Иов чигч байдлаа хадгалав
27 1 Тэгээд Иов яриагаа үргэлжлүүлэв.
2 Эдлэх эрхийг минь хорьсоор байгаа Бурхан болоод
Сэтгэлийг минь гашуудуулсан Төгс Хүчит Нэгэн амьд!
3 Дотор минь амь, хамарт минь Бурханы амьсгаа байгаа цагт
4 Уруул минь шударга бусыг бүү яриг.
Хэл минь ч хуурмагийг бүү дамжуулаг.
5 Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг!
Үхэн үхтэлээ би хоёргүй үнэнчээ
Өөрөөсөө үл холдуулна.
6 Өөрийн зөв шударгыг би баримталж, эс буцна.
Өдрүүдийн минь нэгээхнийг ч зүрх минь үл зэмлэнэ.
7 Миний дайснууд буруутан мэт,
Миний эсрэг босогч зөвт бус мэт байг.
8 Бурхан амийг нэхэн таслахаар шийдсэн бол
Бурхангүй хүний найдлага нэгэнт өнгөрдөг бус уу?
9 Түүнд зовлон шаналан тохиолдоход
Түүний хашхирах дууг Бурхан сонсох уу?
10 Тэрээр Төгс Хүчит Нэгэний тааллыг олох уу?
Тэрээр бүх үеийн турш Бурханыг дуудах уу?
11 Бурханы хүчээр би чамд зааварлана.
Төгс Хүчит Нэгэний тухай би юу ч нуугаагүй.
12 Үзэгтүн, та бүгд харлаа.
Тэгвэл яагаад та нар мунхаг үйл хийнэ вэ?
13 Буруутнуудад оногддог Бурханы хувь ийм юм.
Төгс Хүчит Нэгэнээс харгис хүмүүст өгдөг өв энэ юм.
14 Түүний хөвгүүд олон ч гэсэн тэд илдэнд заяагдана.
Түүний үр удам талхаар цадахгүй явна.
15 Түүнээс үлдэгсдийг тахлаас болж хөдөөлүүлж,
Бэлэвсэн эмс нь уйлах ч чадалгүй болно.
16 Хэдийгээр тэрээр мөнгийг шороо мэт хурааж,
Хувцас хунарыг шавар мэт овоолдог ч,
17 Тэр бэлтгэж, харин зөвт нэгэн түүнийг өмсөнө,
Гэмгүй хүн мөнгийг нь хуваана.
18 Хивэн эрвээхэй гэрээ,a
Манаач шовгороо босгох адил тэр гэрээ барьсан.
19 Тэрээрb баян хэвтдэг боловч тиймээрээ хэзээ ч байхгүй.
Тэрээр нүдээ нээхэд тэр нь байхгүй болсон байдаг.
20 Аймшиг түүнийг үер адил нөмөрнө.
Хуйлрах салхи шөнөөр түүнийг хулгайлан одно.
21 Дорнын салхи хуйлран ирж түүнийг авч явна.
Эргэлдэх салхи түүнийг байрнаас нь ховхлон авна.
22 Салхи өршөөлгүйгээр түүн рүү дайрахад
Тэр хүн зугтах гэж хичээнэ.
23 Салхи түүн рүү алгаа ташиж,
Орон байрнаас нь үлээж хаяна.
- a27:18 ЭЗО: аалз тороо эсвэл шувуу үүрээ
- b27:19 ЭЗО: сүүлчийн удаа