Иудаг Азариа хаанчлав
(2Шс 26:1–23)
15 1 Израилын хаан Иеробоамын хорин долдугаар онд Иудагийн хаан Амазиагийн хүү Азариаa хаан болжээ. 2 Хаан болохдоо тэр арван зургаан настай байсан бөгөөд Йерусалимд тавин хоёр жил хаанчилжээ. Түүний эхийг Йерусалимаас гаралтай Иеколиа гэдэг байв. 3 Тэрээр эцэг Амазиагийнхаа хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. 4 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв.
5 Хааныг ЭЗЭН цохисон бөгөөд үхэх өдрөө хүртэл тэрээр уяман өвчтэй байж, тусдаа өргөөнд амьдарчээ. Хааны хүү Иотам, хааны гэрийг захиран улс орныхоо хүмүүсийг шүүв. 6 Азариагийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 7 Азариа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод нутаглуулсан юм. Түүний хүү Иотам оронд нь хаан болов.*
Израилыг Зехариа хаанчлав
8 Иудагийн хаан Азариагийн гучин наймдугаар онд Иеробоамын хүү Зехариа Израилын хаан болж Самарид зургаан сар захирав. 9 Эцэг өвгөдийнхөө үйлдсэний адил тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй. 10 Тэгтэл Иабешийн хүү Шаллум түүний эсрэг хуйвалдаж, ард түмний өмнөb түүнийг цохин алж, түүний сууринд хаанчлав. 11 Зехариагийн бусад үйлс, харагтун, Израилын Хаадын шастир номд бичигдсэн билээ. 12 Иехүд хандан “Чиний дөрвөн үеийн хөвгүүд Израилын хаан сэнтийд заларна” гэж айлдсан ЭЗЭНий үг энэ бөгөөд тийнхүү биелэгджээ.*
Израилыг Шаллум хаанчлав
13 Иабешийн хүү Шаллум, Иудагийн хаан Уззиагийн гучин есдүгээр онд хаан болж, Самарид нэг сар хаанчлав. 14 Тэгтэл Гадигийн хүү Менахем Тирзагаас хөдлөн Самарид ирж, Иабешийн хүү Шаллумыг Самарид цохин алж, түүний оронд хаан болов. 15 Шаллумын бусад үйлс болон түүний зохиосон хуйвалдаан зэрэг нь, харагтун, Израилын Хаадын шастир номд бичигдсэн юм.
16 Тэр үед хотын хаалгыг нээж өгөөгүйгээс болж Менахем Тирзагаас авхуулан Тифсагc буюу түүн дотор болон хил хязгаарт нь байсан бүх хүнийг цохиж, бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь сийчжээ.
Израилыг Менахем хаанчлав
17 Иудагийн хаан Азариагийн гучин есдүгээр онд Гадигийн хүү Менахем Израилын хаан болж, Самарид арван жил хаанчлав. 18 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглээс насан туршдаа салсангүй.
19 Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа. 20 Ассирийн хаанд төлөх гэж Израилаас буюу баян чинээлэг хүмүүсээс, хүн тус бүрээс тавин шекел мөнгийг Менахем гаргуулжээ. Тиймээс Ассирийн хаан тэр нутагт үлдэлгүй буцжээ.
21 Менахемын бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Израилын Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 22 Менахем эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Пекахиа оронд нь хаан болов.
Израилыг Пекахиа хаанчлав
23 Иудагийн хаан Азариагийн тавьдугаар онд Менахемын хүү Пекахиа Самарид Израилын хаан болж, хоёр жил захирав. 24 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.
25 Тэгтэл түүний түшмэл Ремалиагийн хүү Пека түүний эсрэг хуйвалдаж, Аргоб, Арие нар болон гилеадчуудаас тавин эрийн хамт түүнийг Самарид, хааны өргөөний шилтгээнд хөнөөв. Тэрээр түүнийг алж оронд нь хаан болов. 26 Пекахиагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн нь, харагтун, Израилын Хаадын шастир номд бичигдсэн юм.
Израилыг Пека хаанчлав
27 Иудагийн хаан Азариагийн тавин хоёрдугаар онд Ремалиагийн хүү Пека Самарид Израилын хаан болж, хорин жил хаанчлав. 28 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн бөгөөд Израилаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс салсангүй.
29 Израилын хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-Пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-Бет-Маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилыг эзлэн авч, тэднийг Ассири руу олзлон авч явжээ. 30 Тэгтэл Елагийн хүү Хошеа, Ремалиагийн хүү Пекагийн эсрэг хуйвалдаан зохиож, түүнийг цохиж алаад, Уззиагийн хүү Иотамын хорьдугаар онд түүний сууринд хаан болов. 31 Пекагийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь, харагтун, Израилын Хаадын шастир номд бичигдсэн юм.
Иудаг Иотам хаанчлав
(2Шс 27:1–9)
32 Израилын хаан Ремалиагийн хүү Пекагийн хоёрдугаар онд Иудагийн хаан Уззиагийн хүү Иотам хаан болов. 33 Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Йерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв. 34 Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. 35 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдаагүй бөгөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв. Иотам ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг босгосон юм. 36 Иотамын бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 37 Тэр өдрүүдэд Иудагийн эсрэг Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Пека нарыг ЭЗЭН илгээж эхлэв. 38 Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өвөг эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдийнхөө хамт тавигдав. Хүү Ахаз нь түүний оронд хаан болов.
- a15:1 Азариа: Эх бичвэрт Уззиа хааны нэрийг ийнхүү бичжээ.
- 15:7 Иса 6:1
- b15:10 ЭЗО: Иблаемд
- 15:12 2Ха 10:30
- c15:16 эсвэл Таппуа