17 1 Цаашилбал Ахитофел, Абсаломд
—Арван хоёр мянган хүнийг шилж авч босоод, энэ шөнө Давидыг нэхэн хөөхийг зөвшөөрнө үү. 2 Түүнийг эцэж сульдсан байх үед нь дайрч түйвээвэл түүнтэй хамт байгаа бүх хүн зугтах болно. Тэгэхээр нь зөвхөн хааныг алъя. 3 Би хамаг ард олныг тан дээр буцааж авчирна. Хүн бүрийн буцаж ирэх нь таны хайж буй ганцхан хүнээс шалтгаалж байна. Тэгсний дараа хүн бүхэн амар тайван байх болно гэж хэлэв. 4 Энэ үг Абсалом болон Израилын бүх ахлагчдад таалагдав.
Хушаин зөвлөгөө
5 Гэвч Абсалом
—Архе хүн Хушаиг мөн дууд. Тэр юу гэж хэлэхийг нь сонсъё гэв. 6 Хушаиг Абсалом дээр очиход Абсалом түүнд ийнхүү хэлэв.
—Ахитофел ингэж хэллээ. Бид түүний үгээр болох уу, үгүй юү? Хэрэв үгүй бол, чи үгээ хэлнэ үү? гэв. 7 Хушаи, Абсаломд
—Энэ удаа Ахитофел сайн зөвлөгөө өгсөнгүй гэв. 8 Тэгээд цааш нь Хушаи
—Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь бас түүний цэргүүд догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд гаргууд мэргэшсэн хүн. Тэрээр ард олонтой хамт шөнийг өнгөрүүлэхгүй. 9 Хараарай, тэр одоо нэг агуйд, эсвэл ондоо газарт нуугдаж байгаа. Хэрэв тэрээр таны цэргүүдийг довтолбол, үүнийг сонссон хүн бүр “Абсаломыг дагасан хүмүүс олноороо хядуулжээ” гэж хэлнэ. 10 Тэгвэл арслан адил зоригтой хүний ч зүрх мохно. Чиний эцэг хүчит хүн бөгөөд эрэлхэг зоригтой хүмүүс түүнтэй хамт байдаг гэдгийг Израил даяар мэднэ. 11 Харин Данаас Беершеба хүртэлх далайн хөвөөний элс мэт үй олон израилчуудыг бүгдийг нь цуглуулж, та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна. 12 Түүнийг олж болох газар луу бид явж очоод газар буух шүүдэр мэт дээрээс нь нөмрөн авбал, тэр болон хамт буй хамаг цэргээс нь нэг ч хүн үлдэхгүй. 13 Хэрэв тэрээр аль нэгэн хотод орогновол бүх Израил тэр хот руу олс авчран тэнд ганц ч чулуу үлдэхгүй болтол нь тэр хотыг хөндий рүү чирнэ гэв. 14 Абсалом болон Израилын хамаг ард олон
—Архе хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.
Хушаи Давидыг аварсан нь
15 Тахилч Задок, Абиатар нарт хандан Хушаи
—Абсалом болон Израилын ахмадуудад Ахитофел тэгж зөвлөхөд нь харин би ийнхүү зөвлөгөө өгөв. 16 Тиймээс одоо хүн яаралтай явуулж Давидад “Энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг өнгөрч яв. Эс тэгвээс хаан болоод хамт буй хамаг ард олон алагдах вий” гэж хэл гэв. 17 Ионатан Ахимааз нар Ен-Рогелд байлаа. Тэд хотод нэвтэрч хэнд ч харагдаж болохгүй байсан учир нэгэн шивэгчин эмэгтэй очиж тэдэнд хэлсэнд тэд Давид хаанд хэл хүргэхээр болов. 18 Гэтэл нэг хөвгүүн тэднийг хараад Абсаломд хэлжээ. Иймд тэр хоёр яаравчлан явсаар, Бахуримд нэгэн хүний гэрт очив. Тэр хүн хашаандаа худагтай бөгөөд тэд худаг дотор оров. 19 Тэдний эхнэр бүтээлэг авч ирээд, худгийн амыг бүтээж, дээр нь буудай тараан цацаж, юу ч мэдэгдэхгүй болголоо. 20 Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж
—Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд тэр эмэгтэй
—Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Йерусалим руу буцав.
21 Тэднийг явсны хойно тэр хоёр худгаас гарч ирэн Давид хаанд хэл хүргэхээр явлаа. Тэд Давидад
—Голыг түргэн гатлагтун. Учир нь Ахитофел та нарын эсрэг тэгж зөвлөсөн байна гэв. 22 Тэгээд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс бүгд хөдлөн, Йордан голыг гатлав. Үүр цайх үеэр бүх хүн Йордан голыг гаталж дуусжээ.
23 Өөрийнх нь зөвлөгөө бүтээгүйг харсан Ахитофел илжгээ эмээллэн төрөлх хот руугаа явж гэртээ буцаж очоод, гэрийнхэндээ захиас орхин өөрийгөө дүүжилж үхэв. Түүнийг эцгийнх нь булшинд тавьжээ.
24 Тэгээд Давид Маханаимд ирлээ. Абсалом болон түүнтэй хамт байсан Израилын хүмүүс бүгд Йордан голыг гатлав. 25 Абсалом, Иоабын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байлаа. Амаса нь Итра гэгч израилa хүний хөвгүүн билээ. Иоабын эх Зеруиагийн дүү, Нахашийнb охин Абигаил нь Итрагийн эхнэр юм. 26 Ингээд израилчууд Абсалом, Гилеадын нутагт хуарагнан буув.
27 Давидыг Маханаимд ирэхэд Раббагийн Аммоны хөвгүүдээс Нахашийн хөвгүүн Шоби, Ло-Дебарын Аммиелын хөвгүүн Махир, Рогелимын гилеад хүн Барзиллаи нар 28 ор дэвсгэр, аяга, ваар, буудай, арвай, гурил, шар будаа, шош, зармаг, хуурсан тариа,c 29 зөгийн бал, цөцгий, хонь, бяслаг зэргийг Давид болон түүнтэй хамт явагчдын хүнсэнд авч ирэв. Учир нь тэд ард олныг цөлд өлсөж ядран цангаж байгаа хэмээн боджээ.
- a17:25 ЭЗО: ишмаил (1Шс 2:17 үз.)
- b17:25 ЭЗО: Иэсси
- c17:28–29 эсвэл вандуй болон хатаасан үр