Дэлхийн бусармагийн тухайд
24 1 Яагаад Хүчит Нэгэн цагуудыг эс хадгалж,
Яагаад Түүнийг таньж мэддэг хүмүүст
Түүний өдрүүд үл харагдана вэ?
2 Зарим нь газрын шав тэмдгүүдийг хөдөлгөж,
Мал сүргийг булаан авч, бэлчээртээ аваачдаг.
3 Өнчин нэгний илжигнүүдийг туун одож,
Бэлэвсэн эмийн үхрийг барьцаанд тэд авдаг.
4 Дорой нэгнийг замаас зайлуулдаг.
Иймээс ядуус бүгд нэг дор нуугдах болсон.
5 Үзэгтүн, зэрлэг илжиг цөлд идэш эрэхийн адил
Үр хүүхдүүддээ талх хайхаар ядуус ажилд гардаг.
6 Өөрсдийн бус талбайгаас түүж,
Буруутын усан үзмийн цэцэрлэгүүдээс үлдэгдэл цуглуулдаг.
7 Өмсөх хувцасгүйгээр шөнийг нүцгэн өнгөрүүлж,
Нөмрөх юмгүйгээр хүйтэнд өнждөг.
8 Тэд уулын бороонд норж,
Хоргодох газаргүй хад чулуу тэвэрдэг.
9 Зарим нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж,
Ядуусаас барьцаа авдаг шүү дээ.
10 Өнөө ядуус нь хувцасгүй, нүцгэн явж,
Өлсгөлөн чигээрээ юүжилсэн тариа үүрдэг.
11 Ханан дунд тэд тос үйлдвэрлэдэг.
Дарс шахуургуудыг гишгэдэг боловч ундаасдаг.
12 Хотоос хүмүүс ёолж, шархдагсад хашхирч байна.
Гэсэн ч Бурхан үүнийг ойшоохгүй байна.
13 Гэрлийн эсрэг тэрслэгчид,
Гэрлийн замыг үл тоомсорлогчид
Энэ замаар амьдрахыг эс хүсэгчид байдаг.
14 Алуурчин үүр цүүрээр босож,
Ядуусыг хийгээд үгээгүйчүүдийг алдаг
Шөнө нь хулгайч шиг байдаг.
15 Завхайрагчийн нүд үдшийн бүрийг хүлээн
“Намайг нэг ч нүд харахгүй” гэж нүүрээ тагладаг.
16 Харанхуйд тэд байшингуудыг ухаж,
Өдөр тэд өөрсдийгөө түгждэг тул
Гэрлийг үл мэднэ.
17 Үхлийн харанхуй тэдний хувьд өглөөтэй адил
Тэдний нөхөд нь үхлийн харанхуйн аймшиг билээ.
18 Тэд усны мандал дээр хөвөх хөөс мэт юм.
Тэдний хувь нь болох газар нь хүртэл хараагдсан юм.
Усан үзмийн талбайнууд руу тэд дахин зүглэхгүй.
19 Ган ба халуун нь цас усыг хайлуулан ширгээх мэт
Нүгэл үйлдэгсдийг Үхэгсдийн орон залгина.
20 Тээсэн хэвлийнүүд нь тэднийг мартаж,
Өт хорхой тэднийг амтархана.
Дахин тэрээр дурсагдахгүй болж,
Хорон муу байдал мод мэт таслагдана.
21 Тэд хүүсэр эмэгтэйг буруушааж,
Бэлэвсэн эмд сайныг үйлддэггүй.
22 Тэгэхдээ Бурхан хүчтэний амийг хүчээрээ чирдэг.
Тиймээс тэд босдог ч тэдэнд амийн баталгаа үгүй.
23 Хэдийгээр тэд аюулгүй байж, дэмжлэг авсан байдаг ч,
Түүний мэлмий тэдний зам мөрийг харж байдаг.
24 Тиймээс тэд түрхэн зуур өргөмжлөгдөөд, алга болдог.
Тэгээд доош бууж, бусад шиг л хамагддаг
Тариан түрүү шиг л тас хяргуулдаг.
25 Хэрэв ийм байдаггүй гэж байгаа бол
Хэн нэг нь намайг худалч гээд нотлоод аль!
Хэлсэн минь хоосон гэдгийг харуулаад аль!