Шебагийн бослого
20 1 Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн
Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй.
Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй.
Израил аа, хүн бүр тус тусынхаа майхан руу буцацгаа
гэж байв.*
2 Ийнхүү Израилын бүх хүн Давидыг дагахаа больж, Бихрийн хөвгүүн Шебаг дагалаа. Гэвч иудачууд Йордан голоос Йерусалим хүртэл өөрсдийн хааны дэргэд баттай үлдэв. 3 Давид Йерусалимд буй гэртээ ирээд гэрээ сахиулахаар үлдээсэн арван татвар эмийг авч, хянагчаар харгалзуулан тэжээв. Гэвч хаан тэдэн дээр очсонгүй. Тэгээд тэд бэлэвсэн эмэгтэй мэт амьдарч, үхэн үхтэлээ түгжигдмэл байв.*
4 Хаан, Амасад
—Иуда хүмүүсийг гурав хоногийн дотор над руу дуудан цуглуул. Чи өөрөө мөн энд байж байгаарай гэв. 5 Тэгээд Амаса иуда хүмүүсийг дуудахаар явсан боловч тогтоосон хугацаанд хийсэнгүй, удаашруулав. 6 Давид, Абишаид
—Одоо, бидэнд Бихрийн хөвгүүн Шеба Абсаломаас ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж, түүнийг мөшгөн хөө. Эс тэгвээс тэр бэхлэгдсэн хотод орогнож, бидний хяналтаас гарч магад гэв. 7 Тэгээд Иоабын эрчүүд, Керет болон Пелетийн бүх хүчит эрчүүдийн хамт түүний араас хөдлөв. Тэд Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөхөөр Йерусалимаас гарлаа. 8 Тэднийг Гибеон дахь нэгэн бул чулууны дэргэд байхад Амаса тэдэнтэй уулзахаар ирэв. Иоаб цэргийн хувцсаа өмссөн байсан бөгөөд хуйтай илдээ ташаандаа зүүсэн байлаа. Тэгээд түүнийг урагшаа алхахад илд нь сугарав. 9 Иоаб, Амасад
—Дүү минь, амар байна уу? гэж хэлээд, Амасаг үнсэхээр баруун гараараа сахлыг нь атгалаа. 10 Харин Амаса, Иоабын гарт буй илдийг анзаарсангүй. Иоаб түүний хэвлий рүү дүрсэнд гэдэс дотор нь газарт гоожив. Тэгээд түүнийг дахин дүрсэнгүй. Амаса ч үхлээ. Дараа нь Иоаб, түүний дүү Абишаи нар Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөлөө. 11 Иоабын залуусын нэг нь Амасагийн дэргэд зогсоод
—Иоабыг таашааж, Давидын төлөө явах хүн байвал Иоабыг дагагтун гэв. 12 Амаса замын голд цусандаа хутгалдан хэвтэж мөн бүх хүн зогсож байхыг тэр залуу харлаа. Тэгээд Амасагийн хажуугаар өнгөрөгч бүгд зогсож байсан тул тэрээр Амасаг замаас тал газар луу аваачиж дээгүүр нь дээлээр бүтээв. 13 Амасаг замаас холдуулмагц, Бихрийн хөвгүүн Шебаг хөөхөөр бүх хүмүүс Иоабын араас дагажээ.
14 Шеба бүр Абел-Бет-Маака, Берa хүртэл Израилын бүх овог аймгуудаар явав. Тэд цугларан нэгдэж, түүний араас дагалаа. 15 Түүний орогносон Абел, Бет-Маакаг тэд бүслэн ирж хотын харалдаа далан босгов. Энэ нь бэхлэлт болгон босгосон хамгаалалтын хажууд байлаа. Иоабтай хамт байсан бүх хүмүүс хэрмийг эвдэж нураахыг оролдов. 16 Тэр үед тэр хотоос нэгэн ухаалаг эмэгтэй
—Сонсооч, сонсооч. “Нааш ир. Чамд хэлэх юм байна” гэж Иоабт хэлээч гэж хашхирав. 17 Иоабыг дөхөж очиход тэр эмэгтэй
—Чи Иоаб мөн үү? гэж асуув. Тэрээр
—Би байна гэхэд, тэр эмэгтэй
—Шивэгчин миний үгийг сонсооч гэхэд
—Би сонсож байна гэв. 18 Тэгээд тэр эмэгтэй ийнхүү ярив.
—Урьд хүмүүс “Тэд Абелд зөвлөлдөх нь лавтай” гэж хэлэн маргааныг эцэслэдэг байв. 19 Би Израилын энхийг сахидаг, үнэнч итгэлт хүмүүсийн нэг. Чи Израилын эх болох хотыг устгах гэж байна. Чи юуны учир ЭЗЭНий өвийг залгих гээ вэ? гэв. 20 Иоаб хариуд нь
—Огт тийм бус. Хоосруулж устгах гэдэг нь надаас хол байг! 21 Хэргийн учир үүнд биш юм. Харин Бихрийн хөвгүүн Шеба гэгч Ефраимын уулархаг нутгийн нэгэн хүн Давид хааны эсрэг гараа далайж байна. Зөвхөн түүнийг гарт минь тушааж өгвөл би энэ хотоос холдоно гэхэд тэр эмэгтэй Иоабт
—Харагтун, түүний толгойг хэрмийн дээрээс чам руу шидэх болно гэв. 22 Тэр эмэгтэй хамаг ард олон руу мэргэн санаа өвөрлөн одов. Тэд Бихрийн хөвгүүн Шебагийн толгойг огтолж, Иоаб руу шидлээ. Тэгээд Иоаб эвэр бүрээ үлээхэд ард олон хотоос таран явж, тус тусынхаа майхан руу буцацгаав. Иоаб ч мөн адил Йерусалим руу хаан дээр буцаж иржээ.
23 Иоаб, Израилын бүх цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа керетчүүдийн мөн пелетчүүдийн удирдагч байлаа. 24 Адорам албадлагын ажил хянагч, Ахилудын хөвгүүн Иехошафат бичээч, 25 Шева гүүш, Задок, Абиатар нар тахилч, 26 иар хүн Ира Давидын тахилч байв.
- 20:1 1Ха 12:16; 2Шс 10:16
- 20:3 2См 16:22
- a20:14 эсвэл Бикри