Давидын эцсийн үг

23 1 Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм.
Өндөрт өргөмжлөгдсөн,
Иаковын Бурханаар тослогдсон,
Израилын яруу дууллыг бичигч,
Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна.

2 ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав.
Түүний үг миний хэлэн дээр буй.
3 Израилын Бурхан зарлиг болов.
Израилын хад надад хэлэв.
“Бурханаас айн эмээж,
Зөв шударгаар хүмүүсийг захирдаг хүн нь
4 Наран мандах өглөөний гэрэл,
Үүлгүй цэлмэг өглөө,
Борооны дараах нарнаар газарт ургах
Ургамал ногоо мэт ажгуу.”

5 Миний гэр ч Бурханы хувьд мөн ийм бус уу?
Учир нь Тэр надтай
Үүрд мөнхийн гэрээг байгуулж,
Бүгдийг эмхлэн, хамгаалжээ.
Миний хамаг аврал ба хүслийг
Бурхан үнэхээр өсгөх бус уу?
6 Харин үл бүтэх хүн бүр
Гараар барьж эс болох сундуу мэт хаягдана.a
7 Тэдэнд хүрэх хүн төмөр болон жадны ишээр хүрэх хэрэгтэй.
Тэгээд тэд газартаа бүрмөсөн шатаагдах ёстой гэв.

Давидын хүчит эрс
(1Шс 11:10–41)

8 Эдгээр нь Давидын хүчит эрсийн нэрс юм. Гурван хүчит эрийн тэргүүн тахемон хүн Иошеб-Башебет. Тэрээр нэг удаа найман зуун хүний эсрэг жадаа өргөн цохисон агаад езни хүн Адино гэж мөн дуудагддаг байв.b 9 Мөнөөх гурвын дунд түүний удаах хүн нь ахо хүн Додогийн хөвгүүн Елеазар байв. Тэрээр тулалдахаар цугларсан филистчүүдийг доромжлох үед Давидтай хамт байсан юм. Израилын эрчүүдийг хойшоо ухран явахад 10 тэр босож, гараа эцэж цуцтал, гар нь илдэнд наалдан салахгүй болтлоо филистчүүдийг цохиж алсан юм. ЭЗЭН тэр өдөр их ялалтыг авчирсан ба түүний араас хүмүүс буцаж ирсэн нь зөвхөн алагдсан хүмүүсийн хүүрийг цөлмөхийн тулд байв.
11 Түүний удаах нь харар хүн Агегийн хөвгүүн Шамма байв. Зармаг их ургасан нэгэн хэсэг газар филистчүүд хороо болон цугларахад, хүмүүс филистчүүдээс зугтав. 12 Тэрээр талбайн гол дунд зогсон хамгаалж, филистчүүдийг цохижээ. Ийнхүү ЭЗЭН их ялалтыг авчирсан байна. 13 Ургац хураах үеэрс филистчүүдийн нэг хороо цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх үед гучин хүчит эрээс гурав нь Адулламын агуйд, Давид дээр ирэв. 14 Филистчүүдийн цэргийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байлаа. 15 Давид
—Хэн нэг нь Бетлехемийн хаалганы хажуу дахь худгаас надад ус авчран өгдөг ч болоосой! гэж ихэд хүсэмжлэв. 16 Тиймээс гурван хүчит эр филистчүүдийн хуаранг нэвтрэн орж, хаалганы хажуудах Бетлехемийн худгаас ус утган авч, Давидад авчрав. Гэвч Давид тэр усыг уусангүй, харин ЭЗЭНий өмнө асгаад
17 Ийм зүйл хийхээс ЭЗЭН намайг хол байлгаг. Амиараа дэнчин тавьж явсан хүмүүсийн цусыг би уух гэж үү гээд усыг уусангүй. Гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм билээ. 18 Зеруиагийн хөвгүүн Иоабын ах Абишаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэрээр жадаа эргүүлэн гурван зуун хүнийг алсан агаад тэрээр мөнөөх гурвынd адил алдартай байв. 19 Тэрээр тэдгээр гучаас хамгийн хүндтэй нь байсан тул тэдний жанжин болжээ. Гэлээ ч мөнөөх гуравтай дүйцэхгүй билээ.
20 Иехоиадагийн хүү Бенаиа нь Кабзеелын агуу үйлстэй зоригт дайчин бөгөөд Моабын Ариелын хоёр хүүг цохиж алсан хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх рүү орж арслан агнасан билээ. 21 Тэрээр бас Египетийн нэгэн сүрлэг эрийг алсан юм. Тэр египет эр гартаа жадтай байсан авч Бенаиа саваа модтой түүний эсрэг ирж, египет эрийн гараас жадыг нь булаан авч тэр жадаар өөрийг нь хороосон юм. 22 Иехоиадагийн хүү Бенаиа эдгээрийг үйлдсэн бөгөөд нөгөө гурван хүчит эрийн адил алдартай байв. 23 Тэрээр гучин эрийн дунд хүндлэлийг олсон боловч өнөөх гуравтай дүйцэхгүй билээ. Давид түүнийг өөрийн бие хамгаалагчийн дээгүүр томилжээ. 24 Тэдгээр гучийн дунд Иоабын дүү Асахел, Бетлехемийн Додогийн хүү Елханан, 25 харод хүн Шамма, харод хүн Елика, 26 палти хүн Хелез, Текоагийн хүн Иккешийн хүү Ира, 27 анатот хүн Абиезер, хуша хүн Мебуннаи, 28 ахо хүн Залмон, нетофат хүн Махараи, 29 нетофат хүн Баанагийн хүү Хелеб, Бениамин овгийн Гибеагийн Рибаин хүү Иттаи, 30 пиратон хүн Бенаиа, Гааш горхины Хиддаи, 31 арбат хүн Аби-Албон, бахурим хүн Азмавет, 32 шаалбон хүн Елиаба, Яшены хөвгүүд, 33 харар хүн Шаммагийн хүү Ионатан, харар хүн Шарарын хүү Ахиам, 34 маакат хүний хөвгүүн Ахасбаин хөвгүүн Елифелет, гило хүн Ахитофелын хөвгүүн Елиам, 35 Кармел хүн Хезро, арбит хүн Паараи, 36 Зобагийн Натаны хүү Игал, гад хүн Бани, 37 аммон хүн Зелек, Зеруиагийн хүү Иоабын зэвсэг үүрэгч беерот хүн Нахараи, 38 итри хүн Ира, итри хүн Гареб, 39 хит хүн Уриа буюу бүгд гучин долоон хүн байв.


  • a23:6 Эх бичвэрийн 6, 7-р эшлэлүүд тодорхой бус.
  • b23:8 эсвэл тэр жадаар тулалддаг. Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус. (1Шс 11:11 үз.)
  • с23:13 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
  • d23:18,19,22 ЭЗО: гучин эсвэл гурван