогш ороод ууж идлээ. Тэрээр
—Харагтун. Одоо тэр хараагдсан эмийг хөдөөлүүлцгээ. Учир нь тэрээр хааны охин юм гэв. 35 Тэд түүнийг хөдөөлүүлэхээр гарсан боловч түүнээс гавлынх нь яс, хөл, гарынх нь сарвуунаас өөр юм олсонгүй. 36 Тиймээс тэд буцаж ирээд Иехүд хэлжээ. Тэрээр
—Энэ бол ЭЗЭНий үг юм. Тэрээр Өөрийн зарц тишбе хүн Елиагаар дамжуулан “Иезреелийн эзэмшил дээр ноход Иезебелийн махыг иднэ.* 37 Иезебелийн цогцос нь Иезреелийн эзэмшлийн талбай дээрх бууц мэт болж, хэн ч «Энэ бол Иезебел» гэж хэлж чадахгүй” гэсэн билээ гэв.
- 9:6: 1Ха 19:16
- 9:10 1Ха 21:23
- 9:26 1Ха 21:19
- a9:27 ЭЗО: Тэд түүнийг шархдуулав. Эх бичвэртээ ийм үгс байхгүй.
- 9:36 1Ха 21:23