41 1 Левиатаныгa чи загасны дэгээгээр барьж чадах уу?
Олсоор хэлийг нь хүлж боож чадах уу?*
2 Хамрыг нь чи оосроор дөрлөж чадах уу?
Эсвэл эрүүг нь дэгээ төмрөөр цоолж чадах уу?
3 Тэр чамаас олонтоо гуйж гувших уу?
Дөлгөөн зөөлөн үгсийг чамд хэлэх үү?
4 Чамтай тэр гэрээ байгуулах уу?
Чи түүнийг үүрд боолоо болгох уу?
5 Шувуухайгаар наадах адил чи түүгээр тоглон наадах уу?
Шивэгчингүүдэд үзүүлэхээр чи түүнийг хүлэх үү?
6 Хамтран худалдаачид түүнийг борлуулах уу?
Арилжаачид наймаачдад түүнийг огтлон хуваах уу?
7 Арьсыг нь жалангаар цоолж чадах уу?
Толгойг нь загасчны сэрээгээр сүлбэж чадах уу?
8 Түүн дээр гараа тавигтун.
Тулалдааныг сана.
Чи дахин ингэхгүй!
9 Харагтун, горьдлого чинь хуурамч юм.
Харцнаас нь ч хүртэл чи доош хаягдах уу?
10 Хэрцгий түүнийг өдөөх хэн ч үгүй.
Харин Миний өмнөөс зогсож чадах хэн байгаа юм бэ?
11 Буцааж төлүүлэхээр Надаас хэн нэхэх юм бэ?
Бүхий л тэнгэрийн доорх бүх юм Минийх.b
12 Түүний эрхтнүүд, тэнхээ чадал,
Төгс сайхан галбирынх нь тухай
Би дуугүй байхгүй.

13 Гадуур өмсгөлийг нь хэн хуулж чадах вэ?
Давхар хуягийг нь хэн нэвтэлж чадах вэ?
14 Нүүр амыг нь нээж хэн чадах вэ?
Тойрон буй шүд нь аймшигтай ажээ.
15 Нуруу ньc бат бөх хуяг бөгөөд
Нэг ч завсаргүй холбогдсон лац мэт.
16 Нэг нь нөгөөтэйгөө үнэхээр ойрхон тул
Нөгөөгийнх нь хооронд агаар ч орох боломжгүй.
17 Өөр хоорондоо бат холбоостой.
Өвч зууралдсан огт салшгүй.
18 Найтаах үед нь гэрэл цацардаг,
Нүд нь үүрийн туяа адил.
19 Амнаас нь шатаж буй бамбарууд гардаг,
Галын очис үсчдэг.
20 Хамрынх нь нүхнээс утаа гарч байгаа нь
Халуун, буцлам тогооноос гарах мэт
21 Амьсгал нь нүүрсийг асаадаг бөгөөд
Амнаас нь галын дөл гардаг.
22 Айдас ч өмнө нь цовчхдог
Хүзүү нь хүч чадлаар тогтдог.
23 Махбодынх нь хэсгүүд нягт холбогдсон агаад
Маш бат бөх, хөдөлшгүй тогтдог.
24 Түүний зүрх чулуу мэт хатуу,
Тээрмийн суурь чулуу мэт хатуу.
25 Түүнийг босоход хүчтэнүүдd сүрдэж
Айснаасаа болж тэд зугтана.
26 Ямар ч илд, жад, өдтэй сум болон хуяг ч
Түүнд ч нэмэргүй ажээ.
27 Тэрээр төмрийг сүрэл мэт үзэж,
Хүрлийг ялзарсан мод мэт тооцдог.
28 Нум сум харвахад ч тэр зугтдаггүй.
Нэгэнт дүүгүүрдсэн чулуунууд
Түүний хувьд сүрэл болдог.
29 Шийдмүүдийг ч сүрэл мэт тооцдог.
Сүнгэнэх жаданд ч тэр инээдэг.
30 Доод тал нь ваарын хурц хэлтэрхийнүүд мэт агаад
Шавран дээр хайрсны мөр үлдээн мөлхдөг.
31 Тэрээр гүн усыг тогоо мэт буцалгаж,
Тэнгис далайг тостой тогоо мэт бургилуулдаг.
32 Араасаа тэр гялбах мөр үлдээдэг бөгөөд
Оёоргүй гүн ч бууралтсан мэт болдог.
33 Айдас түгшүүргүйгээр бүтээгдсэн түүнтэй
Адил нэгэн газар дэлхий дээр хаана ч алга.
34 Бүхнийг өндөр дээрээс хардаг
Бардамналын бүх хөвгүүдийн хаан юм гэж айлдав.


  • a41:1 Левиатан: 3:8 Тайлбар үз.\
  • 41:1: Дуу 74:14, 104:26; Иса 27:1
  • b41:11 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус
  • c41:15 эсвэл бардамнал нь
  • d41:25 эсвэл бурхад