Иуда дайсанд эзлэгдэв

24 1 Иехоиакимын өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг тэрслэн босов.* 2 ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан ЭЗЭН айлдсан үгийнхээ дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг тэднийг илгээсэн юм. 3 ЭЗЭН мэлмийнхээ өмнөөс тэднийг устгахын тулд ЭЗЭНий тушаалаар энэ нь Иудагийн дээр биеллээ олсон агаад Манассегийн үйлдсэн бүх нүгэл мөн 4 түүний урсгасан гэмгүй цуснаас болж ийм юм болжээ. Тэрээр Йерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн тул ЭЗЭН уучлахыг хүсээгүй билээ.
5 Иехоиакимын бусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 6 Ингээд Иехоиаким эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Иехоиахин оронд нь хаан болжээ. 7 Харин Египетийн голоос Евфрат мөрөн хүртэлх Египетийн хаанд харьяалагдаж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэн авсан учир Египетийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй юм.

Иехоиахины хаанчлал ба олзлогдол
(2Шс 36:9–10)

8 Иехоиахин хаан болохдоо арван найман настай байсан бөгөөд тэрээр Йерусалимд гурван сар хаанчлав. Түүний эхийг Йерусалимын Елнатаны охин Нехушта гэдэг байв. 9 Иехоиахин эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхний дагуу ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. 10 Тэр үед Вавилоны хаан Небухаднезарын зарц нар Йерусалим руу довтлон ирж, хотыг бүслэв. 11 Зарц нар нь хотыг бүсэлж байх зуур Вавилоны хаан Небухаднезар хүрч ирэв. 12 Иудагийн хаан Иехоиахин өөрөө болон өөрийн эх, зарц нар, цэргийн дарга нар, түшмэдийнхээ хамт Вавилоны хаан руу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүнийг хаанчлалынхаа наймдугаар онд олзлон авчээ.*

Йерусалимынхан олзлогдсон нь

13 ЭЗЭНий айлдсан ёсоор Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний бүх эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий сүм дотор Израилын хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ. 14 Тэгээд бүх Йерусалимыг буюу бүх түшмэд ба бүх эрэлхэг хүчит эрс бүхий арван мянган олзлогдогсдыг мөн бүх гар урчууд ба дархчуудыг тэрээр авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу ард олноос өөр ямар ч хүн үлдсэнгүй. 15 Тэрээр Иехоиахиныг мөн хааны эх, хааны эхнэрүүд, түүний түшмэд болон тэр газрын хүчит хүмүүсийг Йерусалимаас Вавилон руу цөлжээ.* 16 Бүх дайчин эрс буюу долоон мянган хүн, гар урчууд ба дархчууд болох мянган хүн болон дайнд явж чадах бүгдийг Вавилоны хаан Вавилон руу цөлөв. 17 Вавилоны хаан улмаар Иехоиахины авга ах Маттаниаг түүний оронд хаан болгоод, нэрийг нь Зедекиа гэж өөрчлөв.*

Иудаг Зедекиа хаанчлав
(2Шс 36:11–12; Иер 52:1–3а)

18 Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Йерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв.* 19 Тэрээр Иехоиакимын үйлдсэний адилаар ЭЗЭНий мэлмийд муу муухайг үйлдэв.
20 Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Йерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм.*
Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


  •  24:1 Иер 25:1–38; Дан 1:1–2
  • 24:12 Иер 22:24–30, 24:1–10, 29:1–2
  • 24:15 Езк 17:12
  • 24:17 Иер 37:1; Езк 17:13
  • 24:18 Иер 27:1–22, 28:1–17
  • 24:20 Езк 17:15