Бурханы авдрыг Йерусалимд авчрав
(1Шс 13:1–14, 15:25—16:6,43)

6 1 Давид Израилын гучин мянган шилдэг эрийг бүгдийг нь дахин цуглууллаа. 2 Давид босож, херүбүүдийн дээр залрагч түг түмдийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх ард олонтой цуг Баале-Иуда рууa явав.* 3 Тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавилаа. Толгод дээрх Абинадабын гэрээс авдрыг ийнхүү авчирчээ. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явав.* 4 Толгод дээрх, Абинадабын гэрээс тэд Бурханы авдрыг шинэ тэргээр зөөж ирсэн бөгөөд Ахио авдрын урд алхаж явжээ.
5 Давид болон Израилын бүх гэр дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ, товшуур хөгжимтэй, хамаг чадлаараа Эзэний өмнө бүжицгээв.b 6 Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь бүдэрсэн тул Узза гар сунган Бурханы авдарт хүрч, үүнийг түшив. 7 Тэрээр авдарт гар хүрсэн тулc ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан тэр газарт түүнийг цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв. 8 ЭЗЭН, Уззаг ийнхүү дайрсан тул Давид огшжээ. Тиймээс тэр газрыг Перез-Уззаd гэж өнөөг хүртэл нэрлэсэн юм. 9 Тэр өдөр Давид, ЭЗЭНээс эмээж
—Би яаж ЭЗЭНий авдрыг өөртөө авчирч болох билээ дээ? гэв. 10 Давид ЭЗЭНий авдрыг Давидын хот руу өөртөө авчрахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-Едомын гэрт аваачив. 11 Ийнхүү ЭЗЭНий авдар гит хүн Обед-Едомын гэрт гурван сар байжээ. ЭЗЭН, Обед-Едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв.*
12 Давид хаанд
—Бурханы авдрын төлөө ЭЗЭН, Обед-Едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Тиймээс Давид явж, Бурханы авдрыг Обед-Едомын гэрээс Давидын хотод баяр хөөртэйгөөр авч ирэв. 13 ЭЗЭНий авдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам яваад байхад Давид үхэр ба тарган тугалаар тахил өргөв. 14 Давид, ЭЗЭНий өмнө хамаг чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод бүсэлсэн байлаа. 15 Ийнхүү Давид болон Израилын хамаг гэр уухайлан эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авч иржээ.
16 ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг үзээд зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав. 17 Ингээд тэд ЭЗЭНий авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв. 18 Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түг түмдийн ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв. 19 Цаашлаад тэр хамаг ард олон, эрэгтэй ба эмэгтэй гэлтгүй Израилын бүх олон түмэнд хишиг хүртээн хүн бүрд нэг талх, хэсэг махe, үзэмтэй боов өгөв. Дараа нь хамаг ард олон гэр гэртээ харилаа.*
20 Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд Саулын охин Михал Давидын өөдөөс гарч ирээд
—Израилын хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүс л ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр та зарц нарынхаа шивэгчингүүдийн нүдэн дээр нүцгэллээ гэв. 21 Ингэхэд нь Давид, Михалд
—Чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож, ЭЗЭНий ард түмэн болох Израилын ноён болгож томилсон ЭЗЭНий өмнө би бүжиглэсэн. ЭЗЭНий өмнө би баясах л болно. 22 Би үүнээс илүү доромжлогдож, өөрийнf нүдэнд дорд харагдсан ч, харин чиний ярьсан тэр шивэгчингүүдэд хүндлэгдэх болно гэв. 23 Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.


  • a6:2 эсвэл Баалах тийш эсвэл Баалейгаас эсвэл ахлагчдаас (1Шс 13:6 үз.)
  • 6:2 Гэт 25:22
  • 6:3 1См 7:1–2
  • b6:5 ЭЗО: бүх л чадлаараа (1Шс 13:8 үз.)
  • c6:7 ЭЗО: түүний хүндэтгэлгүй байдлаас болж Энэ эшлэл тодорхой бус.
  • d6:8 Перез-Узза: евр. “Уззад хилэгнэл” гэсэн утгатай.
  • 6:11 1Шс 26:4–5
  • e6:19 Эх бичвэр дэх утга тодорхойгүй.
  • 6:19–20 1Шс 16:43
  • f6:22 ЭЗО: чиний