Израил ба Иудаг тоолсон нь
(1Шс 21:1–27)
24 1 ЭЗЭНий хилэн дахин Израилын эсрэг дүрэлзлээ. Тэр
—Явж, Израил ба Иудагийн хүн амыг тоол гэж тэдний эсрэг Давидыг турхирав. 2 Хаан өөртэй нь хамт байсан цэргийн жанжид ба Иоабт
—Данаас Беершеба хүртэл Израилын бүх овгуудаар одоо явж, хүн амын тооллого хий. Тэгвэл би тэдний тоог мэдэх болно гэсэнд 3 Иоаб, хаанд
—Таны Бурхан ЭЗЭН энэ ард олныг зуу дахин өсгөх болтугай! Эзэн хаантан минь, үүнийг өөрийнхөө нүдээр үзэх болтугай! Гэвч эзэн хаантан минь, юуны учир үүнийг хүснэ вэ? гэв. 4 Гэвч хааны үг Иоаб болон цэргийн дарга нарыг дийлэв. Тиймээс Иоаб ба цэргийн дарга нар Израилын ард түмнийг тоолохоор хаанаас салж одов. 5 Тэгээд тэд Йордан голыг гатлан Иазерын зүг Гадын хөндийн дунд байдаг хотын баруун тал дахь Ароерт хуарагнан буув.a 6 Дараа нь тэд Гилеад болон Тахтим-Ходшигийнb нутаг руу явж бас Дан-Иаан руу явж, Сидоныг тойров. 7 Тэгээд Тирийн цайзад очин, хивичүүд, канаанчуудын бүх хотоор орж, тэндээсээ Иудагийн өмнөд хэсэг рүү явж, Беершебад ирэв. 8 Тэд бүх нутгаар явж, есөн сар хорь хоногийн дараа Йерусалимд буцаж ирлээ. 9 Тэгээд Иоаб улсын хүн амын тооллогын дүнг хаанд өгөв. Израилд илд агсагч зоригт эрчүүд найман зуун мянга, Иудагийнх таван зуун мянган эрс байв.
Давидын нүглийн шийтгэл
10 Давид ард түмнээ тоолсны дараа зүрхэндээ шаналж, ЭЗЭНд
—Би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо ЭЗЭН минь, зарцынхаа хилэнцийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэж залбирав. 11 Давидыг өглөө босоход ЭЗЭНий үг эш үзүүлэгч Гад дээр ирж, ийнхүү зарлиг болов. Гад Давидын үзмэрч байлаа.
— 12 Явж, Давидад “Би чамд гурван зүйл тавих болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго. Би үүнийг чамд үйлдэх болно хэмээн ЭЗЭН айлдав” гэж хэл гэв. 13 Тэгээд Гад Давид дээр ирж, түүнд ийнхүү хэлэв.
—Нутагт чинь долоонc жил өлсгөлөн ирүүлэх үү? Эсвэл дайснууд чинь чамайг мөрдөн мөшгөх үед чи тэднээс гурван сарын турш зугтах уу? Эсвэл нутагт чинь гурван өдрийн турш өвчин тахал дэлгэрүүлэх үү? Үүнийг одоо тунгаан бодоод, намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг шийдэгтүн гэв. 14 Давид, Гадад
—Би ихэд шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу их учраас өөрсдийгөө Түүний мутарт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв.
15 Тийнхүү ЭЗЭН тэр өглөөнөөс тогтоосон цаг хүртэл Израилд өвчин тахал тарааж, Данаас Беершеба хүртэл ард олноос далан мянган хүн үхэв. 16 Тэнгэрэлч Йерусалимыг сүйтгэхээр тийш гараа сунгах үед ЭЗЭН гай зовлон учруулах тухайд зөөлөрч, ард олныг устгаж байсан тэнгэрэлчид зарлиг болон
—Одоо хангалттай. Гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв. 17 Ард олныг устгаж байсан тэнгэрэлчийг хараад Давид, ЭЗЭНд
—Нүгэл үйлдэн буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр бууг гэв.
Үтрэм дэх тахилын ширээ
18 Тэгээд тэр өдөр Гад, Давид дээр ирж, түүнд
—Явж, иебус хүн Арунагийн үтрэм дээр, ЭЗЭНд тахилын ширээ босгогтун гэв. 19 Тэгээд Гадын үгийг дагаж, ЭЗЭНий тушаасан ёсоор Давид явлаа. 20 Ингээд Арунаг доош харахад, хаан зарц нартайгаа хамт түүний зүг ирж явах нь харагдав. Аруна гарч ирэн хааны өмнө хөсөр унаж, нүүрээ газарт хүргэн мөргөв. 21 Тэгээд Аруна
—Эзэн хаан минь, та юуны учир боол над дээр ирэв гэхэд Давид
—Ард олноос тахлыг холдуулахын тулд чиний үтрэмийг худалдан авч, ЭЗЭНд тахилын ширээ босгох гэсэн юм гэж хэлэв. 22 Аруна, Давидад
—Эзэн хаантан минь, нүдэнд тань тааламжтай гэснээ авч өргөгтүн. Хараач! Энд шатаалт тахилд зориулах үхэр, түлэх түлээнд тариа цайруулагч тэрэг мөн үхрийн буулга байна. 23 Хаантан минь, Аруна бүгдийг хаанд өргөн барья гээд Аруна, хаанд
—Таны Бурхан ЭЗЭН таны өргөлийг зөвшөөрөн авах болтугай гэв. 24 Харин хаан, Арунад
—Үгүй, би энэ бүгдийг чамаас заавал үнээр худалдаж авна. Учир нь би төлөөс төлбөргүй зүйлээр ЭЗЭН Бурханд шатаалт тахил өргөхгүй гээд Давид үтрэм болон үхрийг тавин шекел мөнгөөр худалдан авав. 25 Тэгээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. Ийнхүү ЭЗЭН энэ газрын төлөөх залбирлыг сонсож, Израил дээрх гай гамшиг зогсов.
- a24:5 Гад ба Ароер Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
- b24:6 ЭЗО: хитчүүдийн нутагт, Кадешт
- c24:13 ЭЗО: гурван жил (мөн 1Шс 21:12 үз.)