Иовын нөхдийг Елиху зэмлэв
(32:1—37:24)
32 1 Ингээд Иов өөрийнхөө нүдэнд зөвт байсан тул өнөөх гурван хүн түүнд хариу өчихөө больжээ. 2 Тэнд Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елиху гэгч байв. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм. 3 Түүнчлэн Иовын гурван нөхөр түүнийг буруутгасан хэдий ч хариулах зүйл олж чадаагүй тул Елихугийн уур мөн тэдний эсрэг шатав. 4 Тэд өөрөөс нь насаар ахмад байсан тул Елиху, Иовтой ярилцахаа хүлээзнэж байв. 5 Тэгээд өнөөх гурван хүний аманд хариу байхгүйг Елиху хараад түүний уур шатжээ. 6 Тиймээс буз хүн Барахелын хүү Елиху хэлэв.
Би насаар залуу, та нар ахмад билээ.
Тиймээс ч би зүрхшээж, бодлоо хэлэхээс эмээж байлаа.
7 Тэгээд би “Олон өдөр элээсэн нь ярьж,
Он жилүүд нь мэргэн ухаанаа үзүүлэг” гэж бодож байлаа.
8 Тэгтэл хүний доторх Сүнс болон
Төгс Хүчит Нэгэний амьсгал л хүнийг ухааруулдаг аж.
9 Агуу хүмүүс мэргэн байх ёсгүй бөгөөд
Ахмадууд ч зөвийг ухаарах албагүй юм байна.
10 Иймд намайг сонс.
Би ч гэсэн бодол санаагаа хэлье.
11 Харагтун, би үгийг тань хүлээж,
Цэцэн мэргэн тайлбаруудыг тань сонслоо.
Хэлэх үгээ эргэцүүлэн эрж байхад чинь
12 Та нарыг би маш хянуур ажиглалаа.
Үзэгтүн, Иовыг няцаасан хэн ч байгаагүй бөгөөд
Үгэнд нь хариулсан хэн ч байсангүй.
13 Тиймээс “Мэргэн ухааныг бид оллоо.
Хүн биш, Бурхан л түүнийг цохиг” гэж бүү хэл.
14 Тэр над руу чиглэж юм хэлээгүй
Тэгээд ч би ч та нарынх шиг үгээр түүнд хариулахгүй.
15 Айн шантарчээ, тэд хариулах ч үгүй байна.
Амны үгс нь ч барагджээ.
16 Ярихгүй, таг зогсоод дахин хариулахгүй учраас
Яагаад би хүлээх ёстой билээ?
17 Тэгэхлээр би ч мөн өөрийн хувиар хариулж,
Төрсөн санаа бодлоо хэлэх болно.
18 Хэлэх үгсээр би дүүрэн байна,
Хэвэл доторх сүнс минь шахамдуулж байна,
19 Харагтун, хэвлий гэдэс минь бөглөөгүй дарс мэт,
Хариугүй, дэлбэрэх гэж буй шинэ тулам адил байна.
20 Тайтгарахын тулд би ярих ёстой
Уруулаа нээж, би хариу хэлье.
21 Хэнд ч би тал тохой татахгүй, бялдуучлахгүй.
22 Хэрхэн бялдуучлахыг хэзээнээс мэдэхгүй.
Хэрэв тийм биш бол
Бүтээгч минь намайг даруй зайлуулна.