Сүхний толгойг олсон гайхамшиг
6 1 Эш үзүүлэгч хөвгүүд Елишад
—Харагтун, тантай хамт бидний амьдарч байгаа газар бидэнд маш давчуу юм. 2 Биднийг Йордан руу явуулаач. Бидний хүн бүр тэндээс гуалин мод авч, өөрсдөдөө амьдрах газрыг тэнд барья гэлцсэнд Елиша
—Явцгаа гэж хариулжээ. 3 Тэгэхэд нэг нь
—Зарц нартайгаа хамт явж болгоогооч гэхэд Елиша
—Би явна гэв. 4 Ингээд тэрээр тэдэнтэй хамт явлаа. Тэд Йорданд хүрч ирээд моддыг цавчиж унагав. 5 Гэтэл нэг нь гуалин унагаж байтал сүхнийх нь толгой усанд уначихжээ. Тэр
—Аяа, эзэн минь! Энэ зээлийн юм байсан гэж уулга алдав. 6 Тэгтэл Бурханы хүн
—Сүх чинь хаана унасан бэ? гэж асуусанд тэр хүн түүнд тэр газрыг харуулав. Елиша саваа тайран тийш шидэж, төмрийг хөвүүлэв. 7 Тэрээр
—Гаргаад ав гэсэнд тэр хүн гар сунган сүхээ авав.
Арамчуудын довтолгоо няцаагдсан нь
8 Арамын хаан Израилын эсрэг тулалдаж байлаа. Тэр өөрийн түшмэдтэй зөвлөлдөн
—Ийм ийм газруудад миний хуаран байх болно гэв. 9 Бурханы хүн Израилын хаанд
—Арамчууд тийшээ очсон тул тэр газраар дайран явахаас та нар болгоомжил гэж хэл хүргүүлэв. 10 Бурханы хүний өөрт нь заан хэлж мөн анхааруулсан тэр газар луу Израилын хаан хүн илгээн сайн хамгаалдаг байв. Энэ явдал ганц хоёр бус удаа тохиолдоход 11 Арамын хаан хилэгнэж, зарц нараа дуудан тэдэнд
—Бидний хэн нь Израилын хааны талд байдгийг та нар надад хэлээд аль? гэв. 12 Зарц нарынх нь нэг
—Үгүй, эзэн хаан минь, харин Израилд буй эш үзүүлэгч Елиша таны унтлагынхаа өрөөнд ярьсан үгсийг Израилын хаанд хэлдэг юм гэж айлтгав. 13 Тиймээс Арамын хаан
—Түүнийг бариулахаар хүн илгээе. Та нар явж, түүний хаа байгааг нь мэдэгтүн гэлээ. Тэгтэл хаанд
—Үзэгтүн, тэр Дотанд байна гэж мэдэгджээ. 14 Тэр тийшээ морьд, тэрэгнүүд болон их цэргийг илгээв. Тэд шөнөөр ирж, хотыг бүслэв.
15 Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүслээд байв. Зарц нь Елишад
—Аяа, эзэн минь! Бид яах билээ? гэв. 16 Тэрээр хариулахдаа
—Бүү айгтун. Учир нь бидэнтэй хамт байгчид нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв. 17 Тэгээд Елиша залбиран
—Өө, ЭЗЭН, түүнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэж хэлжээ. ЭЗЭН зарцын нүдийг нээж, тэр харав. Харагтун, Елишагийн бүхий л эргэн тойрон дахь уул нь галан морьд, тэргээр дүүрсэн байв.
18 Арамчууд түүн рүү буун ирэхэд Елиша, ЭЗЭНд залбиран
—Энэ хүмүүсийн харааг хаагаач, би гуйж байна гэв. Ингээд Елишагийн үгийн дагуу Тэр тэдний харааг хаажээ. 19 Тэгээд Елиша тэдэнд
—Энэ нь тэрхүү зам биш, энэ хот ч өнөөх хот биш. Намайг дагагтун, би та нарыг хайж буй тэр хүн дээр чинь аваачъя гэв. Елиша тэднийг Самари руу авчрав. 20 Тэд Самарид хүрч ирэх үед Елиша
—Өө, ЭЗЭН, тэдэнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэв. Ийнхүү ЭЗЭН тэдний нүдийг нээсэнд тэд харав. Үзэгтүн, тэд Самарийн дунд байлаа. 21 Тэгтэл Израилын хаан тэднийг хараад Елишад
—Эцэг минь тэднийг алах уу? Би тэднийг алчих уу? гэв. 22 Елиша хариулахдаа
—Чи алж болохгүй. Чи өөрийн илд, өөрийн нум сумаар олзолсон юм уу? Тэднийг юунд хөнөөх гэнэ вэ? Харин идүүлж уулгаад, эзэнд нь явуулахын тулд тэдний өмнө талх, ус тавигтун гэжээ. 23 Ингээд тэрээр тэдэнд зориулан их найрыг бэлтгэв. Идэж, уусных нь дараа тэднийг явуулсанд тэд эзэндээ буцав. Арамчуудын дээрмийн бүлгүүд Израилын нутаг руу дахин халдаж ирсэнгүй.
Бен-Хадад Самарийг бүслэв
24 Үүний дараа Арамын хаан Бен-Хадад өөрийн бүх цэргээ цуглуулан хөдөлж, Самарийг бүслэв. 25 Самарид их өлсгөлөн болов. Үзэгтүн, илжигний толгой наян мөнгөн шекел, кабын дөрөвний нэг тагтааны сангас гэгдэх буурцаг таван мөнгөн шекелээр зарагдах хүртэл тэд хотыг бүслэв. 26 Израилын хааныг хэрмэн дээгүүр өнгөрөн явж байтал, нэгэн эмэгтэй түүн рүү хашхирч
—Миний эзэн, хаантан туслаач! гэв. 27 Хаан
—Хэрэв ЭЗЭН чамд туслахгүй бол би хаанаасаа чамд туслах вэ? Үтрэмээс үү эсвэл дарсны шахуургаас уу? гэжээ. 28 Хаан, түүнд
—Чамд юу тохиолдов? гэхэд тэр эмэгтэй хариулан
—Энэ эмэгтэй надад “Чи хүүгээ өгөөч. Өнөөдөр бид чиний хүүг идээд, маргааш миний хүүг идэцгээе” гэж хэлсэн билээ. 29 Ингээд бид миний хүүг чанаж, идсэн юм. Дараа өдөр нь би түүнд “Хүүгээ өг. Бид түүнийг идэцгээе” гэсэн боловч тэр эмэгтэй хүүгээ нуучихсан байв гэв.* 30 Тэр эмэгтэйн үгийг сонсоод хаан хувцсаа хүү татаж урлаа. Түүнийг хэрмэн дээгүүр явж байхад ард түмэн харав. Үзэгтүн, хаан биедээ таар өмссөн байв. 31 Тэгээд хаан
—Хэрэв Шафатын хүү Елишагийн толгой өнөөдөр мөрөн дээрээ үлдвэл намайг Бурхан шийтгэг, бүр илүүг ч үйлдэг! гэв.
32 Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өмнөөсөө хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад
—Энэ алуурчны хүү миний толгойг авхуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд та нар хаалгаа хаагаад оруулалгүй дарж бай. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв. 33 Түүнийг ахмадуудтай ярилцаж байх зуур, харагтун, өнөөх элчa түүн дээр ирж
—Үзэгтүн, энэ бузар муу нь ЭЗЭНээс ирсэн. Яагаад би ЭЗЭНийг цаашид хүлээн харах ёстой юм бэ? гэжээ.
- 6:29 Дх 28:57; Гаш 4:10
- a6:33 эсвэл хаан