Иудагийн хаан Амазиа
(2Шс 25:1–24)
14 1 Израилын хаан Иоахазын хүү Иехоашийн хоёрдугаар онд Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа хаан болов. 2 Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Йерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Йерусалимаас гаралтай Иехоаддан гэдэг байв. 3 Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэн ч өвөг эцэг Давид шигээ байсангүй. Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв. 4 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулаагүй юм. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар л байв. 5 Хаанчлал түүний гарт бат атгагдмагц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав. 6 Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН “Хөвгүүдээс нь болж эцгүүдийг нь цаазалж болохгүй мөн эцгүүдээс нь болж хөвгүүдийг нь ч цаазалж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө гэм нүглийн улмаас л цаазлагдах ёстой” гэж тушаасанчлан тэрхүү алуурчдын хөвгүүдийг тэрээр алсангүй.* 7 Тэрээр Давст хөндийд арван мянган едом хүнийг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел гэж нэрлэв.
8 Дараа нь Амазиа элч нарыг Иехүгийн ач, Иехоахазын хүү, Израилын хаан Иехоашт илгээн
—Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъяa гэв. 9 Израилын хаан Иехоаш, Иудагийн хаан Амазиад хүн илгээн
—Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлсэн гэдэг. 10 Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд зүрх чинь бардам болжээ. Одоо сүр жавхландаа баясаад гэртээ байж бай. Юунд өөрийгөө төдийгүй өөртэйгөө хамт Иудаг унагах гэж төвөг удна вэ? гэв. 11 Гэвч Амазиа сонссонгүй. Ингээд Израилын хаан Иехоаш хөдөлжээ. Тэр болон Иудагийн хаан Амазиа Иудад харьяалагддаг Бет-Шемешт нүүр нүүрээрээ тулгарав. 12 Иуда, Израилд ялагдан хүн бүр өөр өөрсдийн майхан руу зугтаажээ. 13 Тэгээд Израилын хаан Иехоаш, Ахазиагийн ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-Шемешт олзлон аваад, Йерусалимд ирж, Йерусалимын хэрмийг Ефраимын гулдан хаалганаас Булангийн гулдан хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав. 14 Тэрээр ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн санд байсан бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг мөн хүмүүсийг олзлон авч, Самари руу буцжээ.
15 Иехоашийн хийсэн бусад үйлс, түүний хүч чадал хийгээд тэрээр Иудагийн хаан Амазиатай хэрхэн тулалдсан тухай Израилын Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 16 Ингээд Иехоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Израилын хаадын хамт Самарид тавигдсан юм. Түүний хүү Иеробоам түүний оронд хаан болов.
17 Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа нь Израилын хаан Иехоахазын хүү Иехоашийг өөд болсноос хойш арван таван жил амьдрав. 18 Амазиагийн бусад үйлс Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 19 Йерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш руу зугтав. Гэвч тэд Лахиш руу түүний араас хүн илгээн тэнд нь алжээ. 20 Тэгээд тэд шарилыг нь морин дээр тэгнэн авчирч, Йерусалимд эцэг өвгөдийнх нь хамт Давидын хотод тавьжээ. 21 Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай Азариаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилсөн билээ. 22 Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елатыг босгон Иудад нэгтгэв.
II Иеробоам Израилыг хаанчлав
23 Иудагийн хаан Иоашийн хүү Амазиагийн арван тавдугаар онд Израилын хаан Иехоашийн хүү Иеробоам Самарид хаан болж, дөчин нэгэн жил захирав. 24 Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. Тэрээр Израилаар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглээс холдож зайлсангүй. 25 Өөрийн зарц, Гат-Хеферт байсан, Амиттаин хүү эш үзүүлэгч Ионагаар дамжуулан айлдсан Израилын Бурхан ЭЗЭНий үгийн дагуу тэрээр Израилын хилийг Хаматын хоолойгоос Арабын далай хүртэл сэргээн тогтоосон юм.* 26 Израилд боол чөлөөт гэлтгүй бүгд ямар их гашуун зовлон эдэлж байгааг ЭЗЭН харжээ. Израилд туслах хэн ч үгүй байв. 27 ЭЗЭН Израилын нэрийг тэнгэрийн доороос арчин хаяна гэсэнгүй, харин ч Иехоашийн хүү Иеробоамын гараар тэднийг аварсан болой.
28 Иеробоамын бусад үйл хэрэг, түүний үйлдсэн бүхэн мөн түүний хүч чадал ба тэрээр хэрхэн дайтаж, Иудагийн харьяа Дамаск ба Хаматыг Израилын төлөө эргүүлэн авсан зэрэг нь Израилын Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 29 Иеробоам өөрийн эцэг өвгөд болох Израилын хаадтай хамт нойрссон бөгөөд түүний хүү Зехариа оронд нь хаан болжээ.
- 14:6 Дх 24:16
- a14:8 эсвэл уулзалтад урив
- 14:25 Ион 1:1