Иов амьдралаа үзэн ядав

10 1 Амьдралаа би үзэн ядаж байна.
Гомдлоо би бүрэн гаргана.
Сэтгэлийнхээ уй гашуу дотор би ярих болно.
2 Би Бурханд “Намайг бүү буруушаагаач.
Та яагаад надтай тэмцээд байгаагаа надад мэдүүлээч” гэж хэлэх болно.
3 Гарынхаа хүч хөдөлмөрийг
нухчин хэрэгсэхгүй болгож,
Гэм буруутнуудын хуйвалдааныг таашаан үзэх нь
Таны хувьд үнэхээр зөв хэрэг юм уу?
4 Танд хүнийх шиг махбодын нүд байдаг гэж үү?
Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?
5 Таны өдрүүд мөнх бус нэгний өдрүүдийн адил учраас,
Таны жилүүд хүний он жилүүдийн адил учраас
6 Та миний хилэнцийг хайж,
Нүглийг минь ухаж төнхөө юү?
7 Намайг буруугүй гэдгийг Та мэддэг ч гэсэн
Таны мутраас мултрах аврал алга.
8 Таны мутар надад хэлбэр дүрс оруулж,
Намайг бүхэлд нь бүтээсэн атлаа
Одоо эргээд Та намайг залгих гэж үү?
9 Намайг шавар мэтa бүтээснээ одоо Та санаач.
Намайг буцаагаад Та шороо болгох гэж үү?
10 Та намайг сүү адил юүлж,
Бяслаг адил барьцалдуулж,
11 Арьс махбодоор хучиж,
Яс шөрмөсөөр холбоогүй гэж үү?
12 Та надад амьдрал болон хайр энэрлийг бэлэглэсэн билээ.
Таны халамж сүнсийг минь хамгаалсан билээ.
13 Гэсэн ч эдгээр зүйлийг Та зүрхэндээ нуужээ.
Тэр нь Таны дотор байгааг би мэднэ.
14 Хэрэв би нүгэл үйлдвэл,
Та намайг ажиглан хараад,
Хилэнцээс минь болж намайг хүлээн авахгүй.
15 Хэрэв би бурууг үйлдсэн бол, золгүй еэ!
Гэтэл би шударга зөв байлаа ч
Толгойгоо ч өргөж чадахгүй байна
Учир нь би ичгүүрээр дүүрсэн,
Зовлон зүдүүрийгb минь хараач.
16 Арслан мэт толгойгоо өндийлгөвөл
Хариуд нь Та намайг агнаж,
Хүч чадлаа миний эсрэг дахин харуулах байсан.
17 Та гэрч нараа миний эсрэг сэргээж,
Над руу чиглэсэн уураа ихэсгэдэг.
Зовлон зүдүүрийн цаана зовлон зүдүүр л надтай хамт байна.

18 Юунд Та намайг хэвлийгээс гаргасан юм бэ?
Би үхэж, хэний ч нүд намайг хараагүй байх нь яав даа!
19 Би огт байгаагүй мэт
хэвлийгээс булш руу хүргэгдсэн байсан ч болоосой.
20 Би хэр удаан амьдрах вэ?
Намайг орхиоч, би түр ч болов тайтгарал олохсон,
21 Харанхуйн ба үхлийн харанхуйн орон руу
Хэзээ ч эргэж ирэхгүй явахаас минь өмнө орхиоч!
22 Тэр нь харанхуй мэт үхлийн харанхуй,
Эмх цэгцгүй гүн сүүдрийн орон бөгөөд
Гэрэл нь ч тэнд харанхуй мэт билээ.


  • a10:9 ЭЗО: шавраас
  • b10:15 эсвэл ичгүүрийг минь хараач