Елифазын үг: Иов нүгэл үйлджээ
(4:1—14:22)
4 1 Дараа нь теман хүн Елифаз хариу хэлэв.
2 Хэрэв хүн чамд үг хэлэхээр зоригловол
Тэвчээр чинь алдагдах уу?
Хэн гэвч амаа хамхиж чадах билээ?
3 Харагтун, олон хүнийг сургамжлан
Сульдсан гарыг тэнхрүүлсэн нь чи билээ.
4 Ганхагсдыг зогсоход нь
Сөхрөгсдийг хүчирхэг болоход нь
Чиний үг тусалсан билээ.
5 Чамд одоо эдгээр нь ирэхэд
Чи тэвчээргүй байна.
Чамд эдгээр нь хүрэхэд
Чи сандарч айж байна.
6 Бурханаас эмээхүй чинь чиний итгэл бус уу?
Гэм зэмгүй байдал чинь чиний найдвар биз дээ?
7 Санатугай, гэмгүй атлаа мөхсөн хэн байна?
Зөв шударга атлаа сөнөсөн нь хаана байна?
8 Харснаар минь бол
Ёсон бусыг газар мэт хагалж, тариалагсад л
Зовлон зүдүүрийг ургац мэт хурааж авдаг.
9 Тэд Бурханы амьсгалаар мөхөж,
Тэд Түүний уур хилэнгийн цохилтод идэгддэг юм.
10 Арслангийн архираан, эрслэнгийнх нь дуу,
Идэрчүүдийнх нь шүд бүгд хугарчээ.
11 Идэшгүй болсон арслан үхэж,
Эрслэнгийнх нь зулзагууд таран бутарчээ.
12 Над руу нэгэн үг гэтэж ирэв.
Чих минь үүний шивнээг сонордов.
13 Хүмүүнийг гүн нойронд автах үед
Шөнийн үзэгдлүүдээс түгшүүрт бодлууд ирэв*
14 Айдас чичрэл над дээр ирж,
Бүх ясыг минь доргиов.
15 Тэгээд нүүрэн дээгүүр минь сүнс өнгөрсөнд,
Биеийн минь үс арзайн босов.
16 Эс хөдлөвч төрхийг нь би
Ялгаж эс танив.
Нэгэн дүрс нүдний минь өмнө байв.
Чимээ ч алга атал
Нэгэн дуун надад сонсогдлоо.
17 “Бурханы өмнө хүмүүн зөвтa байж чадах уу?
Бүтээгчийнхээ өмнө хүн гэгч цэвэрb байж чадах уу?
18 Зарц нартаа Тэрээр итгэдэггүй,
Тэнгэрэлч нарынхаа ч эсрэг
Тэрээр алдаа юуг нь тулгадаг атал
19 Шавар сууцанд амьдардаг,
Суурь үндэс нь шороо тоосонд байдаг,
Хивэн эрвээхэй адил бяцлагддаг хүмүүст
Тэр яаж найдах юм!
20 Өглөөнөөс үдшийн зуурт л бяцлагддаг билээ, тэд
Хүндэтгэл ч үгүйгээр мөнхөд мөхдөг билээ, тэд.
21 Майхнуудынх нь оосор тэдний дотор тасран унаж,
Мэргэн ухаанаас ангид тэд үхдэг юм!” гэлээ.
- 4:13 Иов 33:15
- a4:17 эсвэл илүү зөвт
- b4:17 эсвэл Түүнээс илүү цэвэр