Хаан ширээг Абсалом булаав

15 1 Дараа нь Абсалом өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов. 2 Абсалом өглөө эртлэн босож, хаалгаар өнгөрөх замын дэргэд зогсдог болов. Хаанаар шүүлгэхийн тулд ирж буй заргатай хүн байвал Абсалом тэднийг дуудан
—Чи аль хотын хүн бэ? гэхэд уг хүн
—Таны боол би Израилын ийм ийм овгийн хүн байна гэхчлэн хариулдаг байв. 3 Тэгэхэд Абсалом түүнд
—Хараач, чиний хэрэг сайн хийгээд зүйтэй юм. Харин хааны зүгээс чамайг сонсох хүн нэг ч байхгүй гэж хэлдэг байв. 4 Түүнчлэн Абсалом
—Аяа, хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдог сон бол шүүх зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би шударга хандах байсан гэдэг байв. 5 Хэн нэгэн түүнд ойртон ирж хүндэтгэн мөргөхөд тэр гараа сунган өнөөх хүнийг тэвэрч үнсдэг байжээ. 6 Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх израил хүнтэй Абсалом ингэж харьцдаг байв. Абсалом Израилын ард олны зүрхийг ийнхүү эзэмджээ. 7 Дөрвөнa жил өнгөрөхөд Абсалом, хаанд
—ЭЗЭНд өргөсөн тангаргаа биелүүлэхээр Хеброн руу явахыг минь зөвшөөрөөч. 8 Таны боол би Арамын Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Йерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНдb үйлчлэх болно” гэж тангарагласан юм гэв. 9 Хаан түүнд
—Амар тайван явтугай гэж айлдсанд тэрээр босож Хеброн руу явав. 10 Гэхдээ Абсалом Израилын бүхий л овог аймгаар тагнуул илгээж
—Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом Хебронд хаанчилдаг” хэмээгтүн гэж хэлүүлэв. 11 Тэгэхэд хоёр зуун хүн Абсаломын хамт Йерусалимаас явжээ. Тэр хүмүүс уригдаж явсан бөгөөд юу болж байгааг ч мэдээгүй, гэмгүй хүмүүс байв. 12 Абсалом тахил өргөж байх зуураа хүн явуулж Давидын зөвлөх Гилогийн Ахитофелыг өөрийнх нь хот Гилогоос дуудаж авчрав. Абсаломтай нэгдэх хүмүүс нэмэгдсээр байсан тул хуйвалдаан ч хүчтэй байв.

Давид Йерусалимаас зугтав

13 Давид дээр нэгэн элч ирж
—Израилын хүмүүсийн зүрх Абсаломыг дагаж байна гэж хэлэв. 14 Тэгэхэд Давид Йерусалимд өөртэй нь хамт байсан бүх түшмэлдээ
—Босоцгоо, зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас оргон зайлж чадахгүй. Бушуулцгаа. Тэр биднийг үтэр түргэн гүйцэж, гай учруулан илдний ирээр энэ хотыг устгах вий гэлээ. 15 Хааны зарц нар хаанд
—Үзэгтүн, хаан эзнийхээ тааллаар хэлсэн бүхнийг тань бид биелүүлэхэд бэлэн байна гэцгээв. 16 Ингээд хаан гарч явахад гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарлаа. Харин хаан гэрээ сахиулахаар арван татвар эмийг үлдээв. 17 Хаан ба түүнтэй хамт байсан бүх ард олон гарч, захын гэрийн дэргэд зогсов.
18 Хамаг түшмэл нь хааны хажуугаар өнгөрөн,c бүх керетчүүд болон бүх пелетчүүд, хаантай хамт Гатаас ирсэн зургаан зуун гит хүн бүгд хааны өмнүүр явж өнгөрөв. 19 Тэгэхэд хаан гит хүн Иттаид
—Чи юунд бас бидэнтэй хамт явна вэ? Буцаж хаантай хамт үлд. Чи харь хүн бас нутгаасаа дайжсан хүн шүү дээ. 20 Чи дөнгөж өчигдөр л ирсэн байтал өнөөдөр бидний хамт хэрэн хэсүүчлэх хэрэг үү? Би хандсан зүгтээ л арилж өгнө. Тиймээс чи өөрийн ах дүү нараа аваад буц даа. Энэрэл хайр ба үнэн нь чамд байгd гэв. 21 Харин Иттаи хаанд
—ЭЗЭН амьд! Бас хаан эзэн минь амьд! Амьд ч бай, үхсэн ч бай эзэн хаан минь хаа байгаа газар, боол би тантай хамт байна гэж хариулав. 22 Тиймээс Давид, Иттаид
—Явж, өнгөрөгтүн гэв. Ингээд гит хүн Иттаи, хамаг хүмүүс болон өөртэй нь хамт байсан бүхий л багачуудын хамтаар явж өнгөрөв. 23 Орон даяар орь дуу болон гашуудаж байх үед мөнөөх олон явж өнгөрөв. Хаан Кидрон гууг гатлахад мөнөөх олон ч цөлийн зам тийш гатлан гарав.
24 Харагтун, Задок бүх леви хүмүүсийн хамт Бурханы гэрээний авдрыг авчраад, буулган тавьж,e хамаг ард олныг хотоос гарч дуустал нь Бурханы авдрыг Абиатарынf хажууд байлгав. 25 Хаан, Задокт
—Бурханы авдрыг хот руу буцааж аваач. Хэрэв би ЭЗЭНий мэлмийд тааллыг олбол ЭЗЭН намайг дахин буцааж авчран, авдар болон Өөрийн оршихуйг үзүүлэх болно. 26 Харин Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” гэж хэлбэл, харагтун, мэлмийдээ тааламжтай гэснээ Тэр надад үйлдэх болтугай гэв. 27 Түүнчлэн хаан, тахилч Задокт
—Чи үзмэрч биш үү?g Чи өөрийнхөө хүү Ахимааз болон Абиатарын хүү Ионатан хоёрыг дагуулан хот руу амар тайван буцагтун. 28 Харагтун, та нараас мэдүүлэх үг ирэн иртэл, би цөлийн замд хүлээнэ гэв. 29 Задок, Абиатар нар Бурханы авдрыг Йерусалим руу буцааж аваачин тэнд нь үлдээв.
30 Харин Давид, Чидун өгсүүр өөд мацахдаа уйлан толгойгоо бүтээж, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ард олон толгойгоо бүтээж, уйлан явав. 31 Давидад
—Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж мэдэгдэхэд Давид
—ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаглал болгооч гэж гуйж байна гэжээ.

Давидын туршуул Хушаи

32 Бурханд мөргөл үйлдэх оргил дээр Давидыг ирэх үед, харагтун, гадуур хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан архе хүн Хушаи Давидтай уулзав. 33 Давид түүнд
—Хэрэв чи надтай хамт явбал чи надад тээр болно. 34 Харин чи хот руу буцаж, Абсаломд “Хаантан минь, урьд нь эцгийн тань зарц байсны адил одоо би таны зарц болъё” гэж хэлбэл Ахитофелын зөвлөгөөг миний төлөө бүтэлгүй болгож чадна. 35 Чи тэнд тахилч Задок, Абиатар нартай хамт байх бус уу? Тиймээс чи хааны өргөөнд сонссон болгоноо тахилч Задок, Абиатар нарт дамжуулагтун. 36 Харагтун, тэдний хоёр хөвгүүн нь буюу Задокийн хөвгүүн Ахимааз, Абиатарын хөвгүүн Ионатан нар тэнд тэдэнтэй хамт байна. Сонссон болгоноо надад тэднээр дамжуулсугай гэв. 37 Тэгээд Давидын анд нөхөр Хушаи хот руу буцав. Тэр үед Абсалом ч Йерусалимд ирлээ.


  • a15:7 эсвэл Дөчин
  • b15:8 ЭЗО: Хебронд Эх бичвэртээ ийм үг байхгүй.
  • c15:18 эсвэл зогсон
  • d15:20 ЭЗО: ЭЗЭН чамд өршөөл энэрэл хайрлаг
  • e15:24 эсвэл гаргаж тавив.
  • f15:24 эсвэл Абиатар бас тэнд байв.
  • g15:27 ЭЗО: хараач