Иудаг Хезекиа хаанчлав
(2Шс 29:1–2, 31:1)

18 1 Израилын хаан Елагийн хүү Хошеагийн гуравдугаар онд Иудагийн хаан Ахазын хүү Хезекиа хаан болов. 2 Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Йерусалимд хорин есөн жил хаанчлав. Түүний эхийг Зехариагийн охин Аби гэдэг байв. 3 Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. 4 Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго багануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн шонгуудыг цавчиж хаяжээ. Бас тэр өдрүүдийг хүртэл Израилын хөвгүүд Мосегийн бүтээсэн зэс могойд утлага уугиулж, түүнийг Нехуштан гэдэг байсан тул тэрхүү зэс могойг тэрээр сэглэж хаяв.* 5 Тэрээр Израилын Бурхан ЭЗЭНд итгэж байв. Түүнээс өмнө ч, түүнээс хойш ч Иудагийн хаадын дотор түүн шиг хаан байгаагүй юм. 6 Тэрээр ЭЗЭНээс зуурч, Түүнийг дагахаа болилгүй, харин Мосед ЭЗЭНий тушаасан тушаалуудыг сахижээ.
7 ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа амжилт олж байв. Тэрээр Ассирийн хаанд үйлчилсэнгүй түүний эсрэг тэрслэв. 8 Тэрээр Газ болон түүний хязгаар нутаг хүртэл, харуулын цамхгаас авхуулан бэхлэгдсэн хот хүртэлх бүх филистчүүдийг ялав.
9 Хезекиа хааны дөрөв дэх жил буюу Израилын хаан Елагийн хүү Хошеагийн долдугаар онд Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, бүслэн авав. 10 Гурав дахь жилийн шувтаргаар тэд түүнийг эзлэв. Ийнхүү Хезекиагийн зургадугаар он буюу Израилын хаан Хошеагийн есдүгээр онд Самари эзлэгджээ. 11 Тэгээд Ассирийн хаанa израилчуудыг авч явж, тэднийг Гозаны голын дэргэдэх Хала болон Хаборт мөн Медегийн хотуудад суурьшуулжээ. 12 Учир нь тэд ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, биелүүлсэн ч үгүй билээ.

Иудаг Сеннахериб довтлов
(2Шс 32:1–19; Иса 36:1–22)

13 Хезекиа хааны арван дөрөвдүгээр онд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудыг довтлон ирж, эзлэн авав. 14 Тиймээс Иудагийн хаан Хезекиа Лахишт байсан Ассирийн хаанд элч илгээн “Би нүгэл үйлдэв. Надаас холдооч. Та над дээр юу л тавина түүнийг би үүрэх болно” гэж хэлүүлэв. Тэгэхэд Ассирийн хаан гурван зуун талант мөнгө, гучин талант алтыг Иудагийн хаан Хезекиагаас шаарджээ. 15 Ингээд Хезекиа түүнд ЭЗЭНий өргөө ба хааны өргөөний эрдэнэсийн сангаас олдсон бүх мөнгийг өгчээ. 16 Тэр үед Иудагийн хаан Хезекиа ЭЗЭНий сүмийн хаалганууд болон багануудаас өөрийн бүрүүлсэн алтыг хуулж, Ассирийн хаанд өгөв.
17 Тэгтэл Ассирийн хаан Лахишаас Йерусалим руу, Хезекиа хаан руу Тартан, Раб-Сарис, Рабшаке нарыг их цэргийн хамт илгээв. Тэд өгсөж явсаар Йерусалимд хүрч ирэв. Тэд хүрч ирээд, угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо. 18 Тэд хааныг дуудахад Хилкиагийн хүү, өргөөний даамал Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафын хүү Иоа нар тэдэн рүү гарч очив. 19 Рабшаке тэдэнд
—Хезекиад ингэж хэл. “Агуу хаан болох Ассирийн хаан ийн айлдаж байна. «Чи юунд найдна вэ? 20 Чи хоосон үгсийг дайтах зөвлөгөө болон хүч гэж бодоо юу? Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлнэ вэ? 21 Харагтун, чи энэ цуурсан хулсан таяг шиг Египетэд найдаж байна. Хүн ийм таягийг тулбал алгыг нь тэр шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм. 22 Хэрэв та нар надад “Бид ЭЗЭН Бурхандаа найддаг” гэж хэлэх үү? Тэгвэл Хезекиа “Та нар Йерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда, Йерусалимд хэлээд, Түүний мөргөлийн өндөрлөгүүд ба тахилын ширээнүүдийг нь зайлуулж байсан биш үү? 23 Тиймээс одоо ирж миний эзэн Ассирийн хаантай мөрийb тавь. Хэрэв чамд унах хүн байвал би чамд хоёр мянган агт өгье. 24 Чи тэрэгт ба морьт цэргийн талаар Египетэд найдаж байгаа бол миний эзний боолуудын дундаас хамгийн дорд захирагчийг ч няцааж яаж чадах вэ дээ? 25 ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр энэ газрыг устгахаар би довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад “Энэ газрын эсрэг явж, түүнийг устга” гэж айлдсан билээ»” гэв. 26 Тэгэхэд Хилкиагийн хүү Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед
—Эдүгээ та боолуудтайгаа арам хэлээр яригтун. Бид ойлгоно. Харин хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иуда хэлээр бидэнтэй бүү яригтун гэв.
27 Харин Рабшаке тэдэнд
—Эзэн минь эдгээр үгийг хэлүүлэхийн тулд намайг танай эзэн хийгээд та нар луу л зөвхөн явуулсан гэж үү? Та нартай хамт баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа тэр хүмүүст бас илгээсэн бус уу? гэв. 28 Тэгээд Рабшаке босож зогсоод иудей хэлээр чанга дуугаар хашхиран
—Агуу хаан болох Ассирийн хааны үгсийг сонсогтун. 29 Хаан ийн хэлж байна. “Хезекиа та нарыг миний гараас аварч чадахгүй тул түүнд бүү мэхлэгдэгтүн. 30 Түүнчлэн «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» хэмээн та нарыг ЭЗЭНд итгүүлэх гэсэн Хезекиагийн хэлж буй ятгалгад бүү ор. 31 Хезекиаг бүү сонс. Учир нь Ассирийн хаан ингэж хэлж байна. «Надтай энхийн гэрээ байгуулж, над руу гарч ирэгтүн. Тэгвэл танай хүн нэг бүр өөрийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, өөрийн нөөцлүүрийн уснаас ууцгаана. 32 Би ирж, танай төрөлх нутагтай адил үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалан болон зөгийн бал, чидун моддын нутагт та нарыг аваачих хүртэл ийн байгтун. Ингэснээр та нар үхэхгүй, амьд үлдэнэ. Харин Хезекиа та нарыг “ЭЗЭН биднийг аварна” гэж төөрөлдүүлэхийг бүү сонс. 33 Улс үндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу? 34 Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваим, Хена, Иввагийн бурхад хаана байна? Тэд Самарийг миний гараас аварсан уу? 35 Эдгээр газруудын бүх бурхны дотроос хэн нь гараас минь газар нутгаа аварсан юм бэ? Тийм байтал ЭЗЭН гараас минь Йерусалимыг аварна гэж үү?»” гэв. 36 Гэвч хүмүүс чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан “Түүнд бүү хариулагтун” гэж тушаасан байлаа. 37 Тэгээд Хилкиагийн хүү, өргөөний даамал Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафын хүү Иоа нар уранхай хувцастай чигээрээ Хезекиа руу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.


  • 18:4 Тоо 21:9
  • a18:11 17:6 тайлбар үз.
  • b18:23 эсвэл наймаалц