Израилыг Иехорам хаанчлав

3 1 Иудагийн хаан Иехошафатын арван наймдугаар онд Ахабын хүү Иехорам Самарид Израилын хаан болж арван хоёр жил хаанчлав. 2 Хэдийгээр эцэг эх шигээ байгаагүй ч тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ. Учир нь тэрээр эцгийнхээ бүтээсэн Баалын багануудыг зайлуулсан боловч 3 Израилаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүгэлтэй зууралдаж, түүнээсээ салсангүй.

Моабчуудтай тулалдав

4 Моабын хаан Меша хонь үржүүлдэг байсан бөгөөд Израилын хаанд зуун мянган хурга болон зуун мянган хуцын ноос төлдөг байв. 5 Харин Ахабыг өөд болоход Моабын хаан Израилын хааны эсрэг босов. 6 Тэр үед Иехорам хаан Самариас гарч, бүх Израилыг цуглуулав. 7 Дараа нь тэр явж, Иудагийн хаан Иехошафатад хүн илгээгээд
—Моабын хаан миний эсрэг бослоо. Моабын эсрэг тулалдахаар чи надтай хамт явах уу? гэж хэлүүлэв. Тэр
—Би явна. Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс, миний морьд ч чиний морьд мэт билээ гэв. 8 Тэрээр
—Бид аль замаар явах вэ? гэж асуухад Иехорам
—Едомын цөлийн замаар гэж хариулав.
9 Ингээд Израилын хаан нь Иудагийн хаан, Едомын хаантай хамт хөдлөв. Тэд долоо хоног аялан тойрсон бөгөөд тэнд цэрэгт болон тэдний араас яваа мал сүрэгт уух ус байсангүй. 10 Тэгтэл Израилын хаан
—Аяа, Моабын гарт өгөх гэж энэ гурван хааныг ЭЗЭН дууджээ гэж хэлэв. 11 Харин Иехошафат
—ЭЗЭНээс асууж болохоор ЭЗЭНий эш үзүүлэгч энд алга уу? Түүгээр дамжуулан бид асуухсан гэв. Израилын хааны зарц нарын нэг нь хариулж
—Шафатын хүү Елиша энд байна. Тэр Елиагийн гар дээр ус асгадаг байсан гэв. 12 Иехошафат
—ЭЗЭНий үг түүнтэй хамт билээ гэжээ. Ингээд Израилын хаан, мөн Иехошафат хаан болон Едомын хаан гурвуул түүн дээр очив. 13 Елиша Израилын хаанд
—Би чамд ямар хамаатай билээ? Чи эцгийнхээ эш үзүүлэгчид болон эхийнхээ эш үзүүлэгчид рүү яв гэв. Израилын хаан түүнд
—Үгүй, учир нь ЭЗЭН энэ гурван хааныг Моабын гарт өгөхөөр дуудсан байна гэв. 14 Елиша
—Миний өмнө нь зогсдог түг түмдийн ЭЗЭН амьд! Иудагийн хаан Иехошафатын байгааг хүндлээгүй бол би чамайг харах ч үгүй, тоох ч үгүй байх байсан. 15 Харин одоо надад чавхдаст хөгжим тоглодог хүнийг авчир гэв. Өнөөх хөгжимчин тоглож эхлэхэд ЭЗЭНий мутар Елишагийн дээр ирэв.
16 Тэр
—ЭЗЭН айлдахдаа “Энэ хөндийг суваг шуудуугаар дүүргэгтүн” гэв. 17 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар салхийг харахгүй, бороог ч үзэхгүй. Гэвч энэ хөндий усаар дүүрэх бөгөөд та нар болон та нарын мал сүрэг, та нарын адгуус амьтан ч уух болно. 18 Энэ нь ЭЗЭНий мэлмийд өчүүхэн зүйл юм. Тэрээр бас моабынхныг та нарын гарт өгөх болно. 19 Тэгээд та нар бэхлэгдсэн болон шилмэл хот бүрийг цохиж, сайн мод болгоныг унагаж, усны бүх ундаргыг зогсоож, газар нутгийн сайн хэсэг бүрийг чулуугаар сүйдлэх болой” гэсэн гэв. 20 Өглөө тахил өргөх үед, үзэгтүн, Едомын замаар ус урсан ирж, тэр газар усаар дүүрсэн байлаа.
21 Өөрсдийнх нь эсрэг тулалдахаар хаад ирснийг моабынхан бүгд сонсжээ. Зэвсэг барих чадвартай бүхэн, бас тэднээс дээш насны хүмүүс цугларан хил дээрээ зогсов. 22 Тэд өглөө эрт босоход нарны туяа усан дээр гялбаж, моабчууд харалдаах усыг цус мэт улаан гэж харав. 23 Тэгээд тэд
—Энэ бол цус байна. Хаад гарцаагүй өөр хоорондоо тулалдаж, нэг нэгнээ хядсан байна. Тиймээс Моаб аа, олз руугаа! гэцгээлээ. 24 Харин тэд Израилын хуаранд иртэл израилчууд босож, моабчуудыг цохисон бөгөөд моабчууд тэдний өмнөөс зугтжээ. Тэд моабчуудыг хядсаарa тэдний газар нутаг руу орж урагшлав. 25 Ингээд тэд хотуудыг сүйтгэжээ. Тэдний хүн бүр газар нутгийн сайн хэсэг бүрд чулуу хаян түүнийг дүүргэв. Ингээд тэд усны бүх ундаргыг зогсоож, бүх сайн моддыг унагасаар, Кир-Харасетадb л чулуунуудыг нь үлдээлээ. Харин чулуу дүүгүүрдэгчид тэр газрыг бүслэн цохив. 26 Өөрийнх нь хувьд тулалдаан дэндүү хатуу ширүүн болохыг Моабын хаан хараад, тэрээр илд агсагч долоон зуун хүнээ авч, Едомынc хааны дундуур нэвтрэн гарах гэсэн боловч чадсангүй. 27 Тэгээд өөрийг нь залгамжлан хаанчлах ёстой байсан ууган хүүгээ аваад, хэрмийн дээр шатаалт тахил болгон өргөжээ. Израилын эсрэг асар их уур хилэн бадарсанд израилчууд түүнээс салж, нутагтаа буцацгаав.


  • a3:24 ЭЗО: мөшгөн хядсаар Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
  • b3:25 эсвэл зөвхөн Кир харасетагийн нийслэл Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
  • c3:26 ЭЗО: Арам