Давид бүх Израилын хаан болов
(1Шс 11:1–9, 14:1–7)

5 1 Израилын бүх овог Хебронд байсан Давид дээр ирж
—Харагтун, бид таны яс махны тасархай билээ. 2 Урьд Саулыг бидний хаан байх үед ч та Израилыг тулалдаанд удирдаж гардаг байсан. Тэгээд ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилын хоньчин болж, чи Израилын удирдагч болно” гэж айлдсан гэж хэлэв. 3 Ингээд Израилын бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж, Давид хаан Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэд Давидыг тослон Израилын хаан болгов. 4 Давид гучин насандаа хаан болж, дөчин жил хаанчилжээ.* 5 Тэр, Хебронд Иудаг долоон жил зургаан сар, Йерусалимд бүх Израил болон Иудаг гучин гурван жил захирсан юм.

Хаант улсын нийслэл Йерусалим

6 Хаан өөрийн эрчүүдийн хамт нутгийн уугуул оршин суугчид болох иебусчуудын эсрэг Йерусалим руу ирэхэд тэд Давидад
—Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа.* 7 Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм. 8 Тэр өдөр Давид
—Иебусчуудыг алах гэсэн хүн бүр усан сувгаар явж, Давидын амийг үзэн яддаг доголон, сохорт хүрч оч хэмээв. Эл учир “Сохор, доголон нь гэрт орж болохгүй” гэж хэлдэг болжээ.a 9 Ингээд Давид тэр бэхлэлтэд сууж, түүнийгээ Давидын хот гэж нэрлэх болов. Давид Миллогоос эхлэн тойруулж, дотогш нь барив. 10 Түг түмдийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ.
11 Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт илгээж тэд Давидад гэр барьж өгөв. 12 ЭЗЭН өөрийг нь Израилын хаанаар өргөмжлөн Түүний ард түмэн Израилын тусын тулд хаанчлалыг нь өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ.
13 Хеброноос ирсний дараа Давид Йерусалимаас дахин олон эхнэр ба татвар эм авав. Давидад өөр олон хөвгүүд, охид төржээ. 14 Йерусалимд төрсөн түүний хүүхдүүдийн нэрс нь Шаммуа, Шобаб, Натан, Соломон, 15 Ибхар, Елишуа, Нефег, Иафиа, 16 Елишама, Елиада, Елифелет нар юм.

Филистчүүдийн дайралт няцаагдав
(1Шс 14:8–17)

17 Давид хамаг Израилын хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод, бүгдээрээ Давидыг хайж ирэв. Харин Давид энэ тухай сонсоод бэхлэлт рүү хөдөлжээ. 18 Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийгөөр тархан байрлав. 19 Тэгэхэд Давид, ЭЗЭНээс
—Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад
—Явагтун! Учир нь филистчүүдийг Би чиний гарт заавал тушаана гэж айлдав. 20 Ингээд Давид Баал-Перазимдb ирж, тэнд тэднийг хиаруулав. Тэр
—ЭЗЭН миний өмнө дайснуудыг минь үерийн ус мэт зад татлаа гэв. Тиймээс тэр газар Баал-Перазим гэж нэрлэгджээ. 21 Филистчүүд тэнд шүтээнүүдээ орхин зугтаасанд Давид болон түүний хүмүүс тэдгээрийг нь авч явлаа.
22 Филистчүүд дахин ирээд, Рефаимын хөндийд тархан байрлав. 23 Давид ЭЗЭНээс лавлахад Тэрээр түүнд
—Чи шууд явж очиж болохгүй. Тэдний араар тойрч ялам модны төглийн өмнө тэднийг дайр. 24 Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи яарагтун. Учир нь филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө ЭЗЭН гарсан байна гэлээ. 25 Давид өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэж, Гебагаас Гезерийг хүртэл филистчүүдийг бут цохив.


  • 5:4–5 1Ха 2:11; 1Шс 3:4, 29:27
  • 5:6 Иош 15:63; Шүү 1:21
  • a5:8 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
  • b5:20 Баал-Перазим: евр. “Эзэн зад татав” гэсэн утгатай.