Давидтай хийсэн Бурханы гэрээ
(1Шс 17:1–15)
7 1 Хаан өргөөндөө тухлан амьдарч, эргэн тойрных нь бүх дайснаас ЭЗЭН түүнийг амраасан тэр үед 2 хаантан эш үзүүлэгч Натанд ийн хэлэв.
—Хараач, би хуш модон өргөөнд заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд байна гэв. 3 Натан, хаантанд
—Явж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна гэв.
4 Гэтэл тэр шөнө ЭЗЭНий үг Натанд ирж
— 5 Яв, Миний зарц Давидад хэлэгтүн. “ЭЗЭН айлдахдаа «Миний оршин суух өргөөг чи барьж өгөх үү? 6 Учир нь Би Израилын хөвгүүдийг Египетээс гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин майхан ба асарт аялж байсан. 7 Израилын хөвгүүдийн хамт хэрэн нүүж байх бүхий л хугацаандаа Би ард түмэн минь болсон Израилыг хариул хэмээн тушаан зааварласан Израилын овгуудын удирдагч нарын хэнд нь “Чи яагаад Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн юм бэ?»” гэж байна.
8 Мөн “Тиймээс одоо чи Миний зарц Давидад «Түг түмдийн ЭЗЭН “Өөрийн ард түмэн Израилын удирдагч болгохын тулд Би Өөрөө чамайг бэлчээр дээрээс, хонин сүргийн араас авсан билээ. 9 Чамайг хаашаа ч явсан Би чамтай хамт байсаар, чиний өмнөөс хамаг дайсныг чинь устгаж байсан. Одоо Би чамд газар дээрх агуу хүмүүсийн нэрийн адил агуу нэрийг өгнө. 10 Би Өөрийн ард түмэн Израилд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Ингэснээр тэд өөрсдийн орон нутагтаа амьдарч дахин эс түйвээлгэнэ. Ард түмэн Израилынхаа дээр шүүгчдийг томилж байсан урьдын цаг үеийнх шиг мууг үйлдэгч хүмүүс тэднийг дахин дарлахаа болино. 11 Би чамайг хамаг дайснаас чинь амраана. ЭЗЭН Би чамд мэдүүлье. ЭЗЭН Би чамд нэгэн гэр барьж өгнө. 12 Чиний өдрүүд гүйцэж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чиний биеэс гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг бэхжүүлнэ.* 13 Миний нэрийн төлөө тэрээр өргөө барина. Би түүний хаанчлалын сэнтийг мөнхөд тогтооно. 14 Би түүний Эцэг болж, тэр Миний хүү болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний саваа, хүмүүний зодуураар түүнийг гэсгээнэ.* 15 Би чиний өмнөөс Саулыг зайлуулж, хайр энэрлээ түүнээс татсан шигээ байхгүй, Өөрийнхөө хайр энэрлийг түүнээс салгахгүй. 16 Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно” гэж байна» хэмээн хэл” гэв.* 17 Натан эдгээр бүх үг ба үзэгдлийн дагуу Давидад айлтгалаа.
Давидын залбирал
(1Шс 17:16–27)
18 Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад
—Эзэн БУРХАН минь, би хэн болоод миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ? 19 Гэлээ ч энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан, Эзэн БУРХАН минь! Та зарцынхаа гэрийн алс ирээдүйн тухай агуу зүйлийг хүний ёсоорa айлдлаа, Эзэн БУРХАН минь. 20 Давид үүнээс өөр Танд юу хэлэх вэ? Учир нь Та Өөрийн зарцыг мэддэг билээ, Эзэн БУРХАН минь! 21 Өөрийнхөө үгийн учир, Өөрийнхөө зарцыг ухааруулахын тулд зүрх сэтгэлийнхээ дагуу Та энэ бүх агуу үйлийг хийжээ. 22 Ийм учраас Эзэн БУРХАН минь Та аугаа билээ. Учир нь Тантай адил хэн ч үгүй бөгөөд бидний чихээрээ сонссон бүхний дагуу Танаас өөр Бурхан байхгүй билээ. 23 Таны ард түмэн Израилтай хэн адил вэ? Ард түмэн болгож, чөлөөлж авахаар Бурхан нь Өөрөө явдаг, алдар нэрийнхээ төлөө ард түмнийхээ өмнөөс үндэстнүүдийг бурхадтай нь зайлуулдаг, агуу сүрдмээр зүйлсийг хийсэн ийм Бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхий дээр байна вэ?b * 24 Учир нь Та Өөрийн ард түмэн Израилыг Өөртөө зориулан мөнхөд Өөрийнхөө ард түмэн болгон тогтоосон бөгөөд ЭЗЭН Та тэдний Бурхан нь болжээ. 25 Тиймээс одоо, ЭЗЭН Бурхан минь, Өөрийнхөө зарц ба түүний гэрийн талаар хэлсэн үг тань үүрд бат тогтож, Та айлдсан ёсоороо үйлдэх болтугай. 26 Тийнхүү Таны нэр мөнхөд аугаа болж, “Түг түмдийн ЭЗЭН бол Израилын Бурхан билээ” гэж хэлэгдэх болно. Таны зарц Давидын гэр Таны өмнө бэхжих болно. 27 Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан Та зарцдаа нэгэн илчлэлт өгч “Би чамд гэрийг барьж өгнө” гэж айлдсан билээ. Тиймээс зарц тань Танд энэ залбирлыг залбирах зоригийг олов. 28 Эзэн БУРХАН минь, Та Бурхан бөгөөд Таны үгс үнэн юм. Та энэхүү сайныг Өөрийнхөө зарцад амласан билээ. 29 Тэгэхээр зарцынхаа гэрийг Өөрийнхөө өмнө мөнхөд байлгахын тулд түүнийг ерөөх нь Таны таалалд нийцэг. Учир нь Эзэн БУРХАН минь, Та айлдсан билээ. Таны ерөөлөөр зарцын тань гэр мөнхөд ерөөгдөг гэв.
- 7:12 Дуу 89:3–4, 132:11; Иох 7:42; Үйл 2:30
- 7:14 Дуу 89:26–27; 2Ко 6:18; Евр 1:5
- 7:16 Дуу 89:36–37
- a7:19 эсвэл хүнд харууллаа эсвэл хүний аргаар
- b7:23 1Шс 17:21 үз.
- 7:23 Дх 4:34