Нааманы эдгэрэл
5 1 Арамын хааны цэргийн жанжин Нааман эзнийхээ өмнө хүндэтгэл хүлээсэн, агуу нэгэн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН, Арамд ялалтыг өгсөн ажээ. Хэдийгээр тэр зоригтой дайчин эр боловч арьсны хүнд өвчтэй байв.* 2 Нэгэн удаа арамчуудын тонуулын бүлэг Израилын нутгаас нэгэн бяцхан охиныг олзлон авчирчээ. Тэр охин Нааманы эхнэрт үйлчилдэг байлаа. 3 Тэрээр эзэгтэйдээ
—Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл түүний арьсны хүнд өвчнийг тэр хүн эдгээнэ дээ гэв. 4 Нааман явж, эзэндээ бараалхан
—Израилын нутгаас авчирсан тэр охин ингэж хэлэв гэв. 5 Тэгтэл Арамын хаан
—Одоо яв. Би Израилын хаанд захидал илгээх болно гэлээ. Нааман арван талант мөнгө, зургаан мянган алтан шекел, арван ээлжийн хувцас авч явлаа. 6 Тэрээр Израилын хаанд захидал авчирсан бөгөөд түүн дотор “Энэ захидал чамд хүрэхэд, харагтун, би өөрийн зарц Нааманыг арьсны хүнд өвчнөөс нь чамаар эдгээлгэхийн тулд чам руу илгээснийг мэдтүгэй” гэжээ. 7 Израилын хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран
—Би хүнийг үхүүлж, амьдруулдаг Бурхан юм уу? Энэ хүнийг арьсны хүнд өвчнөөс нь эдгээлгэхээр надад тэр үг илгээж байх гэж. Тунгаан бодоод үзэхэд, ингэснээрээ тэр миний эсрэг сөргөлдөхийг оролдож байгаа бус уу? гэж хэлэв.
8 Израилын хаан хувцсаа урж тастсаныг Бурханы хүн Елиша сонсоод, тэрээр хаанд хүн илгээн хэлүүлэхдээ
—Та юунд хувцсаа ураа вэ? Тэр хүнийг над руу ирүүл. Израилд эш үзүүлэгч байдаг гэдгийг тэр мэдэх болно гэв. 9 Ингээд Нааман морьд, тэрэгнүүдтэйгээ ирж, Елишагийн гэрийн үүдэнд зогсов. 10 Елиша түүн рүү хүн явуулан
—Явж, Йорданд долоон удаа булх. Тэгвэл махбод чинь эргэн сэргэж, цэвэршинэ гэж хэлүүлэв. 11 Харин Нааман хилэгнэн уурлаад холдон явахдаа
—Харагтун, Тэр над руу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан өвчтэй газарa дээгүүр гараа даллан арьсны өвчнийг минь эдгээнэ гэж би бодсон юм. 12 Абана, Фарпар зэрэг Дамаскийн голууд нь Израилын бүх л уснаас илүү дээр биш гэж үү? Би тэдгээрийн дотор угаагаад, цэвэр болж болохгүй байсан гэж үү? гэв. Тэрээр уурласаар буцаж явав. 13 Тэгтэл зарц нар нь ойртож ирээд, түүнтэй ярин, түүнд
—Эцэг минь, тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн “Угаа, цэвэрш” гэсэн байна шүү дээ гэцгээхэд 14 Нааман уруудан явж, Бурханы хүний үгийн дагуу Йордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж, тэрээр цэвэршив.
15 Тэгээд бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн дээр тэр эргэн ирж, Елишагийн өмнө зогсоод
—Үзэгтүн, ганцхан Израилд л Бурхан байдаг, харин бүх дэлхийд өөр хаана ч байдаггүйг би одоо мэдлээ. Иймээс одоо боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ. 16 Харин Елиша
—Миний өмнө нь зогсдог ЭЗЭН амьд! Би юу ч эс авна гэлээ. Нааман түүнийг, ав гэж ятгасан боловч тэр татгалзав. 17 Нааман
—Хэрэв үгүй юм бол, та боолдоо хоёр луусанд ачих хэмжээний шороо ядаж өгөөч.b Учир нь боол тань шатаалт болон бусад тахилаа өөр бурхдад бус зөвхөн ЭЗЭНд өргөх болно. 18 Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны өргөөнд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны өргөөнд мөргөдөг тул намайг Риммоны өргөөнд мөргөх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв. 19 Елиша түүнд
—Амар тайван явагтун гэв.
Гехазийн шунал
Ингээд Нааманыг хэсэг зайнд холдож байтал 20 Бурханы хүн Елишагийн зарц Гехази
—Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан эд зүйлийг миний эзэн авсангүй, зүгээр өнгөрөөчихлөө. Иймд ЭЗЭН амьд! Би түүний араас гүйн очоод түүнээс ямар нэгэн юм авъя гэв. 21 Ингээд Гехази, Нааманыг нэхэж одов. Араас нь нэг хүн гүйн ирж байгааг Нааман хараад, түүнтэй уулзахаар тэрэгнээс буун ирж
—Бүх юм сайн уу? гэв. 22 Гехази
—Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгч хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас дөнгөж сая над руу ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө бас хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв. 23 Нааман
—Хоёр талантыг авч хайрла гээд, Гехазийг ятгаж хоёр талант мөнгийг хоёр ээлжийн хувцасны хамт хоёр уутанд боон хийж хоёр зарцдаа өгөхөд тэд Гехазийн өмнө үүрэн явжээ. 24 Тэд толгод дээр ирэхэд Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас авч гэртээ оруулан тавиад тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав. 25 Харин тэр өөрөө орж ирэн эзнийхээ өмнө зогсов. Елиша түүнд
—Гехази, чи хаана байв? гэхэд тэрээр
—Таны зарц ийш тийшээ явсангүй гэж хэлэв. 26 Тэгтэл Елиша түүнд
—Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ буух үед миний зүрх дэргэд чинь очсон юм. Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү? 27 Тиймээс Нааманы арьсны өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болтугай гэв. Ингээд Елишагийн хажуугаас гарч ирэхдээ тэрээр цас шиг цайрсан арьсны өвчтэй болжээ.
- 5:1–14: Лк 4:27
- a5:11 эсвэл энэ хэсэгт
- b5:17 шороо өгөөч: Энэ үед аливаа бурханд зөвхөн нутаг дээр нь тахил өргөж болдог