Иудагийн тослогдсон хаан Давид

2 1 Үүний дараа Давид, ЭЗЭНээс лавлан
—Би Иудагийн хотуудын аль нэг өөд өгсөж явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд
—Явагтун гэж айлдав. Тэгээд Давид
—Би хаашаа явах вэ? гэж асуухад ЭЗЭН
—Хеброн гэж айлдав. 2 Тэгээд Давид болон түүний хоёр эхнэр, иезреел эмэгтэй Ахиноам ба Набалын бэлэвсэн эхнэр, кармел эмэгтэй Абигаил нар тийш явав.* 3 Давид өөртэйгөө хамт байсан хүмүүсийг гэрийнхэнтэй нь хамт дагуулж явсан бөгөөд тэд Хеброны хотуудад суурьшив. 4 Тэгээд Иудагийн эрчүүд ирж, тэнд Давидыг Иудагийн гэрийн хаан болгон тосолжээ. Тэд Давидад
—Саулыг нутаглуулсан хүмүүс Иабеш-Гилеадын эрчүүд байсан гэж мэдэгдэв.*
5 Давид Иабеш-Гилеадын хүмүүст элч нарыг илгээж, тэдэнд ийн хэлүүлэв.
—Та нар өөрсдийн эзэн Саулд энэрэл хайраа илэрхийлж, түүнийг нутаглуулсан тул ЭЗЭНээр ерөөгдөх болтугай! 6 Одоо ЭЗЭН та нарт энэрэл хайр ба үнэнээ үзүүлэх болтугай. Та нар ийм үйл хийсэн тул би ч гэсэн та нарт энэрэл хайраа харуулах болно. 7 Тиймээс одоо гараа хүчирхэгжүүлж, эр зоригтой байгтун. Та нарын эзэн Саул нэгэнт өөд болсон. Мөн Иудагийн гэр намайг өөрийн хаан болгон тосолсон билээ гэв.

Израилын хаан Иш-Бошет

8 Харин Саулын цэргийн жанжин, Неригийн хүү Абнер нь Саулын хүү Иш-Бошетыг авч, Маханаим руу аваачив. 9 Тэр түүнийг Гилеад, ашурчууд,a Иезреел, Ефраим, Бениамин буюу хамаг Израилын хаан болголоо. 10 Саулын хүү Иш-Бошет Израилын хаан болох үедээ дөчин настай байсан бөгөөд хоёр жил хаанчлав. Харин Иудагийн гэр Давидын ард байв. 11 Хебронд Давид, Иудагийн гэрийн хаан байсан хоногийн тоо долоон жил зургаан сар болой.

Гибеоны тулаан

12 Неригийн хүү Абнер, Саулын хүү Иш-Бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв. 13 Зеруиагийн хөвгүүн Иоаб Давидын зарц нарын хамт гарч явав. Тэд Гибеоны цөөрмийн дэргэд тулгарчээ. Нэг хэсэг нь цөөрмийн наад талд, нөгөө нь цөөрмийн цаад талд буув. 14 Абнер, Иоабт
—Залуу эрсийг босгон өөрсдийнхөө өмнө халз тулалдуулъя гэсэнд Иоаб
—Тэд босог гэв. 15 Тэгээд хүмүүс гарч тоолуулахад Бениамин ба Саулын хөвгүүн Иш-Бошетын талаас арван хоёр хүн, Давидын зарц нараас арван хоёр хүн байлаа. 16 Хүн бүр өрсөлдөгчийнхөө толгойноос зууран бие биеийнхээ хажуу руу илд дүрэн хамт унацгаав. Тиймээс Гибеонд байдаг тэр газрыг Хелкат-Хаззурим гэж нэрлэв. 17 Тэр өдөр ширүүн тулалдаан болж, Абнер ба Израилын эрчүүд Давидын зарц нарт цохигдов.
18 Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байлаа. Асахелын хөл талын зээр мэт хурдан ажээ. 19 Асахел Абнерын араас хөөж, мөрдөхдөө баруун тийш ч зүүн тийш ч эргэхгүй байв. 20 Абнер эргэн хараад
—Энэ чинь Асахел чи мөн үү? гэхэд тэр
—Тийм ээ, би байна гэж хариулав. 21 Ийнхүү Абнер түүнд
—Баруун эсвэл зүүн тийш эргэн залуу эрсийн нэгийг барьж, түүнээс зэр зэвсгийг нь авагтун гэв. Гэвч Асахел Абнерыг хөөхөө больж буцахыг хүссэнгүй. 22 Абнер дахин Асахелд
—Намайг хөөхөө больж, эргэгтүн. Би чамайг яагаад алах ёстой билээ? Тэгвэл ямар нүүрээрээ би Иоаб ахыг чинь харах юм бэ? гэв. 23 Гэвч Асахел буцахаас татгалзлаа. Тиймээс Абнер жадны үзүүрээрb түүний хэвлий рүү нэвт дүрсэнд жад нуруугаар нь гарав. Асахел тэнд унаж, газар дээрээ үхлээ. Асахелын унаж, үхсэн газарт ирсэн хүмүүс бүгд хөдлөхгүй зогсов.
24 Харин Иоаб, Абишаи хоёр Абнерын араас хөөв. Тэд Гибеоны цөлийн замд байдаг Гиахын харалдаа орших Аммагийн толгойд ирцгээхэд нар жаргаж байлаа. 25 Бениамины хөвгүүд Абнерын араас цугларан нэг бүлэг болж, нэгэн давааны оройд зогсов. 26 Дараа нь Абнер, Иоабыг дуудан
—Илд үргэлж цөлмөсөөр байх уу? Эцэстээ улам гашуун болно гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ах дүү нараа мөшгөхөө больж буцахыг хүмүүстээ тушаахгүй чи хэр удах гэсэн юм бэ? гэв. 27 Иоаб
—Бурхан амьд! Чамайг хэлээгүй бол үнэхээр цэргүүд маргааш өглөө болтол ах дүү нараа мөшгөхөө зогсоохгүй байлаа гэв. 28 Ингээд Иоаб эвэр бүрээгээ үлээсэнд хүмүүс бүгд зогсон, Израилын араас мөшгөн хөөхөө зогсоож, тулалдахаа ч болив.
29 Абнер болон түүний эрчүүд тэр шөнийн турш Арабаг туулан Йорданыг гатлан, үд хүртэл алхсаар Маханаимд ирлээ. 30 Иоаб харин Абнерыг мөшгөхөө больж буцаж эргэв. Тэрээр бүх хүнээ хамтад нь цуглуулсанд Асахелаас гадна Давидын арван есөн зарц алга байлаа. 31 Харин Давидын зарц нар Бениамин болон Абнерын эрчүүдээс олныг буюу гурван зуун жаран хүнийг цохиж алсан байв. 32 Тэд Асахелыг авч, Бетлехемд, эцгийнх нь хадан булшинд тавьжээ. Тэгээд Иоаб болон түүний эрчүүд шөнөжингөө явсаар, Хебронд ирэх үед үүр цайж байлаа.


  • 2:2 1См 25:42–43
  • 2:4 1См 31:11–13
  • a2:9 эсвэл Ассир
  • b2:23 эсвэл эргэж хатган Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.