Иудаг Иосиа хаанчлав
(2Шс 34:1–2)

22 1 Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Йерусалимд гучин нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Бозкатын Адаиагийн охин Иедида гэдэг байв.* 2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, өвөг эцэг Давидынхаа бүх замаар замнан зүүн тийш ч, баруун тийш ч хазайсангүй.

Хилкиа хуулийн номыг олов
(2Шс 34:8–28)

3 Иосиа хааны арван наймдугаар онд Мешулламын ач, Азалиагийн хүү, гүүш Шафаныг хаан, ЭЗЭНий өргөө рүү илгээн
4 Гулдан хаалганы сахиулууд ард түмнээс цуглуулсан мөнгө буюу ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгийг тоолуулахын тулд тэргүүн тахилч Хилкиа дээр өгсөж очигтун. 5 Үүнийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт даатга. Тэд түүнийг өргөөний эвдрэлийг засварлахаар ЭЗЭНий өргөөнд байгаа ажилчдад өгөг. 6 Тухайлбал мужаанууд, барилгачид ба чулуучдад мөн өргөөг засварлахаар гуалин мөн цавчсан чулуу худалдаж авахад зориулан өгөгтүн. 7 Тэд шударгаар ханддаг тул тэдний гарт даатгагдсан мөнгөний ямар ч тооцоог тэдэнтэй бүү бод гэж хэлжээ.*
8 Тэргүүн тахилч Хилкиа, гүүш Шафанд
—Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгч, өнөөх нь уншив. 9 Гүүш Шафан, хаанд бараалхаж түүнд хариу үг уламжлан
—Таны зарц нар өргөөнөөс олдсон мөнгийг цуглуулж, ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллагчдын гарт даатгав гэв.
10 Гүүш Шафан, хаанд
—Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номыг хааны өмнө уншжээ. 11 Тэгтэл хаан тэрхүү хуулийн номын үгсийг сонсоод, хувцсаа урав. 12 Тэгээд тахилч Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микаиагийн хүү Ахбор, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаан
13 Явж, олдсон номын үгсийн талаар миний төлөө мөн ард түмэн болон бүх Иудагийн төлөө ЭЗЭНээс асуугтун. Энэ номд буй бидэнд хандан бичигдсэн үг бүрийг сахин биелүүлэх тал дээр өвөг дээдэс маань дуулгаваргүй хандсан учраас бидний эсрэг шатаж буй ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв.
14 Тэгээд тахилч Хилкиа, Ахикам, Ахбор, Шафан, Асаиа нар Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда руу явав. Шаллум нь Хархасын ач, Тиквагийн хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. Хулда Йерусалимын хоёрдугаар дүүрэгт амьдардаг байсан бөгөөд тэнд тэд түүнтэй ярилцжээ. 15 Тэрээр тэдэнд
—Израилын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарыг над руу илгээсэн хүнд хэлэгтүн. 16 ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газарт болон эндхийн оршин суугчид дээр гай гамшгийг буюу Иудагийн хааны уншсан тэрхүү номын бүх үгсийг авчирна. 17 Учир нь тэд Намайг умартан өөр бурхдад өргөл өргөж, гарынхаа бүх ажлаар Намайг хилэгнүүлсэн билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж, үл унтарна» гэж байна” гэв. 18 Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэгтүн. “Израилын Бурхан ЭЗЭН айлдахдаа «Чиний сонссон үгсийн тухайд, 19 энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хараал ба эзгүйрэл болно гэсэн Түүний үгсийг сонсоод, ЭЗЭНий өмнө зүрх чинь зөөлөрч, чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө хувцсаа уран уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 20 «Тиймээс үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд рүү аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар дээр Миний авчрах бүх гай гамшгийг чиний нүд үзэхгүй» гэлээ” гэв. Ингээд тэд хариу үгийг хаанд авчрав.


  • 22:1 Иер 3:6
  • 22:7 2Ха 12:15