Амнон, Тамар хоёр

13 1 Дараа нь ийм явдал болов. Давидын хүү Абсаломд Тамар нэртэй маш үзэсгэлэнт охин дүү байсан бөгөөд Давидын хүү Амнон түүнд дурлажээ. 2 Амнон дүү охин Тамараас болж маш их шаналсны улмаас өвдөв. Учир нь Тамар онгон байсан бөгөөд түүнд ямар нэг юм хийнэ гэхэд Амнонд хэцүү санагдаж байв. 3 Гэвч Амнонд Давидын ах Шимеагийн хүү Ионадаб гэдэг нэгэн найз байлаа. Ионадаб их зальтай хүн байв. 4 Тэр Амнонд
—Хан хүү минь, та юунд өглөөнөөс өглөөд ийм дарамттай байна вэ? Надад хэлэхгүй юм уу? гэхэд Амнон түүнд
—Би дүү Абсаломынхаа охин дүү Тамарт дурлав гэлээ. 5 Тэгэхэд Ионадаб түүнд
—Орондоо хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүл. Эцэг чинь чамайг эргэхээр ирэхэд нь түүнд “Дүү охин Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө хоол ундыг минь бэлдүүлээч. Би үүнийг нь харж, Тамарын гараас талх идмээр байна” гэж хэл гэв. 6 Иймээс Амнон хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүлэв. Хаан түүнийг эргэхээр ирэхэд нь Амнон хаанд
—Дүү охин Тамарыг ирүүлж өгөөч. Нүднийхээ өмнө хоёр боов хийлгэж, түүний гараас идэхийг надад зөвшөөрөөч гэв.
7 Тэгэхэд Давид Тамарыг авчруулахаар гэр лүү нь хүн явуулж
—Амнон ахынхаа гэрт очиж, түүнд хоол хийж өгөгтүн гэж хэлүүлэв. 8 Иймээс Тамар, Амнон ахынхаа гэрт ирсэн бөгөөд тэрээр хэвтэж байв. Тамар зуурсан гурил авч нухсаар, нүднийх нь өмнө боов хийж жигнэв. 9 Тэр эмэгтэй тогоог авч, түүний өмнө боовыг тавьсан боловч Амнон идэхээс татгалзав. Тэгээд Амнон
—Цөмөөрөө эндээс гарцгаа гэсэнд бүгд өрөөнөөс нь гарав. 10 Амнон Тамарт
—Хоолыг дотоод өрөөнд авчир. Би чиний гараас л иднэ гэв. Тамар өөрийн хийсэн боовыг Амнон ахынхаа дотоод өрөөнд авч ороод, 11 Амнонд идүүлэхээр дөхүүлэв. Гэтэл Амнон түүнийг хүчээр тэвэрч
—Дүү минь, надтай унт гэв. 12 Харин Тамар
—Болохгүй, ах минь. Намайг бүү гутаагаач. Израилд ийм зүйл хийдэггүй шүү дээ. Эрээ цээргүй ийм юм бүү үйлдээч! 13 Ийм гутамшигтайгаар би хааш явах вэ? Та ч гэсэн Израилд мунхаг нэгэн мэт тооцогдоно шүү дээ. Иймээс гуйя, одоо хаанд айлтгагтун. Учир нь тэр намайг танаас харамлахгүй гэв. 14 Гэвч Амнон түүний үгийг сонсохыг хүссэнгүй. Амнон түүнээс илүү хүчтэй тул түүнийг хүчирхийлэн түүнтэй унтжээ.
15 Дараа нь Амнон түүнийг маш ихээр үзэн ядав. Тэр үзэн ядалт нь түүнийг хайрлаж байсан хайраас нь илүү хүчтэй байлаа. Амнон түүнд
—Босоод, зайл! гэв. 16 Харин Тамар түүнд
—Үгүй. Намайг хөөж гаргах нь таны надад үйлдсэн бузар хэргээс ч илүү бузар байна шүү дээ гэсэн боловч тэр Тамарыг сонсохыг хүссэнгүй. 17 Тэгээд Амнон зарц залуугаа дуудан
—Энэ эмийг надаас холдуул. Хөөж гаргаад үүдээ түгж гэж тушаав. 18 Амноны зарц түүнийг хөөж гаргаад, үүдээ түгжив. Тамар ханцуйтай урт хувцасa өмссөн байв. Хааны онгон гүнжүүд ийм хувцас өмсдөг байлаа.b 19 Тамар толгой дээрээ үнс цацаад, ханцуйтай урт хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин чангаар орилсоор явжээ.
20 Ах Абсалом нь түүнд
—Чамтай хамт Амнон ах чинь байсан уу? Харин одоо, дүү минь, дуугүй бай. Тэр чинь чиний ах шүү дээ. Энэ явдлыг зүрхэндээ бүү хадгал гэв. Ийнхүү Абсалом ахынхаа гэрт Тамар үлдээд, ганцаар амьдрав. 21 Давид хаан эдгээр бүх хэргийн талаар сонсоод ихэд уурлан хилэгнэлээ. 22 Харин Абсалом, ах Амнондаа сайн муу юу ч хэлсэнгүй. Охин дүү Тамарыг нь хүчирхийлсэн учир Амноныг Абсалом үзэн ядаж байв.

Абсалом дүүгийнхээ улмаас өширхөв

23 Түүнээс хойш хоёр жил өнгөрсний дараа Абсалом Ефраимын ойролцоо Баал-Хазорт хонь хяргах баяр хийн, хааны бүх хөвгүүдийг урив. 24 Абсалом, хаанд бараалхан
—Харагтун, боол тань ноос хяргах баяр хийх учир хаан та өөрийн зарц нарын хамт боол надтай яваач гэв. 25 Гэвч хаан, Абсаломд
—Үгүй, хүү минь, бид бүгдээрээ явах хэрэггүй. Учир нь бид чамд хүнд дарамт болж магадгүй гэв. Абсалом хэчнээн ятгасан ч Давид явсангүй, харин түүнийг ерөөв. 26 Тэгэхэд нь Абсалом
—Тэгвэл миний ах Амноныг бидэнтэй хамт явуулаач гэж гуйхад хаан түүнээс
—Яагаад тэр чамтай хамт явах ёстой билээ? гэж асуув. 27 Гэвч Абсалом түүнийг ятгасан бөгөөд тэр Амноныг бас хааны бүх хөвгүүдийг түүнтэй хамт явуулав.c 28 Тэгээд Абсалом зарц нартаа тушааж
—Амноны зүрх дарсанд хөгжих үед анхааралтай бай. Би та нарт “Амноныг цохигтун” гэж хэлмэгц түүнийг алагтун. Бүү ай. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй бас зоригтой бай! гэв. 29 Ингээд Абсаломын зарц нар тушаасан ёсоор нь Амноныг алав. Тэгэхэд хааны хөвгүүд бүгд босож, өөр өөрсдийн луусыг унан зугтацгаалаа. 30 Тэднийг замдаа явж байхад
—Хааны бүх хөвгүүнийг Абсалом цохиж аллаа. Тэднээс нэг нь ч амьд үлдсэнгүй гэх мэдээ Давидад ирэв. 31 Тэгэхэд хаан босож, хувцсаа уран газарт хэвтэв. Түүний бүх зарц нар дэргэд нь хувцсаа уран зогсож байлаа. 32 Харин Давидын ах Шимеагийн хүү Ионадаб хариулан
—Хааны хөвгүүд болох тэдгээр залуус бүгд алагдав гэж эзэнтэн минь бүү бод. Амнон л үхсэн. Учир нь дүү охин Тамарыг нь Амнон хүчирхийлсэн өдрөөс Абсаломын ингэх нь тодорхой байсан юм. 33 Тиймээс одоо “Хааны бүх хөвгүүн алагдав” гэсэн энэ мэдээг эзэн хаан минь зүрхэндээ бүү тээ. Учир нь ганцхан Амнон л үхсэн гэлээ.
34 Ингээд Абсалом зугтав. Харуул залуу харцаа өргөтөл, үзэгтүн, түүний арын уулын хажуугийн замаарd олон хүн ирж явав. 35 Ионадаб, хаанд
—Харагтун, хааны хөвгүүд ирсэн байна. Таны боолын хэлсний дагуу болжээ гэв. 36 Түүнийг тийнхүү айлтгамагц, харагтун, хааны хөвгүүд орж ирж, бархиран уйлалдав. Мөн хаан болон түүний хамаг зарц нар ихэд цурхиран уйллаа.
37 Абсалом зугтан Гешурын хаан Аммихудын хүү Талмаи руу очжээ. Харин Давид үхсэн хүүгийнхээ хойноос өдөр бүр гашуудан гансарч байлаа.* 38 Абсалом зугтан Гешурт очоод тэнд гурван жилийн турш байв. 39 Тэгтэл Амноны үхлийн тухайд Давид хаан тайвширч, Абсаломын хойноос явахыг эрмэлзэх болов.


  • a13:18 эсвэл чимэглэсэн өмсгөл (Эх 37:3 үз.)
  • b13:18 эсвэл тэр үед
  • c13:27 ЭЗО: Абсалом нэгэн хаанд зориулан дайллага хийв. Эх бичвэртээ энэ хэсэг байхгүй.
  • d13:34 эсвэл Хоронаимаас эсвэл түүний араас
  • 13:37 2См 3:3