Елиа дээш авагдав
2 1 ЭЗЭН, Елиаг хуй салхиар тэнгэр өөд авах гэж байх үед Елиа Елишатай хамт Гилгалаас гарч явав. 2 Елиа, Елишад
—ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша
—ЭЗЭН амьд! Бас таны амиар тангараглая! Би таныг орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел рүү явав. 3 Тэгтэл Бетел дэх эш үзүүлэгчдийн хөвгүүдa Елиша руу гарч ирээд, түүнд
—Эзнийг тань өнөөдөр таны хажуугаас ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ
—Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв. 4 Елиа түүнд
—Елиша, ЭЗЭН намайг Иерихо руу илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша
—ЭЗЭН амьд! Бас таны амиар тангараглая! Би таныг орхихгүй гэж хэлэв. Тиймээс тэд Иериход ирлээ. 5 Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елишад дөхөн ирээд, түүнд
—Эзнийг тань өнөөдөр таны хажуугаас ЭЗЭН авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хариулахдаа
—Тийм ээ, би мэднэ, дуугүй байгтун гэв. 6 Тэгэхэд Елиа түүнд
—ЭЗЭН намайг Йордан руу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша
—ЭЗЭН амьд! Бас таны амиар тангараглая! Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав. 7 Тэр хоёрыг Йорданы тэнд зогсож байтал эш үзүүлэгчдийн хөвгүүдээс тавин хүн ирж, харалдаа зайдуу зогсов. 8 Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход ус хоёр тийш хуваагдаж, тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа. 9 Тэд гаталж гарсны дараа Елиа, Елишад
—Би чамаас авагдахаас өмнө чамд юу хийх вэ? Надаас гуйгтун! гэсэнд Елиша
—Таны сүнс над дээр хоёр дахин илүү байгb гэв.* 10 Тэр
—Чи хэцүү юм гуйж байна. Хэрэв намайг чамаас авагдаж байхад чи намайг олж харвал тэр нь чамд биелнэ. Харин харахгүй бол биелэхгүй гэв. 11 Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галан тэрэгнүүд болон галан морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов.
12 Елиша үүнийг хараад
—Эцэг минь, эцэг минь, Израилын тэрэг ба морьтон минь!c гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Елиша өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урлаа.*
Елиша Елиаг залгамжлав
13 Тэр мөн Елиагаас унасан түүний нөмрөгийг авч буцаад Йорданы эрэг дээр ирж зогсов. 14 Елиагаас унасан түүний өнөөх нөмрөгийг бариад усыг цохиж
—Елиагийн Бурхан ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр ийнхүү усыг цохиход, ус хоёр тийш болон ярагдаж, Елиша гаталж гарлаа.
15 Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг холоос хараад
—Елиагийн сүнслэг хүч Елиша дээр буужээ гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газарт доош мэхийв. 16 Тэд түүнд
—Харагтун, таны зарц нарын хамт тавин хүчит эр байна. Тэдэнд явж, таны эзнийг хайхыг зөвшөөрөөч. ЭЗЭНий Сүнс түүнийг өргөж яваад аль нэг уулан дээр, эсвэл аль нэг хөндий рүү хаясан байж магадгүй гэлээ. Елиша
—Бүү илгээгтүн гэж хэлэв. 17 Гэвч түүнийг тэд аягүйцтэл нь ятгахад тэр
—Илгээгтүн гэв. Иймээс тэд тавин эрийг илгээв. Тэд гурван өдөр эрж хайсан боловч түүнийг олсонгүй. 18 Елишаг Иериход байх үед тэд түүн дээр буцаж иржээ. Тэр тэдэнд
—Би та нарт “Битгий яв” гэж хэлсэн бус уу? гэв.
Елиша гайхамшиг үйлдэв
19 Тэгтэл тэр хотын хүмүүс Елишад
—Харагтун, энэ хотын байршил нь эзэн таны харж байгаачлан тааламжтай боловч ус нь муу, газар нутаг нь үржил шимгүй гэв. 20 Елиша
—Надад шинэ сав авчирч дотор нь давс хий гэв. Тэд түүнд авчрав. 21 Тэрээр усны ундарга дээр очиж, тийшээ давсаа асгаад
—ЭЗЭН ингэж айлдаж байна “Би энэ усыг цэвэршүүлсэн юм. Энд дахин үхэл ба үргүйдэл үгүй болно” гэв. 22 Ийнхүү Елишагийн хэлсэн үгийн дагуу цэвэршсэн мөнөөх ус нь өнөөдрийг хүртэл цэвэр хэвээр үлджээ.
23 Дараа нь тэр тэндээс Бетел рүү явав. Түүнийг замаар өгсөн явж байтал хотоос хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон
—Халзан толгойт оо, өгсөөд бай, халзан толгойт оо, өгсөөд бай гэцгээв. 24 Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эвш модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тасчиж хаяв. 25 Тэр тэндээс Кармел уул руу яваад, тэндээс Самари руу буцав.
- a2:3 Эш үзүүлэгчдийн бүлгэмийн шавь нар гэсэн утгатай.
- b2:9 эсвэл Надад хоёр хувь илүү өвлүүлээч
- 2:9 Дх 21:17
- c2:12 ЭЗО: тэрэгнүүд ба морьтнууд аа!
- 2:12 2Ха 13:14