30 1 Надаас бага залуу нь гэтэл одоо
Намайг элэглэх болжээ.
Хоньч нохдынхоо дайтай ч
Тэдний эцгүүдийг би хардаггүй байсан.
2 Надад тэдний гарын хүчнээс олох юу байлаа даа
Насны танаг нь нэгэнт тасарсан улс байсан юм.
3 Үгүйрэл өлсгөлөнгөөс болж доройтсон
Эзгүйрч хоосорсон хуурай газрыг тэд хэмлэж,
4 Элдэв бутны хажуугаас гашуун ногоо түүж
Тац модны үндсийг тэд хоол хүнсээ болгодог байсан.
5 Хүний дундаас тэд хөөгдсөн,
Хулгайч мэт араасаа хашхируулсан
6 Хөндийн хажуу хавцлуудад сууж,
Газрын ангал ба асганд тэд амьдардаг байсан.
7 Бутнуудын дор тэд хашхиран сууж
Хогийн өвсөн дунд хамтдаа цугладаг байсан.
8 Тэнэгүүдийн хүүхдүүд
Нэр хүндгүй хүмүүсийн хүүхдүүд,
Тэд газар нутгаасаа хөөгдөгсөд байсан.

9 Өдгөө тэд намайг элэглэл дуу болгожээ
Өөрөө би тэдний явган үг болжээ.
10 Намайг тэд жигшиж, надаас дөлцгөөж байна.
Нүүр лүү минь нулимахаас ч цэрвэдэггүй болжээ.
11 Миний оосрыг Тэр тайлж, намайг дорд болгосон тул
Мөнөөх хэд ч миний өмнө ах захаа алдав.
12 Баруун талаас минь тэдний үрс босож ирээд
Миний хөлийг түлхэж байна,
Хөнөөлийн замыг миний өөдөөс босгож байна.
13 Зам жимийг минь алдагдуулж,
Хорлогдлоос минь ашиг олоход
Хэн ч тэднийг эс хориглож байна.
14 Өргөн цөмөрхийгөөр тэд орж ирэх мэт
Балгасан дунд тэд давлагаа адил дайрна.
15 Аймшиг хөнөөл над руу эргэжээ.
Алдар хүндийг минь салхи мэт хөөжээ.
Амжилт ололт минь үүл мэт нүүн оджээ.

16 Сэтгэл минь миний дотор асгарчээ.
Зовлон зүдүүр надаас зууран авчээ.
17 Шөнө миний ясыг хэмлэнэ.
Өвчин намайг амраахгүй мэрнэ.
18 Хувцас хунарыг минь базан авч,
Хүрэмний минь зах мэт намайг боож байна.
19 Тэрээр намайг шаварт хаясан бөгөөд
Тийнхүү би шороо үнс мэт болов.
20 Тусламж эрэн Тан руу хашхирах боловч,
Та надад хариулахгүй юм.
Намайг босоход
Та харж анхаарахгүй юм.
21 Харгис ханддаг болжээ, Та надад
Хүчит мутраараа намайг хавчих юм.
22 Салхиар намайг Та өргөн хийсгэж,
Шуурганд намайг уруудуулсан.
23 Үхэлтэй намайг золгуулж,
Амьд бүхний очих гэр лүү
Аваачна гэдгийг чинь би мэдэж байна.

24 Гэлээ ч нурангин доорх нэгэн гараа сунган
Гамшиг зовлон дундаасаа хашхирдаг шүү дээ.a
25 Хүнд цаг тохиосон нэгний төлөө би уйлаагүй гэж үү?
Гачигдагсдын араас сэтгэл минь өвдөөгүй гэж үү?
26 Би сайныг горилж байхад муу нь ирлээ.
Би гэрлийг хүлээж байхад харанхуй ирлээ.
27 Гэдэс дотор минь халуу шатаад намжихгүй байна.
Зовлон зүдүүрийн өдрүүд надтай уулзжээ.
28 Би наргүй бүүдгэр газраар явж,
Би чуулган дунд зогсоод хашхирлаа.
29 Би цөөвөр чонын ах дүү мэт,
Би тэмээн хяруулын анд нөхөр мэт боллоо.
30 Арьс минь харлаж, хуулрав
Яс минь халуунд төөнөгдөв.
31 Ингээд ятга минь уй гашуу болов.
Лимбэ минь уйлагсдын дуу хоолой болов.


  • a30:24 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.