Зофарын үг: Нүгэл шийтгэл хүлээдэг
20 1 Дараа нь наамат хүн Зофар хариу хэлэв.
2 Доторх түгшүүрээсээ болоод
Бодлууд минь намайг хариулахыг шаардаж байна.
3 Намайг доромжилсон зэмлэлийг би сонслоо,
Харин ухаарал ойлголтын минь сүнс надад хариулдаг.
4 Дэлхий дээр хүн тавигдсан аль эртнээс
Үүнийг чи мэдээгүй юү?
5 Гэм буруутнуудын баяр хөөр зуурдынх
Бурхангүй хүмүүсийн баясгалан хормынх.
6 Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрт тулж,
Толгой нь үүлсэд хүрдэг ч,
7 Тэрээр баастайгаа адил үүрд мөхдөг юм.
Түүнийг харсан хүмүүс “Тэр хаана байна вэ?” хэмээн өгүүлнэ.
8 Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөд
Шөнийн үзэгдэл мэтээр замхарч алга болно.
9 Түүнийг харсан нүд түүнийг дахин хардаггүй бөгөөд
Орон байр нь ч түүнийг дахин үздэггүй.
10 Хөвгүүд нь ядуусаас тааллыг хайж,
Өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгнө.
11 Яс нь залуу насных нь тэнхээгээр дүүрэн байвч
Тэдгээр нь түүний хамт шороонд хэвтдэг буюу.
12 Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай байж,
Хэлэн дороо тэрээр түүнийг нууцлан
13 Түүнийг хүсэж, эс явуулах агаад
Амандаа түүнийг хадгалавч
14 Тэр хоол нь ходоодон дотор нь хувирч,
Хорт могойн цөс болно,
15 Тэрээр баялгийг залгивч бөөлжин гаргах болно.
Бурхан гэдэснээс нь үүнийг гаргана.
16 Тэрээр хорт могойн хорыг сорж,
Хорт могойн хэл түүнийг ална.
17 Зөгийн бал болон цөцгийгөөрa цалгих урсгал, голыг тэр харахгүй.
18 Тэрээр олж авснаа буцаадаг бөгөөд залгихгүй.
Олж авсан баялагтаа тэрээр баярлаж ч чадахгүй.
19 Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ.
Тэр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.
20 Тэрээр дотоод тайван байдлыг мэдэхгүй учраас
Хүссэн юугаа ч эс хадгалж үлдэнэ.
21 Түүнд залгих юу ч үлддэггүй,
Тиймээс түүний тансаглал тогтворгүй.
22 Элбэг хангалуундаа ч тэрээр давчдах болно.
Зовлонт хүн бүрийн гар түүний дээр бууна.
23 Түүнийг гэдсээ дүүргэх үед
Бурхан дүрэлзсэн хилэнгээ түүнд илгээх бөгөөд
Идшин дээр нь энэ нь цутгана.
24 Төмөр илднээс дайжиж чадсан түүнийг
Хүрэл зэвт сум цоо хатгана.
25 Түүнийг сугалж нуруунаас нь гаргахад
Цөснөөс нь гялбаан мэт юм гараад
Айдас хүйдэс түүн дээр бууна.
26 Бүрэн харанхуй түүний эрдэнэсийг нөмөрсөн бөгөөд
Унтаршгүй гал түүнийг залгина.
Тэр гал түүний майханд үлдэгсдийг залгина.
27 Тэнгэр түүний хилэнцийг илчилж,
Газар дэлхий түүний эсрэг босох болно.
28 Гэрийнх нь үр жимс зайлуулагдаж
Бурханы хилэнгийн өдөр урсаж одох болно.
29 Энэ нь гэм буруутанд Бурханаас өгөх хувь
Бурханаар түүнд тогтоогдсон өв залгамжлал мөн.
- a20:17 эсвэл чидун жимсний тос Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.