Давид Батшебатай завхайрав

11 1 Хавар цаг, хаад дайнд морддог үеэр Давид, Иоабыг түшмэд ба бүх Израилын хамт илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг сүйрүүлж Раббаг бүслэн авав. Давид харин Йерусалимд үлджээ.*
2 Тэгтэл нэгэн орой Давид орноосоо босож, хааны өргөөний дээвэр дээгүүр алхалж байгаад угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэйн төрх ихэд үзэсгэлэнтэй ажээ. 3 Давид хүн явуулж тэр эмэгтэйн тухай лавлан асуухад тэр хүн нь
—Энэ чинь хит хүн Уриагийн эхнэр, Елиамын охин Батшеба биш үү? гэв. 4 Тэгээд Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулсан бөгөөд тэр эмэгтэй түүн дээр ирэхэд Давид түүнтэй унтжээ. Тэр эмэгтэй бузрын цэвэршүүлэгa хийсэн байв. Тэгээд тэрээр гэртээ харилаа. 5 Эмэгтэй жирэмсэн болоод, Давид руу хүн явуулж
—Би жирэмсэн боллоо гэж хэлүүлэв. 6 Тиймээс Давид Иоаб руу хүн явуулж
—Хит хүн Уриаг над руу ирүүл гэж хэлүүлэв. Ийнхүү Иоаб Уриаг Давид руу явуулжээ. 7 Уриа түүн дээр ирэхэд Давид түүнээс Иоаб болон ард олны сайн сайхан ба тулалдааны явцын талаар лавлан асуув. 8 Тэгээд Давид Уриад
—Гэртээ харьж, хөлөө угаагтун гэв. Уриа, хааны өргөөнөөс гарч явсанд хаан түүний араас бэлэг илгээв. 9 Гэвч Уриа гэртээ харилгүй хааны өргөөний үүдэнд эзнийхээ хамаг зарц нарын хамт унтжээ.
10 Уриа гэртээ хариагүй гэж Давидад мэдэгдэхэд тэр, Уриад
—Чи аянаас ирээгүй гэж үү? Яагаад чи гэртээ харьсангүй вэ? гэв. 11 Уриа Давидад
—Бурханы авдар, Израил, Иуда нар майханд орогнож, миний эзэн Иоаб болон эзний минь зарц нар задгай талд хэвтэж байхад би гэртээ идэж уун, эхнэртэйгээ унтахаар очих гэж үү? Таны амиар тангараглая! Би тийм зүйл огтхон ч хийхгүй гэв. 12 Иймд Давид Уриад
—Өнөөдөр бас энд үлдэгтүн. Маргааш би чамайг явуулъя гэв. Ингээд Уриа тэр өдөр болон дараа өдөр нь ч Йерусалимд байв. 13 Давид Уриаг урьж, өөрийн өмнө идүүлж, уулгасаар согтоожээ. Үдэш Уриа гарч яван эзнийхээ зарц нартай хамт өөрийн дэвсгэрт дээр унтав. Харин тэр гэртээ харьсангүй.

Уриаг хөнөөв

14 Өглөө болоход Давид Иоабb захидал бичиж, Уриагийн гараар илгээлээ. 15 Тэр захидалд бичихдээ
—Уриаг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн эгнээнд тавьж, түүнийг орхин холдогтун. Тэгвэл тэр цохигдон үхнэ гэсэн байлаа. 16 Иймээс Иоаб хотыг ажиглаад, эр зоригтой дайснууд байгаа гэж мэдсэн газарт Уриаг тавив. 17 Хотын хүмүүс гарч ирэн Иоабтай тулалдахад Давидын зарц нарын зарим нь үрэгдсэн бөгөөд хит хүн Уриа ч мөн үхэв. 18 Тэгээд Иоаб хүн илгээн тулалдааны бүх үйл явдлыг Давидад мэдэгджээ. 19 Тэр элчид тушааж
—Тулалдааны бүх үйл явдлыг хаанд мэдэгдэж дуусгахад, 20 хэрэв хааны хилэн дүрэлзэн, “Та нар яагаад хот руу тийм их ойртож тулалдав? Хэрмэн дээрээс харвана гэдгийг та нар мэддэггүй юм уу? 21 Иеруббешетийн хүү Абимелехыг хэн цохиж алсан билээ? Тебезэд байхад нь нэгэн эмэгтэй хэрмэн дээрээс тээрмийн бул чулууг унагаж, түүнийг алсан бус уу? Яагаад та нар хэрмэнд тийм их ойртов?” гэж чамайг загнавал чи “Таны зарц хит хүн Уриа ч үхэв” гэж хэлэгтүн гэв.*
22 Ингээд элч явж, Давид дээр очоод Иоабын хэл хүргүүлсэн бүгдийг мэдүүлэв. 23 Элч, Давидад
—Дайсны эрчүүд бидний эсрэг давуу хүчээр байлдан хээр талд гарч ирсэн боловч бид тэднийг гулдан хаалганы үүд хүртэл шахсан. 24 Тэгэхэд хэрмэн дээрээс харваачид таны зарц нарыг харваж, хааны зарц нар үрэгдэж мөн таны зарц хит хүн Уриа ч үхэв гэж өчив. 25 Тэгэхэд Давид, элчид
—Чи Иоабт ийнхүү дамжуул. “Илд хэнийг ч залгидаг учраас энэ хэрэгт санаа бүү зовогтун. Хотын эсрэг довтолгоогоо ширүүсгэж, хотыг арчин хая” хэмээн түүнийг урамшуул гэв.
26 Нөхөр Уриа нь үхсэн гэдгийг Уриагийн эхнэр сонсоод нөхрийнхөө төлөө гашуудав. 27 Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулан тэр эмэгтэйг өргөөндөө авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв.

Давидыг Натан буруушаав

Гэвч Давидын үйлдсэн зүйл ЭЗЭНий мэлмийд хорон муу байв.


  • 11:1 1Шс 20:1
  • a11:4 Цэвэршүүлгийн хуулийг сахисан гэсэн утгатай. Лев 15:19 үз.
  • b11:13 эсвэл аяны ор
  • 11:21 Шүү 9:53