Давидын талархлын дуу
(Дуу 18)

22 1 ЭЗЭН хамаг дайснуудаас нь мөн Саулын гараас аварсан тэр өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав. 2 Тэр ийнхүү дуулав.
ЭЗЭН бол миний хад,
Миний цайз,
Миний аврагч,
3 Миний Бурхан,
Миний хоргодох хад,
Миний бамбай,
Миний авралын эвэр,
Миний бэхлэлт,
Миний хоргодох газар,
Миний аврагч,
Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.
4 Магтуулах зохистой ЭЗЭНийг би дуудаад,
Дайснуудаасаа би аврагдсан.

5 Үхлийн давлагаа намайг хүрээлж
Мөхлийн урсгал намайг дайрч,
6 Үхэгсдийн орны уяа намайг хэрж
Үхлийн урхинууд миний өмнө тулгарлаа.

7 Зовлон шаналан дотроо ЭЗЭНийг би дуудаж,
Бурхандаа би хашхирсан.
Тэрээр сүмээсээ дуу хоолойг минь сонсож,
Түүний сонорт хашхираан минь очсон билээ.

8 Түүнийг хилэгнэхэд газар хөдлөв.
Тэнгэрийн суурь ч доргив.
9 Хамраас нь утаа суунаглаж,
Амнаас нь цөлмөгч гал гарч,
Цогшсон нүүрс асан дүрэлзэж байв.
10 Тэнгэрсийг бөхийлгөж,
Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр
Тэр бууж ирэв.
11 Херүб хөлөглөн нисэв.
Салхин жигүүр дээгүүр үзэгдэв.
12 Ус хураасан өтгөн үүлсийг
Өөрийгөө тойруулсан харанхуйн бүрхүүл болгов.a
13 Түүний өмнөх гялбаанаас галтай нүүрс асан шатав.
14 ЭЗЭН, тэнгэрээс аянга цахилуулан
Хамгийн Дээд Нэгэн нь дуугаа хүнгэнүүлэв.
15 Тэрээр сум тавьж, тэднийг бутрааж,
Аянга гялбуулж, тэднийг бут ниргэсэн.
16 ЭЗЭНий зэмлэлд хийгээд
Хамрынх нь амьсгалын хүчит цохилтоор
Далайн ёроол үзэгдэж,
Ертөнцийн сууриуд ил гарав.

17 Тэрээр дээрээс мутраа сунган,
Намайг авч, их уснаас татан гаргав.
18 Тэр намайг хүчит дайснаас минь
Намайг үзэн ядагчдаас аврав.
Учир нь тэд миний хувьд үлэмж хүчтэй байв.
19 Тэд миний зовлонт өдөр надтай тулгарсан.
Гэвч ЭЗЭН миний түшиг байлаа.
20 Тэр намайг таалсан учир
Намайг уудам газарт авчран аварсан билээ.

21 Зөв шударга явдлын минь дагуу
Намайг ЭЗЭН шагнаж
Гар минь цэвэр ариун байсны төлөө намайг урамшуулсан.
22 Учир нь би ЭЗЭНий замыг баримталсан,
Бурууг үйлдэж Бурханаасаа салаагүй.
23 Бүх тогтоол нь миний өмнө байсан
Би зарлигуудаас нь эргээгүй билээ.
24 Би Түүний өмнө гэм зэмгүй байж
Нүглээс өөрийгөө хол байлгасан.
25 Түүний мэлмийн өмнө би зөв шударга, цэвэр ариун байсан тул
ЭЗЭН надад хариулсан юм.

26 Итгэмжит хүнд Та итгэмжээ үзүүлдэг
Гэм зэмгүйд Та гэм зэмгүй ханддаг.b
27 Цэвэр ариунд нь Та цэврээ үзүүлдэг
Цэх шударга биш хүнд Та тэрс хатуугаа харуулдаг.
28 Эгэл даруу хүмүүсийг нь Та авардаг
Ихэмсэг харцтай хүмүүсийг Та номхотгодог.
29 ЭЗЭН минь, Та миний дэнлүү билээ.
Миний харанхуйг ЭЗЭН гэрэлтүүлдэг билээ.
30 Танаар би их цэргийг дайрч,
Бурхандаа түшиглээд би хэрмийг давж чаддаг.
31 Бурханы зам төгс төгөлдөр,
ЭЗЭНий амлалт шалгагдсан.
Түүнд хоргоддог бүхэнд
Тэрээр бамбай болдог.

32 ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?
Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?
33 Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан
Замыг минь төгс болгодог.c
34 Хөлийг минь Тэрээр гөрөөснийх мэт болгон,
Өөрийг минь Тэрээр өндөрлөг газарт аюулгүй суулгадаг.*
35 Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг
Тиймээс гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг.
36 Та авралынхаа бамбайг надад өгсөн билээ.
Таны тусламж намайг агуу болгосон билээ.
37 Та алхааг минь өргөсгөдөг,
Тиймээс хөл минь халтирсангүй.
38 Би дайснаа хөөж устган
Сөнөх хүртэл нь эргэж буцсангүй.
39 Тэднийг би цөлмөв.
Тэднийг би сөнөөв.
Тиймээс тэд миний хөл доор унасан билээ.
40 Тулалдахад минь Та намайг хүч чадлаар бүсэлж,
Намайг эсэргүүцэн босогчдыг миний доор хөсөр унагав.
41 Та дайснуудын минь нурууг надад харуулав
Намайг үзэн ядагчдыг би устгав.
42 Тэд харуулдавч, аврах хэн ч байсангүй.
Тэд ЭЗЭНд хашхирсан боловч,
Тэр хариу өгсөнгүй.
43 Би тэднийг газрын тоос шороо мэт бутаргаж
Би тэднийг гудамжны шавхай мэт нухчин дэвсэлсэн.

44 Та намайг ард олны минь маргаанаас аварч,
Намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв.
Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.
45 Гаднынхан над дээр хулмалзсаар ирж,
Намайг сонсмогцоо тэд үг дуугүй дагадаг.
46 Гаднынхан зүрх алдсаар
Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.d

47 ЭЗЭН амьд!
Миний хад дээдлэгдэх болтугай!
Авралын минь хад Бурхан өргөмжлөгдөх болтугай!
48 Миний төлөө өшөө авдаг Бурхан,
Хүмүүсийг миний дор оруулдаг.
49 Намайг дайснуудаас минь гарган авчирдаг.
Эсэргүүцэгчдийн минь дээгүүр
Намайг Та өргөдөг юм.
Хүч хэрэглэгчдээс Та намайг аварсан билээ.

50 Тиймээс ЭЗЭН Танд би
Үндэстнүүдийн дунд талархал өргөнө,
Таны нэрийг би магтан дуулна.*
51 Тэр хаандаа авралын цамхаг бөгөөд
Өөрийнхөө тосолсон нэгэн болох
Давид болон түүний үр удамд
Хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг
гэж дуулав.


  • a22:12 Эх бичвэрийн энэ үг тодорхой бус. (Дуу 18:11 үз.)
  • b22:26 Дуу 18:25 үз.
  • c22:33 эсвэл Тэр намайг аюулгүй замаар хөтөлнө. Энэ эшлэл тодорхой бус. (Дуу 18:32 үз.)
  • 22:34: Хаб 3:19
  • d22:46 Дуу 18:45 үз. Эсвэл тулалдахаар ирнэ.
  • 22:50: Ром 15:9