Мэргэн ухаан олдох газарa

28 1 Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар байдаг.
2 Төмрийг шорооноос авдаг бөгөөд зэсийг хүдрээс гаргадаг.
3 Хүн харанхуйг эцэслүүлж,
Харанхуй ба хав харанхуй дундаас,
Хамгийн зах хязгаараас хүдрийг хайдаг.
4 Хүмүүсийн оршин суух газраас хол
Уурхайн нүхийг хүмүүс ухдаг бөгөөд
Хүний хөлд мартагдсан газарт
Хүнээс зайдуу, тэд дүүжлэгдэн савладаг.
5 Газраас хоол хүнс гарч ирдэг юм
Галаар мэт доогуур нь оволздог юм.
6 Түүний чулуунууд индранилын эх булаг,
Шороо нь алт агуулдаг юм.

7 Тэр жимийг махчин шувууд мэддэггүй,
Тасын нүд ч тэрийг хараагүй юм.
8 Бардам араатнууд түүгээр яваагүй,
Арслангууд ч тэрүүгээр өнгөрөөгүй юм.
9 Харин хүн гараа цахиур чулуун дээр тавьдаг.
Уулсыг тэрээр сууриар нь эргүүлдэг.
10 Хүн л чулуун дундуур суваг цавчин гаргадаг,
Нүд нь ямар ч үнэт зүйлийг хардаг.
11 Хүн л урсгалуудыг далангаар хааж,
Нууцлагдсан юмсыг гэрэлд гаргадаг.

12 Тэгвэл мэргэн ухаан хаанаас олддог вэ?
Ухаарал орших газар хаана байна вэ?
13 Үнэндээ хүн түүний үнэ цэнийг мэддэггүй юм
Үнэхээр тэр нь амьдын газраас олддоггүй юм.
14 Оёоргүй гүн нь “Тэр чинь миний дотор байхгүй” гэдэг
Далай ч “Тэр чинь надад байхгүй” гэж хэлдэг.
15 Түүнийг цэвэр алтаар ч сольж чадахгүй
Үнэнд нь мөнгийг ч хэмжин өгч ч болохгүй.
16 Тэр нь Офирын алтаар,
Үнэт судалт гартаамаар, индранилаар ч үнэлэгдэхгүй.
17 Алт ба шил түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд
Түүнийг үнэт алтан эдлэлүүдээр ч сольшгүй.
18 Шүр болон болрыг бол дурдах ч хэрэггүй.
Үнэхээр мэргэн ухааны үнэ сувдаас өндөр
19 Этиопын молор эрдэнэ ч түүнтэй эн зэрэгцэхгүй
Энэ нь шижир алтаар ч үнэлэгдэх боломжгүй юм.

20 Тэгвэл мэргэн ухаан хаанаас ирдэг юм бэ?
Ухаарал орших газар хаана байна вэ?
21 Тэр нь амьтай бүхний нүднээс нууцлагдсан бөгөөд
Тэнгэрийн шувуудаас далдлагдсан ажгуу.
22 Сүйрлийн газар ба Үхэл нь
“Чихээрээ бид түүний тухай сонссон” гэцгээдэг.

23 Бурхан л гагцхүү мэргэн ухааны замыг ойлгодог юм.
Тэр л түүний оршдог газрыг нь мэддэг юм.
24 Учир нь зөвхөн Тэр л газар дэлхийн хязгаарыг ширтэж,
Тэнгэрийн доорх бүгдийг хардаг билээ.
25 Салхины жин, усны хэмжээ,
26 Борооны эмх журам, аянга цахилгааны замыг тогтоохдоо
27 Тэрээр мэргэн ухааныг харж, тунхаглажээ.
Тэр үүнийг тогтоож, бас шалгаж үзжээ.
28 Тиймээс Тэрээр хүнд хандан
“Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан бөгөөд
Нүгэл муугаас хол явах нь ухаарал юм” хэмээн айлдсан.*


  • a28:0 Эх бичвэртээ энэ хэсгийн үгийг хэн хэлж байгааг заагаагүй байдаг.
  • 28:28 Дуу 111:10; Сур 1:7, 9:10