Давид дайтав
(1Шс 18:1–17)
8 1 Дараа нь Давид филистчүүдийг цохиж номхотгов. Давид филистчүүдийн гараас гол хотын хяналтыгa булаан авлаа.
2 Тэр Моабыг ялаад, тэднийг газарт хэвтүүлж туузаар хэмжив. Хоёр туузаар хэмжигдсэн нь үхэж, нэг бүтэн туузаар хэмжигдсэн хүнээ амьд үлдээв. Ингээд моабчууд Давидын зарц болж алба гувчуур төлөх болов.
3 Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг [Евфрат] мөрний хөндийд ноёрхлоо сэргээхээр ирэхэд нь цохив. 4 Давид түүний мянга долоон зуун морин цэрэг, хорин мянган явган цэргийг олзлон авчээ. Давид зуун тэрэгний морьдыг үлдээгээд, үлдсэн бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастжээ. 5 Дамаскийн арамчууд Зобагийн хаан Хададезерт туслахаар ирсэнд Давид хорин хоёр мянган арам хүнийг цохив. 6 Тэгээд Дамаскийн арамчуудын дунд Давид цэргийн ангиудаа байрлуулж, арамчууд алба гувчуур төлдөг Давидын зарц нар болцгоов. Ийнхүү Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав. 7 Хададезерын зарц нарт байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Йерусалимд авчирлаа. 8 Хададезерын хотууд болох Бета болон Беротаигаас Давид хаан их хэмжээний хүрэл олзлон авчрав.
9 Хададезерын хамаг дайчдыг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тои сонсоод 10 Давид хааны амар мэндийг эрж, Хададезерын эсрэг тулалдаж ялсанд нь баяр хүргэхээр өөрийн хүү Иорамыг илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эдлэлүүдийг авчрав. 11 Давид хаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх үндэстнээс авсан мөнгө алттай нийлүүлэн ЭЗЭНд зориулжээ. 12 Тэдгээр нь Арам, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд, Амалекаас мөн Зобагийн хаан Рехобын хүү Хададезераас олзлон авсан юмс байв.
13 Давид нэрээ дуурсгав. Тэрээр буцахдаа арван найман мянган арамчуудыг Давст Хөндийд хяджээ.* 14 Тэрээр Едомд цэргийн ангиудыг байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар едомчууд бүгд Давидын зарц боллоо. Тийнхүү ЭЗЭН явсан газар бүрд нь Давидад туслав.
Давидын түшмэд
15 Ийнхүү Давид бүх Израилын хаан болж, ард түмнээ зөв шударгаар засаглав. 16 Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч, 17 Ахитубын хүү Задок болон Абиатарын хүү Ахимелех нар тахилч, Сераиа хэрэг хөтлөгч, 18 Иехоиадагийн хүү Бенаиа ньb керетчүүд болон пелетчүүдийн захирагч, Давидын хөвгүүд зөвлөх сайдууд болов.
- a8:1 эсвэл Нутгийг атгасныг нь эцэс болгов эсвэл ноёрхлын жолоог булаав Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
- 8:13 Дуу 60 (гарчиг)
- b8:18 ЭЗО: Давидын хамгаалагч цэргүүдийг хариуцагч Эх бичвэртээ энэ хэсэг байхгүй.